| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 110/2026/0070/З |
| Дугаар | 221/МА2026/0594 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0594
С.Б-ы нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Б
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 110/2026/0070/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-аас Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан гаргасан “Төрийн албанд тасралтгүй ажилласны нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 7,680,000 төгрөг гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгч С.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг болон Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан журамд эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж тогтоогдсон, эсхүл төрийн албанаас халагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хориг, хязгаарлалт байхгүй байхад анхан шатны шүүх хуульд байхгүй агуулгыг тайлбараар бий болгож, хуулийг буруу хэрэглэсэн.
2.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж, хуульд заасан 5 жилийн хугацааг хангасан тул мөнгөн урамшуулал авах эрх үүссэн бөгөөд эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж тогтоогдсон нь ажилласан хугацааны үндсэн дээр үүссэн уг эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
2.3. Мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 оны аймгийн төсөвт Байгаль орчны газрын төрийн албан хаагчдын нэг удаагийн мөнгөн урамшууллын зардлыг баталсан байхад энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн үнэлээгүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган, төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласны нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 7,680,000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
3.Нэхэмжлэгч С.Б нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Цэнгэл сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс томилогдон ажиллаж, 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5 жил /60 сар/-ийн хугацаа бүрдсэн байна.
Нэхэмжлэгчээс дээрх хугацааг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан мөнгөн урамшууллыг олгуулахаар шаардсан бол хариуцагчаас уг урамшууллыг олгох үндэслэлгүй гэж татгалзсанаар энэхүү маргаан үүсжээ.
4.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд гарсан Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралт ёсоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-д төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор уг урамшууллыг олгохоор, 2.1-д Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй 5 жил /60 сар/, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авахаар тус тус зохицуулжээ.
5.Хэдийгээр нэхэмжлэгчийн төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5 жил /60 сар/-д хүрсэн боловч түүнд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол үүнээс өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар төрийн албанаас халжээ. Иймд нэхэмжлэгчийн мөнгөн урамшуулал авах эрх үүссэн эсэхийг шийдвэрлэхдээ зөвхөн 5 жил /60 сар/-ийн хугацаа бүрдсэн эсэхээр хязгаарлан дүгнэхгүй, уг хугацаа бүрдэхээс өмнө Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан нөхцөл бий болсон үйл баримтыг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг болон Засгийн газрын 2024 оны Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.1, 2.1-д заасан мөнгөн урамшууллын зорилго, түүнийг олгох нөхцөлтэй уялдуулан авч үзэхээр байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 5 жил /60 сар/-ийн хугацаа бүрдэхээс өмнө Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан төрийн албанаас халах үндэслэл бий болсон байх тул зөвхөн албан тушаалаас халах тушаал 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан гэх үндэслэлээр түүнийг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй.
Иймээс нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзээгүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан журамд эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж тогтоогдсон, эсхүл төрийн албанаас халагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хориг байхгүй. ...” гэжээ.
Гэтэл мөнгөн урамшуулал авах эрх үүссэн эсэхийг зөвхөн урамшуулал олгохыг хориглосон зохицуулалт байгаа эсэхээр тодорхойлохгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг болон Засгийн газрын 2024 оны Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д заасан мөнгөн урамшуулал авах нөхцөл тухайн этгээдийн хувьд бүрдсэн эсэхийг холбогдох бусад зохицуулалт, тогтоогдсон үйл баримттай уялдуулан дүгнэх шаардлагатай.
7.Мөн Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/652 дугаар албан бичигт ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамаарч мөнгөн урамшуулал олгохыг хориглосон зохицуулалт байхгүй талаар дурдсан гэж тайлбарласан ч уг албан бичигт дурдсан нөхцөл нь нэхэмжлэгчийн мөнгөн урамшуулал авах эрх үүссэн эсэхийг дангаар тодорхойлох үндэслэл болохгүй бөгөөд шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн 2026 оны төсөвт төрийн албан хаагчдын мөнгөн урамшууллын зардлыг тусган баталсан нь уг зардлыг санхүүжүүлэх эх үүсвэртэй холбоотой болохоос нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал авах эрхийг бие даан үүсгэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж тус тус зааснаар тэтгэмж авахтай холбоотой нийтлэг баталгаа нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буй төрийн албан хаагчид хамаарах тул гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож, ажлаас халагдсан төрийн албан хаагч асан нэхэмжлэгчид хамааруулан үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Бы давж заалдах журмаар гаргасан “... төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил ажилласан тул мөнгөн урамшуулал авах эрх үүссэн, хууль болон журамд уг эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2026/0075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ОДМАА