Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/03391

 

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/03391

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт М-ын Н /РД: 00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол, 0 дүгээр баг, Хайрхан тосгон, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух, З овогт Д-ийн А /РД: 00000000/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие М.Н нь Д.А-тэй 2016 онд танилцаад жирэмсэн болсон. Хүүхдээ нууж явсаар байгаад том болсон тул аргагүйн эрхэнд хүүгээ төрүүлсэн. 2018 оны 7 дугаар сард би 4 сартай жирэмсэн байхдаа Д.А өөр хүнтэй холбогдож зан харилцаа болон бусад зүйлс таарч тохирохгүй болсны улмаас бид салсан. Би 7 сартай жирэмсэн байхдаа Швейдийн вант улсын Стокольм хот руу явж, тэндээ амаржиж охин Н.М-ыг төрүүлсэн. Төрсний гэрчилгээг нь тэндэхийн элчин сайдын яамнаас авч, өөрөөрөө овоглосон. Охиноо 3 сартай байхад Монголдоо ирж Д.А-тэй уулзахыг оролдсон боловч бүтээгүй. Иймд хариуцагч Д.А-гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие Д.А нь 2016 онд М.Н-тай танилцсан. Би охин Н.М-ыг өөрийн охин гэдэгт эргэлзэж байсан. Шүүхийн шинжилгээний байгууллагын эцэг тогтоох шинжилгээний хариутай танилцлаа. Эргэлзээ арилсан. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Д.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Н, хариуцагч Д.А нар 2016 онд танилцаж, гэрлэлтээ батлуулаагүй, охин Н.М-ыг 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Швед улсын Стокгольм хотод төрүүлсэн болох нь 752Е1000018 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар, мөн охин Н.М- нь хариуцагч Д.А-н төрсөн охин болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5251 дүгээр ... Д.А нь Н.М-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна. гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг ба эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилжээ. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2019 оны 1 дүгээр сарын 13-нд охин Н.М-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжилгааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.А-гөөс тэтгэлгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 1 дүгээр сарын 13-нд охин Н.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.А-гөөс гаргуулан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР