Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/03325

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/03325

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Суманг плаза 0 тоот хаягт байрлах, С.П ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Техник импорт байр, 0 дугаар давхар, 0 тоот хаягт байрлах, Х.Б.Т ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.П ХХК, хариуцагч Х.Б.Т ХХК-иудын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сан-20-02 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгууллагдсанд ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээний дагуу С.П ХХК үүргээ бүрэн биелүүлж 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 85,716,800 төгрөгийн үнэ бүхий 41,210 литр, 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 88,149,600 төгрөгийн үнэ бүхий 44,520 литр, нийт 173,866,400 төгрөгийн үнэ бүхий 85,730 литр газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч Хонгорбээс транс-д хүлээлгэн өгсөн. Гэвч Х.Б.Т ХХК төлбөрийг цувуулж төлөөд үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар 75,000,000 төгрөг байна. С.П ХХК худалдан авалтаа хиймээр байна гэрээний үүргээ биелүүл гэж удаа дараа шаардлага тавьдаг, энэ шаардлагад хариуцагч талаас төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн, С.П ХХК-д валютын ханшны зөрүү, худалдан авалтын тооцоолоогүй алдагдал, хөрөнгө оруулалт гэх мэт алдагдал үүсээд байгаа. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар 0.5%-ийн алданги тооцохоор заасан. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрээгээд зогсоосон байгаа, 75,000,000 төгрөгийн 50 хувь нь 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг Х.Б.Т ХХК-иас гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 5,000,000 төгрөг төлсөн нь үнэн гэв.

 

Хариуцагч Х.Б.Т ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-өдрийн 39 дүгээр тогтоолоор Улсын онцгой комисоос хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх хөдөлгөөнийг хаасан. Дэлхий нийтийг хамраад байгаа короно вирусын гэнэтийн эрсдэлээс болж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Нэхэмжлэгч С.П ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-ний дагуу тус компаниас нийт 173,866,400,00 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүн авсан бөгөөд 103,866,400,00 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 70,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үнэн болно. Нүүрс тээвэрлэлт зогссоноор манай компанид орж ирэх ажлын хөлс цаг хугацаандаа орж ирэхгүй байгаа нь манай компанид санхүүгийн маш их хохирол учирч банкны зээл, зээлийн хүүг ч төлж чадахгүй хойшлуулж, сэлбэг шатахууны авлагатай тээврийн компаниудаас авлагаа авч чадахгүйд хүрч байна. Иймд бид алданги төлөхгүйгээр үндсэн төлбөрийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийн оронд Офицеруудийн ордны Комфорт хотхоны шинэ 32.42 м.кв 2 өрөө байрны гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө. Гэрээний 8 зүйлийн 8.1-т Тахал болон байгалийн бус хүчин зүйл гээд онцгойлоод гэрээн дээр тусгасан байгаа, өөрөөс хамаарахгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас алдангийг тооцохгүй байхыг хүсэж байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П ХХК нь хариуцагч Х.Б.Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Х.Б.Т ХХК нь ... нэхэмжлэгчээс газрын тосны бүтээгдэхүүн хүлээж авсан нь үнэн, үндсэн төлбөр дээр маргаан байхгүй, Ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хямарч бусдаас авах авлага маань саатаж, төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан алдангиас чөлөөлж өгнө үү гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.П ХХК нь хариуцагч Х.Б.Т ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг үнийг төлөхөөр тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Х.Б.Т ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 85,716,800 төгрөгийн үнэ бүхий 41,210 литр, 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 88,149,600 төгрөгийн үнэ бүхий 44,520 литр, нийт 173,866,400 төгрөгийн үнэ бүхий 85,730 литр газрын тосны бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч С.П ХХК-иас хүлээж авсан нь зарлагын баримт /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/-аар тогтоогдож байх ба энэ талаар болон үндсэн төлбөрөөс 75,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байгаа талаар маргаагүй тул дээрх үндсэн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., мөн зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 4.2-т Гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг ба худалдан авсан бүтээгдэхүүнийг худалдан авагч талд нийлүүлэхээр ачилт хийсэн өдрөөс хойш хуанлийн 14 хоногт багтааж барагдуулах бөгөөд төлбөр төлөх хугацаа дууссан хоёр дахь хоногоос хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй бөгөөд гэрээний алдангид 37,5000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Б.Т ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 75,000,000 төгрөг, алдангид 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 7 дугаар сард хариуцагчийн төлсөн гэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул төлсөн энэ төлбөрийг хасч, хариуцагч Х.Б.Т ХХК-иас гэрээний үүрэгт 107,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... цар тахлын улмаас эдийн засаг хямарч төлбөрийн чадваргүй болсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбар нь үндэслэлгүй, төлбөрийн чадваргүй болсон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ шалтгаанаар гэрээгээр тохирсон алдангиас чөлөөлөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х.Б.Т ХХК-иас гэрээний үүрэгт 107,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 695,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР