Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/03233

 

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/03233

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, Нөхөрлөлийн гудамж, 5 тоот хаягт байрлах,  А.Д ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Дунд голын гудамж-0, М.Т ХХК-ийн байранд байрлах, У.У.Ү.О ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 333,217,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  А.Д ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч  А.Д ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр У.У.Ү.О ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж 150,498,014 төгрөгийн үнэ бүхий Хово синотрак загварын өөрөө буулгагч, мөн 60,188,200 төгрөгийг үнэ бүхий сэлбэг, хэрэгслийг нийлүүлсэн. Дээрх гэрээнд ороогүй 17,187,900 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэгийг хариуцагчид гэрээгүйгээр нийлүүлсэн. Дээрх техник, сэлбэг, хэрэгслийн төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас удаа дараа шаардсан бөгөөд хариуцагч удахгүй төлнө, сарын дараа төлнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцагч У.У.Ү.О ХХК-тай байгуулсан гэрээний үнэ нийт 210,686,215 төгрөг болж байгаа бөгөөд гэрээний 7.2-т заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцоход 105,343,107 төгрөг болоод байна. Иймд хариуцагч У.У.Ү.О ХХК-иас гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 210,686,215 төгрөг, алдангид 105,343,107 төгрөг, гэрээгүйгээр шилжүүлсэн сэлбэгийн төлбөрт 17,187,900 төгрөг, нийт 333,217,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.У.Ү.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Р.М нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь нэхэмжлэгч  А.Д ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 150,498,014 төгрөгийн үнэ бүхий Хово синотрак загварын өөрөө буулгагч, мөн 60,188,200 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хүлээж авсан нь үнэн, үндсэн төлбөрийн талаар маргахгүй. Гэвч бид техник, сэлбэг, хэрэгслийг хүлээж аваад үйл ажиллагаа явуулж чадалгүй эдийн засгийн хямралд орсны улмаас төлбөрийн чадваргүй болсон. Одоо Төв аймаг дахь манай уурхайд эдгээр техник хэрэгсэл ашиглагдаагүй, шинээрээ шахуу байгаа буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  А.Д ХХК нь хариуцагч У.У.Ү.О ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн техник болон сэлбэг, хэрэгслийн төлбөрт 210,686,215 төгрөг, алдангид 105,343,107 төгрөг, мөн гэрээгүйгээр шилжүүлсэн сэлбэгийн төлбөрт 17,187,900 төгрөг, нийт 333,217,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч У.У.Ү.О ХХК нь ... техник, сэлбэг, хэрэгслийг авсан нь үнэн, үндсэн төлбөр дээр маргаан байхгүй, харин эдийн засгийн хямралын улмаас төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан алдангиас чөлөөлж өгнө үү гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч  А.Д ХХК нь хариуцагч У.У.Ү.О ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 150,498,014 төгрөгийн үнэ бүхий Хово синотрак загварын өөрөө буулгагч, мөн 60,188,200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр, мөн 17,187,900 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэгийг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч У.У.Ү.О ХХК нь бичгээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 150,498,014 төгрөгийн үнэ бүхий Хово синотрак загварын өөрөө буулгагч, мөн 60,188,200 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, хэрэгсэл, худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж 17,187,900 төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, нийт 227,874,114 төгрөгийн техник, сэлбэг, хэрэгслийг нэхэмжлэгч  А.Д ХХК-иас хүлээж авсан талаар болон үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа талаар маргаагүй тул дээрх үндсэн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., мөн зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 7.2-т худалдан авагч тал нь энэхүү гэрээний төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1 хувийн алданги тооцож худалдагчид төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний алдангид 105,343,107 төгрөг нэхэмжилсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгүйгээр 17,187,900 төгрөгийн сэлбэгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч зөвшөөрсөн боловч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, харин зохигчид хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар амаар байгуулсан хэлцлийн хариуцлагад нэхэмжлэгч анз шаардах эрхгүй юм. Иймд хариуцагч У.У.Ү.О ХХК-иас /бичгээр байгуулсан/ худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 210,686,215 төгрөг, алдангид 105,343,107 төгрөг, мөн /амаар байгуулсан/ гэрээний үүрэгт 17,187,900 төгрөг, нийт 333,217,221 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  А.Д ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... эдийн засгийн хямралын улмаас төлбөрийн чадваргүй болсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбар нь үндэслэлгүй, төлбөрийн чадваргүй болсон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ шалтгаанаар гэрээгээр тохирсон алдангиас чөлөөлөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч У.У.Ү.О ХХК-иас гэрээний үүрэгт 333,217,221 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  А.Д ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,824,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,824,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР