| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03318/И |
| Дугаар | 102/ШШ2020/03042 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/03042
| 2020 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/03042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Энгельсийн гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт З-ийн С /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Туул булаг, 0 дугаар гудамж 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн Ж /РД: 00000000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.С би 2003 онд Д.Ж-тай танилцан, хамт амьдарч эхэлсэн. Удалгүй бидний дундаас 2007 оны 3 дугаар сарын 8-нд охин Ж.Ш төрсөн. Би Д.Ж-тай амьдрахдаа хүүхэдтэй байсан, Д.Ж нь миний хүүхдийг талх, боорцог илүү идлээ гэж гадуурхдаг байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарсан ба энэ үеэс хойш би ганцаараа охин Ж.Ш-ийг хоол унд, хувцас, хичээлийн хэрэглэлийг хариуцаж ирсэн. Д.Ж охиндоо анхаарал хандуулдаггүй, ганц нэг ирэхдээ хулгана мэрсэн чихэр авчирж өгчихөөд явдаг. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Ж.Ш-т эцэг Д.Ж-аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ж-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.С-тай 2003 онд танилцан хамт амьдарч эхэлсэн. Удалгүй бидний дундаас 2007 оны 3 дугаар сарын 8-нд охин Ж.Ш төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бид зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлнө. Гэхдээ одоогоо би боломжгүй байна, учир нь ажил хийсэн төлбөрөө авч чадаагүй байгаа. Би Солонгос ажиллаж байхдаа эхнэр, хүүхэддээ мөнгө явуулдаг байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч З.С, хариуцагч Д.Ж нар нь 2003 онд танилцаж, хамтран амьдарч эхлэсэн бөгөөд тэдний хамт амьдрах хугацаанд 2007 оны 3 дугаар сарын 8-нд охин Ж.Ш төрсөн. Тэд 2009 оноос хойш зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, 0047308, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг ба эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилжээ. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 8-нд төрсөн охин Ж.Ш-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжилгааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Ж-аас тэтгэлгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Зохигчид хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 8-нд охин Ж.Ш-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Ж-аас гаргуулан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР