Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03223

 

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/03223

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Т.К овогт М-ын Б /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-0, өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч О.А нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Б миний биеийг У.Б.Т.З-ын Улаанбаатар Татах хэсгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар Б/1085 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас үндэслэлгүй халсан билээ. Үүний улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэж, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд шалгагдаж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М.Б-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан. Ингээд бусад шүүгдэгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж улмаар 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/758 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний бие 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр магадлалыг гардан авсан ба 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр буюу У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсгийн хүний нөөцөд ажилд эргүүлэн орох талаар өргөдлөө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг ажилд эгүүлэн авахгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1085 тоот У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас үндэслэлгүй халсан тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т "... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэсэн заалтыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдөрт шилжих шөнө илчит тэрэгний эд ангийг хулгайлан татах хэсгээс гаргах үедээ баригдсан тул гэж ажлаас нь халсан гэж намайг илтэд гүтгэж ажлаас халсанд гомдолтой байна. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/758 тоот магадлалыг үндэслэн М.Б намайг У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсгийн цахилгаан машины цехийн илчит тэрэгний засварчин ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны 12 сарын цалин /12х1,200,000 төгрөг/ 14,400,000 төгрөгийг Улаанбаатар төмөр замаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Улаанбаатар төмөр замд даалгаж, У.Б.Т.З.Нийн Татах хэсгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1085 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 725 тоот тушаалаар У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсэгт засварчнаар ажилд орсон байдаг. М.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө ээлжийн ажлаа хийж байх явцдаа илчит тэрэгний эд анги болох ЭД-118А маркийн татах цахилгаан хөдөлгүүрийн үндсэн туйл 1 ширхэг, туслах туйл 1 ширхэгийг тус тус өргөн зөөж авч гарч, тээврийн хэрэгсэлд ачсан үйлдэл гаргасан байдаг. Энэхүү үйлдэл нь У.Б.Т.З-ын хөдөлмөрийн дотоод журмын 14 дэх заалтыг зөрчсөн явдал юм. Хөдөлмөрийн дотоод журмын 14.2-т дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг, мөн 14.2.2-т нийгэмлэгийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, нуун дарагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэжээ. Нэхэмжлэгчийн дээр дурдсан үйлдэл нь байгууллагын зохих зөвшөөрөлгүй, ажил удирдагчдаа мэдэгдээгүй, нууцаар, хулгайн сэдлээр авч гарсан үйлдэл байсан. Энэ хэргийг манай байгууллага илрүүлж, эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулахад зарим засварын ажилчдад холбогдох хулгайн хэрэг үйлдсэн нь нотлогдож, эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор ял авсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажиллагаа хийгдсэн. Хэдий тийм боловч өөрийнх нь хэлснээр цагаатгагдсан гэдэг. Бид цагаатгагдсан гэдэг үндэслэлээр эгүүлэн ажилд нь авах боломжгүй. М.Б-ын үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, мөн өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ, төмөр замын ажилтны сахилгын тусгай журамд заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн үйлдэл ба ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болдог. Нэхэмжлэгч нь байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй, нууцаар авч гарч, хулгай хийх нөхцөл бололцоог бүрдүүлсэн үйлдэл нь энэхүү журмуудад харш үйлдэл юм. Хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 7.5-т дараах сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулдаг. Мөн уг журмын 7.5.3-т зааснаар төмөр замын объект, сэлбэг хэрэгсэл, эд анги, бусад материалыг хулгайлсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлдөг. Хөдөлмөрийн дотоод журам болон сахилгын тусгай журмыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хэргийг шалгах явцад нь нэхэмжлэгч нь хулгайн гэмт хэрэг хийгээгүй, ажил удирдагч буюу ахлагчийн заавраар сэлбэг, эд ангийг ач гэхээр нь ачсан юм, хууль бус шаардлага гэдгийг мэдээгүй гэж өөрөө тайлбарласан байдаг. Энэ талаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр ч мэдүүлсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 4.3-т ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, журам, шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ гэж заасан байдаг. Өөрийнх нь ажил удирдагч, удирдлага, засварчин хэн байсан ч хууль бус тушаал шийдвэр өгвөл түүнээс татгалзах, удирдах дээд албан тушаалтандаа мэдэгдэх үүргийг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн сэлбэгийг зөөж гаргах тухай удирдагчаас өгсөн даалгавар нь хууль бус байсан гэдгийг мэдээгүй гэдэг. Гэтэл мэдэх боломж, бололцоо байсан. Депогоос ямар эд анги гаргах гээд байгаа юм, зохих зөвшөөрөл байгаа юм уу гэдгийг асуух боломж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ эрхээ эдлээгүйгээс гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал үүссэн. Хууль, дүрэм, журам мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түрүүн бичлэгт үзлэг хийсэн. Үнэхээр мэдэхгүй, гуйхад нь ачсан юм уу гэдгийг нягтлаад үзэхээр мэдээгүй байх нөхцөл харагдахгүй байгаа. Үнэхээр ахлах засварчныхаа тушаал, заавраар ачлаа гэж бодоход өөрийнх нь гаргасан үйлдэл байдаг. Тэр нь юу вэ гэхээр Сили-нд хийсэн үзлэг дээр тодорхой харагдсан, эд ангийг өргөөд, далдлахын тулд дээгүүр нь даавуугаар бүтээж байгаа үйлдэл байдаг. Мөн машинд ачихдаа зорчих хэсгээс биш модны ард хашлага давж орж, харанхуй хэсгээр нууцаар явж машинд ачсан байдаг. Хэрвээ гуйлтынх нь дагуу, хулгайн эд зүйл биш гэдгийг мэдэж байсан бол тийм үйлдэл гаргах шаардлагагүй байсан. Үүгээр хууль бус үйлдэл гэдгийг мэдээгүй гэж ярьж байгаа нь үгүйсгэгдэж байна. Эдгээр үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа захиргааны зөвлөл хуралдаж, хурал дээр нэхэмжлэгч өөрөө би их сандарсан байсан, туйлыг би ороосон, туйлыг би ачсан гэж тайлбарласан байдаг. Ороох үйлдлийг хийж байгаа нь ямар учиртай юм, юуг нуух гээд байгаа юм. Мэдээгүй байсан гэдэг тайлбар нь үүгээр үгүйсгэгдэнэ.

 

Нэхэмжлэгчийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр шийдвэрлэх маргаан мөн. Шүүхээр шийдвэрлэх маргааны хувьд шүүхэд гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтанг ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргана гэжээ. Хэрэгт өгсөн Улаанбаатар татах хэсгийн ажлаас халагдсан ажилтанд тушаал хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэр дээр нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот ажлаас халсан тушаалыг өөрт нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийнх нь хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байна гэдгээ мэдсэн өдөр нь энэ өдрөөс эхэлнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шаардах эрх нь энэ өдрөөс эхэлж үүснэ. Нэхэмжлэгч нь тухайн өдрөөс эхлэн 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах байсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдлоо гаргаагүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө шүүхэд гаргаагүй. Ямар учраас гомдлоо гаргаагүй, эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй нь тодорхойгүй. Тэгэхээр шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэргийг хянан хэлэлцэх боломж байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тушаалыг гардаж аваад, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор гомдлоо гаргах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ямар ямар хүндэтгэн үзэх шалтгаан байвал гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болох талаар заасан байдаг. Үүнд: Гомдол гаргагч хүндээр өвдсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч сая дурдсан үндэслэлүүдээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж маргаагүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч сая өөрөө 2020 оны 7 дугаар сард Улаанбаатар татах хэсэгт ажилд орох өргөдлөө өгсөн гэж байна. Энэ үеэс хойш эрх нь зөрчигдсөн буюу эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр өөрөө цагаадаад, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзвэл түүнээс хойш ч гэсэн нэхэмжлэл, гомдлоо гаргах хугацаа байсан. Энэ эрхээ эдлээгүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-т холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... М.Б-ыг шүүхээс цагаатгасан хэдий ч энэ үндэслэлээр түүнийг ажилд нь эргүүлэн авах боломжгүй. Учир нь М.Б-ын галт тэрэгний эд ангийг депогоос нууц далд аргаар зөөж гаргаж машинд ачсан үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон, ахлах засварчны өгсөн үүрэг даалгаварыг хууль бус эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй, энэ үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл. Мөн тэрээр шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж маргаж байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.Б нь М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ийн Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний засварчнаар 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан ба энэ талаар зохигчид маргаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсгийн даргын Б-1085 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасныг болон Татах хэсгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн шийдвэрийг үндэслэн Татах хэсгийн илчит тэрэгний засварчин М.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө илчит тэрэгний эд ангийг хулгайлан татах хэсгээс гаргах үедээ баригдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр цуцалж, сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор М.Бын 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 7 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У.Б.Т.З.Нийн Улаанбаатар татах хэсгээс ЭД-118 маркийн үндсэн болон туслах туйлыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 572,250 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Б-ыг цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/758 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гараагүй тул шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч У.Б.Т.З.Н нь нэхэмжлэгч М.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь түүнийг байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан нь тогтоогдсон гэж буруутгасан боловч М.Б-ын дээрх үйлдэлд тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүхээс түүнийг цагаатгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч М.Б-ыг 2019 оны 9 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө илчит тэрэгний эд ангийг хулгайлан татах хэсгээс гаргах үедээ баригдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн У.Б.Т.З-ын Улаанбаатар татах хэсгийн даргын Б-1085 дугаар тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ийн ... М.Б-ыг шүүхээс цагаатгасан хэдий ч энэ үндэслэлээр түүнийг ажилд нь эргүүлэн авах боломжгүй. Учир нь М.Б-ын галт тэрэгний эд ангийг депогоос нууц далд аргаар зөөж гаргаж машинд ачсан үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон, ахлах засварчны өгсөн үүрэг даалгаварыг хууль бус эсэхийг өөрөө нягтлах үүрэгтэй, үүнийг энэ үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны сахилгын тусгай журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл. гэх тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Харин нэхэмжлэгч М.Б нь хариуцагч У.Б.Т.З.Н-ийн Улаанбаатар татах хэсгийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1085 дугаар сахилгын шийтгэх ногдуулах тухай тушаалыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан нь Ажлаас халагдсан ажилтанд тушаал хүлээлгэн өгсөн бүртгэлээр тогтоогдож ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ. Нэхэмжлэгч М.Б нь өөрийг нь цагаатгасан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байх ба хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс тоолоход мөн л хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гаргажээ. Нэхэмжлэгчийн ... би хулгайн хэргийг шийдвэрлэж дууссаны дараа шүүхэд хандана гэж бодож байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Б-ын ажлаас халсан 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1085 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ын ажлаас халсан 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1085 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР