Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Г.Янжиндулам,

хохирогч **********,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000002060 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ***********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоотод байрлах гэртээ төрсөн эх хохирогч **********ыг “архи уусан гэж загналаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, зүүн шилбэн тус газар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд “зүүн шилбэний гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон явдлыг сайн санахгүй байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Би нэлээд согтуу, хоёр шил архи уусан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлөөгүй байгаа” гэв.

Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Хөл зүгээр болсон” гэв.

Эрүүгийн 2308000002060 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********ы: “2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ 19 цагийн үед ирэхэд хүн байхгүй байсан. 22 цаг гээд унтахаар хэвтсэн. Хэдэн минутын дараа гэрийн үүд нүдсэн ба онгойлготол хүү ********** архи уучихсан, өмдөндөө шээчихсэн орж ирсэн. Орж ирэхээр нь би “архи уулаа, өмдөндөө шээлээ” гэж хүүгээ зэмлэсэн. Тэрэнд ********** уурлаад гэрийнхээ тавилгануудыг бусниулаад байхаар нь би хувцсаа өмсөөд орон дээрээ сууж байтал ********** над дээр ирээд данхаар миний цээж рүү 1 удаа цохихоор нь цээжээ дараад, доошоо хараад нүдээ анисан. Хэдэн секундын дараа нүдээ нээтэл миний зүүн шилбэ хэсгээр нойтон оргиод байхаар нь хартал зүүн шилбэнээс цус гарчихсан, тэр хэсгийн өмд цоорсон байсан. Тэр үед би цусаа хараад шоконд орсон байсан. Миний хөлийг хутгалсан хутгийг хаанаас барьж авснаа санахгүй байна, газраас авсан байх. Тэгээд би гэрээс гараад манай хашаанд байдаг дүү **********ын гэрт ороод тусламж хүсэж эмнэлэг дуудуулсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.10.27-ны өдрийн 13535 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. **********ы биед зүүн шилбэний гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шинжээчийн 2023.11.16-ны өдрийн 5219 дүгээр дүгнэлтэд: “1. Хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Хар өнгийн иштэй хутга дээр хүний цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

Гэрч Д.**********ын: “2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай хадам эгч ********** гэрт орж ирээд “********** хутгаар миний хөл зүсчихлээ” гэсэн. Манай эхнэр ********** эгчийн хөлийг боогоод би түргэн дуудсан. Түргэн тусламж, цагдаа хоёр ирээд цагдаа **********ийг аваад явсан. Би түргэний машинд суугаад хадам эгчтэй хамт Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. ********** 2022 онд цус харваад тархиндаа сээтэг тавиулсан гэж байсан. Зүгээр байж байгаад гэнэт уурладаг өвчтэй болчихсон. Өнөөдөр зүгээр зурагт үзэж байгаад уурлаад зурагтаа хагалаад зүсчихсэн гэж ********** эгч хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...хохирогч ********** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 198,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

Шүүгдэгч Д.**********ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Орбитод найзындаа хоёр шил 0.75 литрийн архи уусан. Ээж ********** ирчихсэн байсан. Хэдэн минутын дараа намайг “архи уулаа” гэж загнаад байсан санагдаж байна. Би хэрэлдээд уурандаа зурагтаа өшиглөж хагалсан, тэрнээс цаашаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн ээжийн хөлөөс цус гарчихсан байсан. Удалгүй ээж гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-2), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9), эд мөрийн баримтаар тооцох “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан урт нь 27 см, ажлын хэсэг нь 15,5 см, бариул хэсэг нь 11,5 см урттай, хар бариултай хутга” тогтоол (хх-12), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл (хх-87-88),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-54), шийтгэх тогтоолын хуулбар (хх-65-68), прокурорын “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх-102-104) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоотод байрлах гэртээ төрсөн эх хохирогч **********ыг “архи уусан гэж загналаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, зүүн шилбэн тус газар 1 удаа хутгалж, эрүүл мэндэд “зүүн шилбэний гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч **********ы “...данхаар миний цээж рүү 1 удаа цохихоор нь цээжээ дараад, доошоо хараад нүдээ анисан. Хэдэн секундын дараа нүдээ нээтэл миний зүүн шилбэ хэсгээр нойтон оргиод байхаар нь хартал цус гарчихсан, тэр хэсгийн өмд цоорсон байсан...” гэх мэдүүлэг (хх-16, 18), шүүх эмнэлгийн 13535 дугаар “1. **********ы биед зүүн шилбэний гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-27-28), гэрч Д.**********ын “...хадам эгч ********** манай гэрт орж ирээд “********** хутгаар миний хөл зүсчихлээ” гэсэн...” гэх мэдүүлэг (хх-22), шүүгдэгч Д.**********ийн “...намайг “архи уулаа” гэж ээж загнаад байсан санагдаж байна. Би хэрэлдээд уурандаа зурагтаа өшиглөж хагалсан, тэрнээс цааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн ээжийн хөлөөс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-77) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.**********ийн “архи уусан гэж загналаа” гэх шалтгаанаар хохирогч **********ы зүүн шилбэнд нэг удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч **********ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хх-16, 18)-ийг үндэслэн шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч **********нь гэмт хэргийн улмаас нийт 198,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (хх-88)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх буюу хохирогч **********ыг “архи уусан гэж загналаа” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгаар зүүн хөлийнх нь шилбэн тус газар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд “зүүн шилбэний гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Төрсөн эхтэйгээ маргалдсан хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар гэртээ “архи уулаа, өмдөндөө шээлээ гэж загналаа” гэх шалтгаанаар төрсөн эх буюу хохирогчийн цээж рүү данхаар цохиж, түүнчлэн зүүн шилбэнд нэг удаа хутгалж эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн болон эрүүл мэндийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын ажил эрхэлж, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч Д.Басанмөнхийг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.  

Улсын яллагчийн “Нийтэд тустай 400 цагийн ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал гэрч Д.**********ын “...********** 2022 онд цус харваад тархиндаа сээтэг тавиулсан гэж байсан. Зүгээр байж байгаад гэнэт уурладаг өвчтэй болчихсон. Өнөөдөр зүгээр зурагт үзэж байгаад уурлаад зурагтаа хагалаад зүсчихсэн гэж ********** эгч хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгч эрүүл мэндийн байдлын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх боломж хязгаарлагдмал байна гэж шүүх үзсэн болно. Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг бөгөөд шүүгдэгчийн болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод бүрнээ нийцнэ гэж дүгнэлээ.  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн урт 27 см, ажлын хэсэг 15,5 см, бариул хэсэг 11,5 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ***********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн урт 27 см, ажлын хэсэг 15,5 см, бариул хэсэг 11,5 см урттай, хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********өөс 198,000 (нэг зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**********өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР