Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/03200

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/03200

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт оршин суух, Б овогт М-ын С /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Нарны хороолол, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Б-ын Б /РД: 00000000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь хариуцагч Б.Б-ын хүсэлтээр 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 5,000,000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Б.Б нь элдэв шалтаг хэлж зээлээ төлөхгүй байсан ба Ховд аймгийн Алтай сум руу нөхрийгөө явуулж ардаас нь өдөр, шөнөгүй дагасны эцэст 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгөө олж авсан. Үүнээс 2,500,000 төгрөгийг үндсэн төлбөрт, 2,500,000 төгрөгийг 2 сарын хүүнд суутгасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний харилцаанд орсон атлаа хариуцагч нь үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Б.Б-аас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 7-ноос 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны алдангид 1,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.С-тай 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 5,000,000 төгрөгийг интернет банкаар шилжүүж авсан нь үнэн. Би гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг төлсөн. Алдангийг хэт өндөрөөр нэхэмжилж байгаа тул төлөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Б-ад холбогдуулан гэрээний үүрэгт 3,75,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Б Нэхэмжлэгч М.С-тай 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 5,000,000 төгрөгийг интернет банкаар шилжүүж авсан нь үнэн. Би гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг төлсөн. Алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Б-тай 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэйгээр, гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Зохигчид гэрээ байгуулсан, хариуцагч дансаараа 5,000,000 төгрөгийг хүлээж авсан, мөн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Б-ын төлсөн 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 2,500,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 3-наас мөн оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хүүнд суутгасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлййн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд заасан буюу 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 1 сарын хүүнд 1,000,000 төгрөгийн хүү авах эрхтэй, зээлийн гэрээг бичгээр сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны буюу 2020 оны 3 дугаар сарын 3-наас мөн оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд 1,500,000 төгрөгийг авах эрхгүй тул энэ төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Иймд хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт буюу хүүнд 1,000,000 төгрөг, үндсэн төлбөрт 4,000,000 төгрөгийг төлсөн гэж үзлээ. Харин зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нь зүйтэй ба 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 160 хоногийн алдангид гүйцэтгээгүй үүрэг буюу 1,000,000 төгрөгийн 0.5 хувийн алдангид /1,000,000:0.5 /160 хоног/=800,000 төгрөг/ 800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцүүлж, хариуцагчаас алдангид 500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, алдангид 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, алдангид 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 74,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР