Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308033680031 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “**********” караоке дотор болон гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч **********нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлын 158,000 төгрөгийг төлөх гэтэл дансаа өгөхгүй байгаа. Хийсэн үйлдлээ ухамсарлаж байгаа. Гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Эрүүгийн 2308033680031 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “**********” караокед 21 цагийн орчим найз **********тэй хамт ороод 2 шил пиво уугаад суусан. ********** “явлаа” гэхээр нь би гаргаж өгөөд таксинд суулгаад буцаж орж хоёр шил пиво аваад хуучин сууж байсан ширээндээ суух гэж байтал хүн байхаар нь өөр ширээн дээр ганцаараа сууж байсан залуугаас “хамт сууж боlох уу” гэж асуутал “болно” гэхээр нь суусан. Удалгүй тухайн ширээнд сууж байсан залуугийн найз гэх залуу пиво авч ирээд хамт суусан. Ямар ч маргалдаж муудсан зүйл байхгүй, тухайн хоёр үл таних залуугийн нэг нь “чи намайг доромжилсон” гээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Хамт явсан гэх залуу нь бид хоёрыг салгаад тухайн газрын зөөгч тэр хоёр залууг гаргасан. Би караоке дотор 10-15 минут орчим суугаад гарч зам дагуу зогсож байтал нэг хүн ардаас дуудахаар нь эргээд хартал караоке дотор намайг цохисон залуу байсан бөгөөд миний нүүр лүү 2-3 удаа цохиход би ухаан алдаад унасан. Тэр залуугийн найз нь намайг татаж босгосон. Тэр хоёр нэг мэдэхэд яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад нийт 158,586 төгрөгийн хохирол учирсан, энийг нэхэмжилж байна. Нийт 1,001,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.02-ны өдрийн 13930 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. **********биед хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 7. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Гэрч **********ын: “...Хилчин хотхоны автобусны буудал дээр зогсож байтал хамт барилга дээр ажилладаг байсан ********** гэх залуутай таарсан. Бид хэсэг юм ярьж байгаад “ойрд уулзалдаагүй юм байна, караоке орж сууя” гээд “**********” караоке руу орсон. 2-3 шил пиво уугаад би тамхи татах гээд гарсан. Татаад ортол танихгүй залуу манай найзтай хамт бид хоёрын сууж байсан ширээнд сууж байсан. ********** энэ танихгүй залуу “хөдөөгийн оркууд энэ газраас яв гэж байна” гээд надад хэлсэн. Тэр үед ********** тухайн залуу хоёрын хооронд маргаан үүсэж тэр залуу “би тэгэж хэлээгүй, танай найз худлаа яриад байна” гэж хэлтэл ********** тэр залуугийн мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Танихгүй залуу “Би та хоёрыг Сонгины нэг дээр гөлөг болгоно” гээд караокены зөөгч найз бид хоёрыг хөөгөөд гаргачихсан. Бид гараад нэг шил пиво байсныг гудамжны үзүүрт ууж байтал манай найзтай маргалдаад байсан залуу гараад ирсэн. ********** тэр залууг харчихаад явж очоод маргалдаад “чи намайг доромжилсон” гээд хэд хэдэн удаа тухайн залуугийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Миний санаж байгаагаар ********** тэр залуугийн нүүр лүү нэг цохиход газарт унасан. Би **********ыг салгаж холдуулаад тэр залууг босгож газарт суулгаад бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “...хохирогч **********нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдож байх тул яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),  

хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-6), мөрдөгчийн тогтоол (хх-63), Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-64), хохирлын баримт (хх-78-79), Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн гэх баримт (хх-85),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-50), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-53), шийтгэх тогтоолын хуулбар (хх-72-75) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “**********” караоке дотор болон гадна талд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч **********нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч 158,000 төгрөгийн баримт гаргаж өгч нэхэмжилсэн, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн 120,000 төгрөг төлөгдсөн. Хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Үйлдэл нь хангалттай, бүрэн, эргэлзээгүй тогтоогдсон. Хохирлыг өгөх гэхээр авахгүй гээд байгаа. Төлөхөд бэлэн байгаа...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “**********” караоке дотор болон гадна талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч **********нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч **********“...тухайн хоёр үл таних залуугийн нэг нь “чи намайг доромжилсон” гээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. ...миний нүүр лүү 2-3 удаа цохиход би ухаан алдаад газарт унасан...” гэх мэдүүлэг (хх-13-16), шүүх эмнэлгийн 13930 дугаар “1.2. **********биед хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 7. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-28-29), гэрч **********ын “...********** бид хоёр 2-3 шил пиво уусан. ********** тэр залуугийн мөр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон, ...дахиж маргалдаад хэд хэдэн удаа тухайн залуугийн нүүр хэсэг рүү гараараа цохисон....” гэх мэдүүлэг (хх-19-20), хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-6) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.**********ын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч **********нүүрэнд хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч **********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 158,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Н.**********аас 158,000 төгрөг гаргуулж, хохирогч **********(**********)-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогч **********“1,001,000 төгрөгийн хохирол учирсан,  нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн (хх-16), шүүх хурлын тов мэдэгдэхэд “хохирлоо аваагүй, нэхэмжилнэ” гэж мэдэгдсэнийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Хохирогч **********нь гэмт хэргийн улмаас нийт 120,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (хх-64)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан нь банк хоорондын шилжүүлгийн баримт (хх-85)-аар нотлогдсон тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********өмнө нь 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял шийтгэгдэж байсан, хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа, барилгын туслах ажилтай, ам бүл 6 гэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Маргах зүйлгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч руу өнөөдөр хүртэл ярихад “мөнгөө авахгүй” гээд байсан. Эхнэр ажилгүй, хүүхдүүдээ хардаг, шүүгдэгч гэр бүлээ тэжээдэг, том тэргийн жолооч зэргийг харгалзан торгох ялыг багасгаж, 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдаж, хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 158,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдөөгүй, хохирогч “хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч **********650,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байдал, хохирогчийн “Гомдолтой” гэх байдал, хохирогч “Хохирлын 158,000 төгрөгийг авахгүй” гээд байгаа гэх боловч баримтаар нотлогдохгүй, хохирол төлөгдөөгүй, эрүүл мэндийн даатгалаас бусад хохирлыг арилгах талаар санал санаачилга гаргаагүй шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд торгох ялын хэмжээг 650,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********650,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**********аас 158,000 төгрөг гаргуулж, хохирогч **********(************)-д олгож, хохирогч бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР