Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/03326

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/03326

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин байх, Ш-12 С.Ө.Х-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, Б овогт Э-ын А /РД: 00000000/-д холбогдох,

 

Сууц өмчлөгчийн холбооны төлбөрт 563,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш-12 С.Ө.Х-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь 2005 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх тухай Баянгол дүүргийн засаг даргын 59 дугаартай гэрчилгээтэй. Харьяа орон сууцнуудын орц, хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн ханган ажиллаж байна. Манай холбоонд тус хорооны 0 дугаар байрны 0 дугаар орцны 0 тоотод оршин суух Э.А нь 2017 оны 11, 12 дугаар сарын 51,800 төгрөг, 2018 оны 1-ээс 12 дугаар сарын төлбөр 192,000 төгрөг, 2019 оны 1-ээс 12 дугаар сарын 192,000 төгрөг, 2020 оны 1-ээс 8 дугаар сарын төлбөр 128,000 төгрөг, нийт 563,800 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай мэдэгдлийг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Манай холбоо нь 1 айлаас сард засварт 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 6,500 төгрөг, лифт 6,000 төгрөг, баримтны 100 төгрөг, нийт 16,600 төгрөг авдаг. Иймд хариуцагч Э.А-гаас 563,800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.А-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Яагаад төлөхгүй байна гэвэл манайх 9 дүгээр давхарт байдаг. 2016 онд дээврээс дусаал гоожоогүй, 2017 оноос хойш цас хайлж эхэлснээс хойш ус гоожиж эхэлсэн. СӨХ-ны даргадаа 8 дугаар сард засаад өг гэж хэлсэн. Зун хүртэл ус гоождог. Өвлийн 3 сар гайгүй бусад үед байнга ус гоождог болохоор байнгын цэвэрлэгээ хийнэ. Нойл болон 2 айлын дундын коридорын турба дагаж ус гоождог, ванны өрөөний хана болон жижиг өрөө бохир болдог. 2017 оны борооны улмаас 6 давхар хүртэл ус гоожсон, коридор дагаж гэр лүү ус орсон, цэвэрлээгээний тал дээр одоо хүртэл жижүүр байхгүй, СӨХ-ны дарга байхгүй, хариуцах этгээд байхгүй. Манай 9 дүгээр давхарт байнга согтуу хүн орж ирнэ. Миний зүгээс гол шаардлага нь гэвэл манай дээврийг засаад өгвөл би 8-н сарын төлбөрөө төлнө. СӨХ-ны 1 сарын төлбөр 16,600 төгрөг ба түүний задаргаанд маргаан байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш-12 С.Ө.Х нь хариуцагч Э.А-д холбогдуулан 2017 оны 11, 12 дугаар сарын хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифтны төлбөрт 51,800 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын төлбөрт 192,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрт 192,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрт 128,000 төгрөг, нийт 563,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... Манай дээврээс ус гоождог, орцны жижүүр байхгүй, орцонд гадны хүн орж ирдэг, цэвэрлэгээ үйлчилгээ муу гэж тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Э.А мөн эсэх, тухайн орон сууц нь Ш-12 С.Ө.Х-д харьяалагддаг эсэх талаар талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч Э.А нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрийг 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш-12 С.Ө.Х нь 1 сард нэг өрхөөс засварын зардалд 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 6,500 төгрөг, лифт 6,000 төгрөг, баримтны 100 төгрөг, нийт 16,600 төгрөг төвлөрүүдэг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Иймд хариуцагч Э.А-гаас 2017 оны 11, 12 дугаар сарын хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифтны төлбөрт 51,800 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын төлбөрт 192,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрт 192,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 128,000 төгрөг, нийт 563,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь сард 1 өрхөөс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 16,600 төгрөг төвлөрүүлдэг гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тооцооллоос үзэхэд 192,000 төгрөг : 12 сар = 16,000 төгрөг болж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Агаас 563,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш-12 С.Ө.Х-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР