| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0182/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408000000007 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод байрлах хохирогч **********ын гэрээс “redmi note 12 pro plus” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 841,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Миний утас эвдэрсэн, утсаар нь ярьж байгаад аваад гарчихсан. Зүйлчлэлийг зөвшөөрч байна, миний буруу” гэв.
Эрүүгийн 2408000000007 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********ын: “2023 оны 12 сарын 03-ны өглөө 09 цагийн орчим ажлаас бууж гэртээ ирээд унтсан. Тэр үед эхнэр гэртээ байсан. Намайг 17 цагийн орчим сэрэхэд гэрт эхнэрийн найз гэх үл таних ********** гэх эмэгтэй ирсэн байсан. 03-04-нд шилжих шөнө манай эхнэр ******************** найз **********тай пиво ууж эхэлсэн. 04 цагийн орчим орон дээрээ хэвтэхэд эхнэр хажуугаар орж ирж хамт унтсан. Өглөө эхнэр “утсаа өгч байгаач” гэтэл миний утас байгаагүй. Тухайн үед эхнэр “********** утсыг чинь аваад явчихсан байна” гэсэн. ...2023 оны 12 сарын 06-ны өдөр миний гар утсыг надад буцааж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дэх тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023.12.05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 1034 дүгээр тайланд: “redmi note 12 pro plus” маркын гар утас 1 ширхэг 831,000 төгрөг, Мобиком сим карт 1 ширхэг 5000 төгрөг, Юнителийн сим карт 1 ширхэг 5000 төгрөг, нийт 841,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 24-26 дахь тал),
Иргэн ********* хийх барьцаат зээлийн гэрээ (хх-19), эд зүйл хүлээлгэн өгсөн “redmi note 12 pro plus” маркын гар утсыг ********************д 2023.12.06-ны өдөр хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хх-21),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-44), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-48), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-49), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-53, 54), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-59), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-60) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод байрлах хохирогч **********ын гэрээс “redmi note 12 pro plus” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 841,000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч **********ын мэдүүлэг (хх-7-9), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-24-26), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-21) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Е.**********ын хохирогчийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, унтсан хойгуур нь хохирогч **********ын эзэмшлийн гар утсыг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********ад 841,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн (хх-21), хохирогчийн “Утсаа буцааж авсан” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-9, 53)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод оршин суух хохирогч **********ын “redmi note 12 pro plus” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 841,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр мөрдөн шалгах ажиллагаанаас маргаагүй, хүлээн зөвшөөрч ирсэн. Учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч **********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогчийн гэрт очин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар унтсан хойгуур нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн эзэмшлийн гар утсыг хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 841,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт *********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Е.**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР