Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Р.Батнасан,

Шүүгдэгч Н.Батрагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал боржигин овогт Нэргүйн Батрагчаад холбогдох эрүүгийн 201625022062 дугаар хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадуур хувцасны дизайнер мэргэжилтэй, ам бүл 1,  Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 15 дугаар гудамж, 15 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 25 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, Гал боржигин овгийн Нэргүйн Батрагчаа /РД:НБ82052810/,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Батрагчаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-75 тоотод оршин суух иргэн Д.Аюушийн гэрээс ТСЛ маркийн 32 инчийн зурагт, индукцэн плитка, 1 хос пүүз, битүү чанагч хулгайлж 255.000 төгрөгийн,

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн О.Энхбаатарын гэрээс Канон D60 маркийн зургийн аппарат, Филипс маркийн сахлын машин, Самсунг маркийн гар утас, гар утасны чихэвч, жижиг мөнгөн аяга, зурагтны удирдлага, куртка, цамц, подволк, жинсэн өмд хулгайлж 1.467.000 төгрөгийн буюу нийт 1.722.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Батрагчаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг дахиж өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Н.Батрагчаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би 7 буудлын голын эрэг дээр Баярсайхан, Отгонжаргал, Ганхөлөг нарын хамт архи уугаад сууж байсан. Би тэр хэдээс салаад далан дээр гараад цаашаа нь буугаад хашааных нь хаалга онгорхой айл байхаар нь дотогшоо ороод гэрийнх нь хаалгыг таттал хаалга нь модоороо эвдрээд дээд талын хэсэг нь салаад онгойчихсон. Тэгээд гэр рүү ороод зурагт, индукцин плетка, битүү чанагч, хар өнгөтэй пүүз зэргийг авч гараад гудамжны үзүүр дээр очоод өндөр шарилжин дунд нуусан. Тэгээд нөгөө гурав дээр очоод зарах юм байна гэхэд нөгөө гурав ойлгож байгаа ч юм байхгүй тасраад дээшээ хараад унтчихсан, Отгонжаргал, Ганхөлөг нар усанд хөлөө дүрээд зогсож байсан. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр би уул руу самранд явж байхдаа ганцаараа явж байхдаа Санзайн Бага баянгийн наад талын Хэрэмхэн дэлгүүрээс архи авах гэсэн чинь мөнгө хүрээгүй тэгээд хоёр шил пиво авч уугаад явж байгаад нэг байшингийн цонхоор нь орсон. Цонхоор нь яаж орсоноо санахгүй байна. Зургийн аппарат, жижиг мөнгөн аяга авч гарсан. Тэгээд Санзайн автобусны буудал дээр буугаад нэг ахтай уулзаад мөнгөн аягыг зарсан. Зургийн аппаратыг нь нэг залууд 100.000 төгрөгөөр зарсан. Тэр хүмүүс хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Өөр үйлдсэн хэрэг байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх 190-191, 193-195, 204-205 дугаар хуудас/

Хохирогч Д.Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “…2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би 12 цагийн үед гэрээ цоожлоод ...18 цагийн үед ирэхэд манай гэрийн хаалганы модон самбарын дундуур нь хугалаад хулгайч орж, эд зүйл алдагдсан байсан. ТСЛ маркийн 32 инчийн зурагт, Коко маркийн индукцэн плитка, акира маркийн битүү чанагч, индүү, манай эхнэрийн ээмэг, бөгж, гинжний мөнгөн хослол, чигчий хуруундаа зүүдэг байсан монетон бөгж, адидас маркийн хар өнгөтэй эрэгтэй хүний пүүз зэрэг эд зүйл алдсан. /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

          Хохирогч О.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр...манай байшингийн баруун талын цонхыг хагалаад хулгайч орж манай гэрт байсан Канон О60 мэргэжлийн зургийн аппаратыг хулгайч авч явсан байсан. Миний филипс маркийн сахлын машин, самсунг маркийн дэлгэгддэг гар утас, жижиг цагаан өнгийн чихэвч, ... жижиг мөнгөн аяга, зурагтны удирдлага, миний хар өнгийн цахилгаантай зуны нимгэн куртка, цахилгаантай биеийн тамирын цамц, хар өнгийн подволк, хөх өнгийн жинсэн өмд зэрэг эд зүйл алга болсон байсан. /хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...дуудлага өгөгч нь айлаас хулгайлсан эд зүйлсийг хашааны хажууд өвсөн доор нуучихсан байна гэсэн гэж утсаар хэлсэн. Очоод шалгахад  ТСЛ маркын хавтгай дэлгэцтэй зурагт, индукцэн плитка, битүү чанагч, аяга, халбага, таваг зэрэг эд зүйлс байсан. Тийм эд зүйлс байсныг хураан авч Бэлх-10-т хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...дуудлагаар очиж шалгахад далангийн хажууд 4 залуу архи, согтууруулах ундааны зйүл хэрэглэчихсэн байдалтай байж байсан. Шалгаад үзэхэд тэр залуучууд хулгай хийсэн талаар яриагүй. Ойр орчимд үзлэг хийхэд зүүн урд талын гудамжны үзүүрт байх хашааны хажууд өвсөн доор нуусан байдалтай эд зүйлүүд олдсон. Түүнийг хураан авч тэмдэглэл үйлдээд хавсаргасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт ¹5594:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн “1,2” гэж дугаарласан 2 ширхэг гарын гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна. Харин “3,9” гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна. 

2. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд 2555401, MN0000ШШГ03280, 28396 дугаараар 7 удаа бүртгэгдсэн Нэргүй овогтой Батрагчаагийн баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

…” гэжээ /161-162 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 10-11, 154 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зурагт – 130.000 төгрөг,
  • Коко маркийн саарал өнгийн индукцэн плетка – 55.000 төгрөг,
  • Акира маркийн битүү чанагч - 35.000 төгрөг,
  • Адидас брэндийн хар алаг өнгийн эрэгтэй пүүз – 35.000 төгрөг…” гэжээ /хх 15 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: “…

  • D60 зургийн аппарат- 1.300.000 төгрөг
  • Филипс маркийн сахлын машин – 127.000 төгрөг,
  • Гар утас – 20.000 төгрөг
  • чихэвч - 20.000 төгрөг
  • Хар өнгийн найк брэндийн цамц – үнэлэх боломжгүй…” гэжээ /хх 153 дугаар хуудас/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 104-109, 139-142/, , шинжээчийн дүгнэлт ¹429 /хх-ийн 83-94/, эд зүйлийн үнэлгээ /хх 119-120/, гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 68-70/, гэрч Б.Баттогтохын мэдүүлэг /хх 159/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх 197/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 209/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх 206/, ял шалгасан хуудас /207/ хувийн байдал тогтоосон баримт /хх 208-209/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Н.Батрагчаа нь согтуугаар:

- 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-75 тоотод оршин суух иргэн Д.Аюушийн гэрт нэвтэрч “ТСЛ” маркийн 32 инчийн зурагт, индукцэн плитка, 1 хос пүүз, битүү чанагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж 255.000 төгрөгийн,

 

            - давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн О.Энхбаатарын хувийн сууцанд нэвтэрч “Канон D60” маркийн зургийн аппарат, “Филипс” маркийн сахлын машин, “Самсунг” маркийн гар утас, гар утасны чихэвч, жижиг мөнгөн аяга, зурагтны удирдлага, куртик, цамц, подволк, жинсэн өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.467.000 төгрөгийн, нийт 1.722.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Батрагчаагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Аюуш, О.Энхбаатар нарын мэдүүлэг, гэрч Д.Батсайхан, Г.Батболд нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн №5594, 429 шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Иймд шүүгдэгч Н.Батрагчааг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Батрагчаа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт баривчлах ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн боловч энэ хугацаа нь Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар шүүх тусгайлан шийдвэр гаргахгүй юм.

 

Иймд шүүгдэгч Н.Батрагчааг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Батрагчаад ял оногдуулахад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Н.Батрагчаа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Батрагчаагаас 1.467.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч О.Энхбаатарт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Батрагчаагийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь: 

 

            1. Гал боржигин овогт Нэргүйн Батрагчааг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Батрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Н.Батрагчаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батрагчаагийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батрагчаагаас 1.467.000 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Энхбаатарт /РД:ЁС79072514/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Батрагчаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 2017 оны  03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ял эдлэх хугацааг тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батрагчаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН