Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03222

 

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03222

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Х овогт А-ийн Ү /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Тээврийн дээд сургуулийн зүүн талд оршин байх, Н.К.Л ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ү-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие А.Ү нь Н.К.Л ХХК-ны Баянгол салбартай 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн тоёота приус 30 загварын 08-27 УБЗ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Ингэхдээ 4,747,700 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Н.К.Л ХХК-аас зээлж фидукцийн гэрээ байгуулсан. Ингээд уг машиныг би нийт 14,747,700 төгрөгөөр худалдаж авсан. Зээлийн гэрээний дагуу 15,574,700 төгрөгийг 2019 оны 10 дугаар сар хүртэл Н.К.Л ХХК-д төлсөн. Зээлээ төлж байгаад 2019 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд нь төлж чадаагүй. Учир нь ар гэрт гачигдал гарч мөн дэлхий нийтэд гарсан цар тахал ковид өвчин тархсан. Н.К.Л ХХК-иас 2020 оны 2 дугаар сард миний машиныг зээлээ хугацаанд нь төлөөгүй гээд хурааж авсан. Хариуцагч Н.К.Л ХХК-тай 2020 оны 3 дугаар сард салбарын захиралтай очиж уулзахад 2020 оны 4 дүгээр сард багтааж хугацаа хэтэрсэн төлбөрөө төлж хэвийн графикийн дагуу зээлээ төлөхийг шаардсан, үүнээс хойш хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй тохиолдолд тухайн фидукцийн гэрээний дагуу барьцаалсан автомашиныг худалдан борлуулна гэж хэлсэн. Гэвч миний бие тухайн хугацаа хэтэрсэн зээлийг төлж чадаагүй. Би 2020 оны 7 дугаар сарын эхээр салбарын захиралтай утсаар холбогдож наадмын дараа зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгаж машинаа авна гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай холбогдоогүй. 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би өөрийн автомашиныг бусдад худалдагдсан гэдгийг мэдээд салбарын захирал Одбаатартай очиж уулзаад ... яагаад миний автомашиныг үнэлгээ хийхгүйгээр зарсан юм бэ хэдэн төгрөгт зарсан гэдгийг би яаж мэдэх вэ гэхэд таны машиныг зээлийн үлдэгдэл төлбөр болох 9,000,000 төгрөгт тооцож зарсан, зарахдаа уг автомашиныг өөр хүнд зээл олгох замаар зарсан гэж хэлсэн, 9,000,000 төгрөгийн задаргааг лавлагахад ... үндсэн зээл 5,566,217 төгрөг, үндсэн хүү 1,724,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,709,295 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад машин зарсан гэх 9 сая төгрөгийг чинь хүлээн зөвшөөрөхгүй, миний машины зах зээлийн ханш 12-оос 13 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа. Би машинаа эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэмээр байна гэхэд машиныг чинь хүнд зарсан учир үнэлгээ хийлгэх боломжгүй та гомдолтой бол шүүхээрээ яв гэж хэлээд хүлээж аваагүй.

 

Тухайн зээлийн гэрээнд зааснаар миний бие 2019 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаандаа хүүгээ төлж байсан. Зээлийн хүүг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг бодоход 1,272,015 төгрөг болж байсан. Гэтэл үндсэн хүүг 1,724,230 төгрөг гэж үндэслэлгүйгээр 452,215 төгрөгийг нэмсэн байсан. Мөн Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т нэмэгдүүсэн хүүг үндсэн хүүний 20 хувиар тооцож авах-аар заасан байсан. Үндсэн хүү 1,272,015 төгрөг ба үүний 20 хувь нь 254,403 төгрөг болж байгаа. Гэтэл надаас үндэслэлгүйгээр илүү нэмэгдүүлсэн хүү тооцож үндэслэлгүйгээр 1,454,892 төгрөгийг нэмж нэмэгдүүлсэн хүү гэж бодож авсан байсан. Би энэ тухайгаа Н.К.Л ХХК-тай очиж уулзаж танайх ямар аргаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон юм бэ гэхэд ерөөсөө хэлж өгөхгүй байсан. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан Фидукцийн гэрээний 3.1.2-т зааснаар тухайн машины түргэн борлогдох үнийг 12 сая төгрөг гэж тогтоосон. Гэрээний дагуу түргэн борлогдох үнээр борлуулсаны дараа зээлийн төлбөрөөс илүү гарсан төлбөрийг зээлдэгчид олгох үүрэгтэй. Гэтэл уг үүргээ мөн зөрчиж 9 сая төгрөгөөр зарсан гэдгийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Н.К.Л ХХК нь миний автомашиныг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр бусдад зээл олгож худалдан борлуулсан гэдэг бөгөөд ингэхдээ зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 452,215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,454,892 төгрөг, нийт 1,907,107 төгрөгийг илүү тооцож авсан байсан. Үүнийг миний машиныг худалдан борлуулсан гэх зээлийн үлдэгдэл төлбөр болох 9 сая төгрөгөөс хасахад 7,092,893 төгрөг болж байсан. Фидукцийн гэрээнд заасан машины түргэн борлогдох 12 сая төгрөгөөс хасч тооцоход 4,907,107 төгрөгийг надаас үндэслэлгүйгээр илүү авсан байсан. Иймд Н.К.Л ХХК-иас үндэслэлгүйгээр надаас авсан 4,907,107 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Н.К.Л ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллагад холбогдуулан А.Ү нь тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Тус байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч А.Ү нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр манай компанитай 404200324 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн автомашины лизингийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиарийг зөрчсөн бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас хойш төлбөр огт төлөөгүй бөгөөд эргэн төлөлт 90 хоногоор хэтэрсэн тул зээлийн гэрээний 2.17, 2.17.1-т тус тус заасны дагуу 08-27 УБЗ улсын дугаартай Тоуота приус-30 загварын автомашиныг зогсоолд байршуулан зээл төлөх хугацаа олгосон. Мөн тэрээр өөрөө зөвшөөрсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манайд хандан ... 2020 оны 4 дүгээр сард багтаан зээлээ төлж хэвийн болгохоор тохиролцсон, дээрх хугацаанд зээлээ төлеөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг борлуулж зээлийг хаалгах-аар зөвшөөрсөн өргөдлийг бичсэн байна. Манай байгууллагын зүгээс гэрээ болон хуульд заасан арга ажиллагааг хийсэн ба хууль зөрчсөн зүйл байхгүй. Зээлдэгчтэй байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 404200324 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 3.2.2-т заасны дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулсны орлогоор зээлийн төлбөрийг төлүүлэхээр тусгасан. Дээрх гэрээний 4.2.10-т Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх өгөхийг зөвшөөрч байна... гэжээ. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэсний дагуу эд хөрөнгөө бодитойгоор хүлээн авсан тул гэрээг дуусгавар болгосон гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Ү нь хариуцагч Н.К.Л ХХК-д холбогдуулан 4,907,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь ... зээлийн төлбөрт фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн авч, өглөг, авлага дууссан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Ү нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Б.Д-өөс 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, Тоёота приус-30 загварын 08-27 УБЗ улсын дугаартай автомашиныг 14,300,000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг худалдан авахад шаардагдах 10,000,000 төгрөгийг хариуцагч Н.К.Л ХХК-иас зээлж авахаар 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 30 хоногийн 2.9 хувийн хүүтэйгээр авахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулж, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, Тоёота приус-30 загварын 08-27 УБЗ улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч А.Ү зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Н.К.Л ХХК нь дээрх шалтгаанаар буюу эргэн төлөлтийн хуваарийг 90 хоногийн хугацаагаа зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, фидуцийн зүйлийг эзэмшилдээ авч, 2020 оны 8 дугаар сарын 4-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээгээр Д.Төрмөнхөд 9,900,000 худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан талаар маргахгүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр илүү тооцсон, фидуцийн зүйл буюу тээврийн хэрэгслийг үнэлэлгүйгээр зах зээлийн ханшаас бага үнээр борлуулж, илүү мөнгө суутгасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан, хариуцагч тал нь зээлийн гэрээний хуваарийг 90 хоног хэтрүүлж зөрчсөн тул автомашин өмчлөл, эзэмшилдээ авснаар гэрээ дуусгавар болсон, бид фидуцийн зүйлийг бусдад худалдсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байдаг. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг.

 

Зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдсан гэж үзэхээр байна. Учир нь зээлийн гэрээний хуваарийг 90 хоног зөрчсөн гэх үндэслэлээр 2020 оны 2 дугаар сард нэхэмжлэгч А.Ү нь тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчид хүлээлгэж өгсөн, энэ талаар зохигчид маргаагүй, А.Ү нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Н.К.Л ХХК-д А.Ү би 2018 оны 2 дугаар сард 10,000,000 төгрөгийн зээлийг авч, приус-30 автомашин барьцаалсан, одоо хугацаа хэтэрч төлөгдөөгүй байгаа тул 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хэвийн төлөлтөд орж, зээлээ төлөх боломжтой тул энэ хугацаанд барьцаа хөрөнгийг борлуулахгүй хүлээж өгнө үү. Заасан хугацаанд хэвийн төлөлтөд орж чадаагүй бол барьцаа хөрөнгийг борлуулахад татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан, энэ хугацаанд фидуцийн зүйлийг хариуцагч худалдаагүй, заасан хугацаанд зээлийн хуваарийн зөрчлөө нэхэмжлэгч арилгах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхээр байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нэхэмжлэгч А.Ү-гийн 4,907,107 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.К.Л ХХК-иас 4,907,107 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэгч А.Ү-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсыг тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 93,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР