Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408000000093 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Дан байранд хохирогч **********хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс зулгаах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн дээд зовхи, зүүн хацар, хамар, амны зүүн булан, доод уруул, баруун дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүүхдээ өмөөрөөд эгчтэйгээ үсдэлцсэн. Шөнө эгч цагдаа дагуулаад ирсэн. Хүргэн ахтайгаа унтсан зүйл байхгүй. Архи, пиво уусан. Цалингаа авахаар тос аваачиж өгнө. Гэм буруугаа хүлээж байгаа. Дахиж ийм хэрэг гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2408000000093 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “2023 оны 12 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх караокед нөхөр **********ын хамт тус бүр 3 пиво уучихаад би төрсөн дүү **********ыг дуудаад хуучин эхнэр нь болох **********той хамт гэрт нь очсон. Очоод хэсэг байж байгаад дүү **********, эхнэр **********той харихаар явсан. Би **********ын хүү 13 настай, **********г “гадуур дотуур битгий тэнээд бай, аятайхан бай” гэж хэлтэл ********** хүүхдээ өмөөрөөд над руу уурлаад хэрүүл маргаан үүсгээд байсан. ********** “би нөхөртэй чинь унтчихсан, чамайг бүдүүн болохоор нөхөр чинь надтай унтсан” гэхээр нь би уурлаад үсдэлцээд ноцолдоход ********** миний үснээс зулгааж нүүрийг самардаж зулгалсан. Тэр үед манай нөхөр ********** бид хоёрыг болиулах гэж байна гээд миний дээр гарчихаад **********ыг цаашаа түлхээд байхаар нь би **********т намайг дарж байгаад зодууллаа гэж уурласан. Тэгээд **********ын гэрээс гараад гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.12.28-ны өдрийн 786 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн дээд зовхи, зүүн хацар, хамар, амны зүүн булан, доод уруул, баруун дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр үгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Гэрч Ц.**********ын: “2023 оны 12 дугаар сарын 23-ны орой эхнэрийн хамт караокед орж тус бүр 3 ширхэг пиво ууцгаасан. Тэгээд эхнэр ********** дүү **********, түүний эхнэр **********гийн хамт ********** дүү **********ын гэрт очсон. Тэдний хүү ********** гэрээсээ явчихаад байдаг болохоор ********** “чи гэр орондоо дүүгээ хараад бай, битгий гадуур дотуур яваад бай” гэж хэлтэл ********** хүүхдээ өмөөрөөд “чи манай хүүхдийг яахаараа загнадаг юм” гэж хэлэхээр нь би **********д “битгий хүний хүүхдийг загнаад бай” гэж хэлтэл ********** уурлаад “миний талд орсонгүй, чи манай дүүтэй унтчихсан юм уу” гээд уурлаад **********тай маргалдаад үсдэлцсэн. Би болиулах гээд голд нь ороод тэр хоёрыг барьтал ********** ********** үснээс гараараа эргүүлж барьчихаад толгой руу нь өшиглөөд, нүүрийг нь самардаад байсан. **********ыг цааш түлхээд ********** дээр гарч суугаад тайвшруулж байтал “чи манай дүүтэй унтчихаад намайг дүүгээр минь зодууллаа” гээд намайг хөөгөөд байхаар нь би гарч яваад дүүгийндээ очиж хоносон. Маргааш нь гэртээ иртэл ********** нүүр нүд нь маажуулсан, зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Шүүгдэгч Б.**********ын яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед бага зэрэг архи уучихсан, согтуу байсан. Тэд нар мөн согтуу ирсэн. ********** согтуу байж манай том хүү **********г “гадуур дотуур тэнэдэг” гээд байхаар нь би хүүхдээ өмөөрөөд маргалдаж үснээсээ зулгаалцаж ноцолдож байхдаа би ********** нүүр хэсгийг нь хэд хэдэн удаа маажиж гэмтээсэн. Тэр үед ********** харж байгаад болиулсан. Тэр 2 манайхаас явчихаад хэсэг хугацааны дараа цагдаа нартай хамт ирсэн. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Би уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-33), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-35), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-37), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-38), “********” ХХК-ийн “*****нь өлөн боловсруулах үйлдвэрт усалгаачнаар ажилладаг нь үнэн” гэх тодорхойлолт (хх-41), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-44, 45), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-47-48), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-49) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Дан байранд хохирогч **********хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс зулгаах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн дээд зовхи, зүүн хацар, хамар, амны зүүн булан, доод уруул, баруун дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч ********** мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 786 дугаар дүгнэлт (хх-13-14), гэрч Ц.**********ын мэдүүлэг (хх-10), шүүгдэгч Б.**********ын мэдүүлэг (хх-23) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.**********ын ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ төрсөн эгч хохирогч **********хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж үсдэх, нүүрийг маажих зэргээр цохиж зодон хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-7-8, 44)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Дан байранд хохирогч **********хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн дээд зовхи, зүүн хацар, хамар, амны зүүн булан, доод уруул, баруун дээд зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн саналаар шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шүүгдэгч согтуурсан үедээ төрсөн эгч болох хохирогчтой хүүхдээс нь болж маргалдан үсдэлцэх, нүүр маажиж, цохих үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлогтой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 (таван зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт **********ы **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 (таван зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************560,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР