Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02744

 

2020 09 23

102/ШШ2020/02744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Ч.Б.

Хариуцагч: Д.Э

Гэрээний үүргийн биелэлтэд 8.578.998.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О ХХК нь Ч.Б, Д.Э нартай 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 5.950.000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ч.Бтэй фидуцийн гэрээ байгуулж 0000 УНҮ улсын дугаартай Nissan AD суудлын автомашиныг 8.500.000 төгрөгөөр үнэлэн машины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлдүүлсэн. Зээлдэгч машиныг ашиглах эрхтэй байхаар тохиролцон машиныг эзэмшилдээ авч явсан. Гэсэн хэдий ч зээлдэгч хугацаандаа зээлийн үндсэн төлбөр, хүүгээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих болсон. Нэгэнт зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрөө төлөхгүй байсан учир Фидуцийн гэрээний 4.1-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгө болох 0000 УНҮ дугаартай автомашиныг зээлдэгчээс гаргуулан авсан. Машиныг Ит хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэн зах зээлийн ханшийг нь тодорхойлуулахад 3.400.000 төгрөг гэж тогтоосон. Машины эдэлгээ элэгдлээс шалтгаалж үнэлгээ нь анхны үнэлгээнээс буурсан тул худалдан борлуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. О ХХК нь нэхэмжлэл гаргасан хаягтаа өнөөдрийг хүртэл байна. Зээлдэгч хүүгээ төлөх үүргээ зөрчсөн тул хариуцсан зээлийн эдийн засагч О.Ш эргэн төлөлтийн талаар лавлаж, сануулахад хариуцагч Ч.Б өөрөө хавдартай байнгын эмчилгээ хийлгэж байгаа тул түр хугацаанд зээлийг төлж чадахгүй байгаа талаар тайлбарлаж байсан. Энэ байдлаа зээл хаагдсан гэж буруу ойлгосон юм шиг байна. Машинаа буцаан авах сонирхолтой байгаа тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа машиныг нь буцааж өгнө. Компаний оршин байгаа хаяг, утас огт өөрчлөгдөөгүй. Энэ хүн зээл авсан төлөх графикаа мэдэж байсан. Иймд хариуцагч Ч.Б, Д.Э нараас зээл 5.874.881.01 төгрөг, хүү 2.580.247.74 төгрөг нийт 8.455.128.75 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүү 123.869.39 төгрөгөөс татгалзана гэв.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан нь үнэн тул машины төлбөр 5.874.881 төгрөгийг төлөөд машинаа эргүүлж авмаар байна. Зээл аваад эхний 2 сарын төлбөрийг төлөөд явсан. Дараа нь энэ компанийг хайгаад олоогүй. Техникийн зах дээр очиход байгаагүй. Компаний нэрийг ч мэдэхгүй, дансыг нь ч мэдэхгүй, энэ хүмүүс миний араас утасдаагүй. Манай гэрийн 5 хүний утасны дугаар байхад 2019 оны 03 сараас 09 дүгээр сар хүртэл нэг ч утасдаагүй. 2019 оны 12 дугаар сард над руу утасдаад манайх Өргөөгийн энд байна гэхээр нь зээлийн эдийн засагчтай очиж уулзсан. Зээлийн эдийн засагч хүүгээ төл гэхээр нь та нар өөрсдөө алга болчихоод яагаад надаас хүү нэхээд байдаг юм гэхэд үлдэгдэл мөнгөө төл гэсэн. Би 2-3 хоногийн дараа нь эмнэлэгт хэвтсэн. Дахиад залгахаар нь ах нь өвчтэй эмнэлэгт хэвтэж байна чи машин аваад яв гээд машинаа өгсөн. Машины 2020 оны даатгал, татварыг би төлсөн байсан. Машиныг зах зээлээс хэт бага үнэлсэн байна. Эд машиныг чинь аваад зээлийг хаачихъя гэсэн мөртлөө өнөөдөр 6 сар машин хадгалчихаад энэ хугацааны хүүг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй. Энэ компаний ч миний ч буруу байгаа. Машинаа буцааж аваад үндсэн зээлээ график гаргаад төлөөд явах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ч.Б, Д.Э нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 8.578.998.14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд торгуулийн хүү 123.869.39 төгрөгнөөс татгалзаж 8.455.128 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Ч.Б, Д.Э нар нэхэмжлэгч О ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ2019/01/010 дугаартай барьцаат зээлийн гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулж 5.950.000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авто машины зээлийн зориулалтаар зээлдэж, фидуцийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд 0000 УНҮ улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлжээ. Энэ үйл баримт нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож, талууд маргаагүй байна.

Барьцаат зээл болон фидуцийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд машинаа буцааж аваад үндсэн зээл 5.874.881 төгрөгийг график гаргаад төлнө. ББСБ машиныг авч 6 сар хадгалсан тул энэ хугацааны хүүг төлөхгүй. Компаний хаяг өөрчлөгдөж зээлийг хугацаанд нь төлж чадаагүй, хаяг нь олдоогүй гэж тайлбарлан маргасан боловч тэрээр гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, барьцаат зээлийн гэрээний 2.2.2, 2.2.3-т зааснаар гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, зээлийн хүүгийн төлбөр, бодогсон бол нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн Голомт банк дахь 00000000 тоот дансанд төлөх үүрэгтэй байх тул түүний тайлбар үндэслэлгүй. Тэрээр автомашинаа буцаан авч үндсэн зээл 5.874.881 төгрөгийг төлж, хүүг төлөхгүй хэмээн тайлбарласан боловч гэрээгээр зээлийг 2.4 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэхэмжлэгчийн Голомт банк дахь дансанд төлөхөөр үүрэг хүлээсэн байх тул зээлийн тохирсон хүүг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Д.Э шүүх хуралдааны товийг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч хариуцагчийн хэн алинаас үүргийг шаардсан тул хариуцагч Ч.Б, Д.Э нараас зээл 5.874.881 төгрөг, зээлийн хүү 2.580.247 төгрөг, нийт 8.455.128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Д.Э нараас 8.455.128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.213.97 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Д.Э нараас 150.232 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА