| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-02-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
хохирогч ***********,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308021232008 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***********нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “***********”-ын хашаан дотор хохирогч ***********тай маргалдан заамдаж, эргүүлэн дарж унагааж эрүүл мэндэд “баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй байгаа. Хохирлыг төлнө. Хохирогчийн машиныг шууд засах боломжгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйя. Алдаагаа засахыг, мөн дахин ийм хэрэгт оролцохыг хичээж байна” гэв.
Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 6 дугаар сарын 23-нд засварын инженер ***********тай уулзаж машинаа засуулах гэтэл маргаад зодуулсан. Олон жил хамт ажилласан, зан ааш нь эвдэрч байгаа. Түүнээс болж ажлаасаа гарсан. Намайг яаж байна гэж нэг ч асуугаагүй, туслаагүй, 5 сар ажилгүй байна. Хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд улам хохирсоор байна. Заамдаад л дараад авсан. Нэг мэдсэн хөл даагдахаа болиод босож ирсэн. 4,5 сая төгрөг хүмүүсээс авсан. Дараалал байдаг ч тэр өдөр байгаагүй. Шүүгдэгч утсаараа тоглоод сууж байсан. Шүүгдэгчийг удаа дараа торгосон. Торгох ялыг зөвшөөрөхгүй” гэв.
Эрүүгийн 2308021232008 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********гийн: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би ээлжтэй гэж бодоод өөрийн жолооддог ********* улсын дугаартай маркын 136 номерын автобустай Офицер дээр шугаманд явж байтал диспетчэр залгаад “танайх давхардаж явж байна өнөөдөртөө буу” гэхээр нь би тэндээс явсаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байрладаг “*********” автобус бааз дээрээ ирсэн. Тэгээд би “өнөөдөр амрах юм байна, амарсан дээрээ автобусныхаа хойд талын сэвийг арилгуулья” гэж бодоод засварын инженер *********** дээр очоод уулзсан чинь “өнөөдөр засаж чадахгүй” гэхээр нь би “яагаад” гэсэн чинь “чадахгүй, чи муу миний ажлыг заадаг хэн бэ, чи яагаад ийм том болчихсон юм, муухай ааш гаргаад яваад байдаг” гэхээр нь “миний ааш чамд ямар хамаатай юм” гэж маргалдаж, муудалцаж байхдаа би газраас чулуу аваад *********** руу шидсэн боловч оноогүй. Өөрөө бултсан, тэгснээ ирээд намайг заамдаж аваад автобус руу шахаад заамдсан чигээрээ биеийг маань эргүүлээд доош дарахдаа хөл маань хөшигдөж газар унасан. Намайг газар унагаачихаад цаашаа яваад өгсөн. Би босох гэсэн боловч хөл өвдөөд босож чадаагүй, арай гэж боссон. Би бааз дээрээ амарч байгаад тухайн өдрөө автобустай шугаманд яваад орой буусан. Тэр өдрөөс хойш хөл нэг эвгүй болчихсон, би зөөлөн эдийн няцрал байх, гайгүй байх гэж бодоод яваад байсан боловч 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд хөл хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.06.27-ны өдрийн 8110 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********гийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
Шинжээч Б.Баяртогтохын: “***********гийн биед учирсан баруун шилбэний тахилзуур ясны толгой хэсэг зөрүүгүй хугаралтай гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Ер нь шилбэнд шаант болон тахилзуур яс байдаг. Нэг нь бүдүүн, тахилзуурын хувьд нарийн ясны бүтэцтэй байдаг. Энэ хугарлын үед нарийн яс нь зөрүүгүй далд хугарсан байна. Энэ үед тодорхой хэмжээний ачаалал авах боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
Гэрч ***********: “...тухайн өдөр би засварын инженер ***********тай гараашийн гадаа автобус дотор утсаар тоглоод сууж байсан. Тэгтэл жолооч *********** ирээд ***********д “автобусаа засуулъя” гэхээр нь “засварчин өөр машин дээр засвар хийж байна, дуусгаад болъё” гэсэн чинь *********** ойр ойрхон ирээд “болж байна уу, ажлаа хийлгэе” гээд уурлаад байсан. Үүнээс болж ***********, *********** хоёр хэрэлдээд маргалдаж эхэлсэн. *********** *********** руу чулуу авч шидэхэд нь *********** болиулах гээд тэвэрч авсан, тэгээд бага зэрэг ноцолдсон юм шиг байна лээ. ...*********** газар унасан байж магадгүй, өмд нь шороо болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
Гэрч ***********: “...гараашийн гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг байхаар нь гараад хартал хамт ажилладаг засварын инженер ***********, жолооч *********** нар маргалдаад зогсож байсан. *********** нь цагдаа дуудлаа гээд явсан. Удалгүй цагдаа нар ирээд ***********торгуулсан гэж байсан. Маргаан болоод *********** *********** руу чулуу шидээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Гэрч ***********: “2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бааз дээрээ байхад жолооч *********** гэх эмэгтэй гэнэт орилж хашгичаад инженер залуу руу чулуу шидээд байгаа харагдсан. *********** *********** руу ойртоод чулуу шидээд байхаар нь болиулах шиг болсон. Энэ хоёр хоорондоо нилээн маргалдаад байсан. ***********, ***********д “чи намайг зодсон, чамайг цагдаад өгнө” гэж байсан. *********** газар унасан бололтой хувцас нь шороо болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
Гэрч ***********: “2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ...09 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд байрлах автобус бааз дээр “Намайг зодоод байна гэх” дуудлага, мэдээллийг очиж шалгахад *********** гэх эмэгтэй дуудлага, мэдээлэл өгсөн байсан. Ажлын газрын залуу ***********д зодуулсан гэж ярьсан. *********** гэх эмэгтэй нь “миний автобус болохгүй байна гээд засварчин ***********д засаад өгөөч гэж хэлсэн чинь “засахгүй” гэх мэтээр хоорондоо маргалдсан. Даамжирч маргалдаж муудалцаж байгаад ***********г дарж унагаасан” гэх зүйл ярьж байсан. Тухайн үедээ ***********, *********** гэх хоёр хүн хоорондоо ярилцаж тохиролцсон бололтой цаашдаа цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэхээр нь мөн ***********гийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар ***********д 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч дуудлага, мэдээллийг шийдвэрлэсэн. *********** баруун хөл өвдөөд байна л гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Гэрч ***********: “2023 оны 6 дугаар сарын эхээр байх автобус баазын засварын инженер ***********, надтай автобусны жолоочоор ээлж солилцдог *********** нар маргалдаж, муудалцсан сураг байсан. Би ***********тай нэг их уулзалдаагүй. Нэг удаа утсаар ярихад тухайн өдрөө шугамдаа явсан, миний хөл хавдаад байна, эмнэлэгт үзүүлнэ, хугарсан юм шиг байна, би нэг хэсэгтээ явж чадахгүй байна гэж байсан. Тэрнээс хойш *********** ажилдаа ирээгүй, саяхнаас ажлаас гарсан, тушаалаа авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “*********** бусдад зодуулсан” гэх тэмдэглэл (хх-5), дуудлагын лавлагааны “Намайг зодоод байна” гэх хуудас (хх-7), мөрдөгчийн тогтоол (хх-74), амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар (хх-75-79), хохирлын баримтууд (хх-80-90),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-53), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-54), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-55), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-56), жолоодох эрхийн лавлагаа (хх-57), дансны хуулга (хх-58-60) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шийтгэх тогтоолуудын хуулбар зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “********” дотор хохирогч ***********тай маргалдаж, заамдаж, эргүүлж дарж унагааж эрүүл мэндэд “баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс баримтаар тогтоогдсон 118,664 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,
хохирогч “Байхгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Бусад хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “***********”-ын хашаан дотор хохирогч ***********тай маргалдан заамдаж, эргүүлэн дарж унагааж эрүүл мэндэд “баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********гийн “...би газраас чулуу аваад *********** руу шидсэн боловч оноогүй, бултсан. Тэгснээ ирээд намайг заамдаад автобус руу шахаад заамдсан чигээрээ биеийг маань эргүүлээд доош нь дарахад хөл хөшигдөж газар унасан...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүх эмнэлгийн 8110 дугаар “1. ***********ы биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-44-45), шинжээч Б.Баяртогтохын “***********гийн биед учирсан баруун шилбэний тахилзуур ясны толгой хэсэг зөрүүгүй хугаралтай, гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-50), гэрч *********** “...***********д засаад өгөөч” гэж хэлсэн чинь “засахгүй” гэх мэтээр хоорондоо маргалдсан. Даамжирч маргалдаж муудалцаж байгаад ***********г дарж унагаасан гэх зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-25-26), гэрч *********** “...***********, *********** хоёр хэрэлдээд маргалдаж эхэлсэн. *********** *********** руу чулуу авч шидэхэд нь *********** болиулах гээд тэвэрч авсан, тэгээд бага зэрэг ноцолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хх-29), гэрч *********** “...засварын инженер ***********, жолооч *********** нар маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-35-36), гэрч *********** “...*********** гэх эмэгтэй гэнэт орилж хашгичаад инженер залуу руу чулуу авч шидээд байгаа харагдсан. *********** *********** руу ойртоод чулуу шидээд байхаар нь болиулах шиг болсон. Энэ хоёр нилээн маргалдаад байсан. ...*********** газар унасан бололтой хувцас нь шороо болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-39-40) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.***********ын хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***********г дарж унаган баруун шилбэний тахилзуур ясыг хугалж хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 416,344 төгрөгийн баримт гаргаж өгснөөс хавтаст хэргийн 85-88 дугаар талд авагдсан шатахууны 203,500+30,000+60,000+4180=297,680 төгрөгийн баримтуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хасаж, үлдэх 118,664 төгрөгийг шүүгдэгч А.***********аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан дээр төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “Бусдаас 4,5 сая төгрөг хүүтэй зээлсэн, нэхэмжилнэ” гэх боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилго, ажилтай, орлоготой зэргийг харгалзсан. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай...” гэж,
хохирогч “Удаа дараа торгоод байна. Муухай ааштай хүн шүү. Торгох ялыг зөвшөөрөхгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар хамт ажилладаг, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийг мушгиж дарж унаган эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 118,664 төгрөг төлөгдсөн, хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүй, арилаагүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан торгох ял оногдуулах дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“***********”-т засварын инженер ажилтай, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч ***********1,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах тухай”, хохирогчийн “Торгох ялыг зөвшөөрөхгүй” гэх дүгнэлт, хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагын төрөл болох үүрэг хүлээлгэх арга хэмжээг гагцхүү тухайн шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх ёстой ойлголт юм. Торгох ял оногдуулсан атлаа үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй төдийгүй нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшилж байгааг тэмдэглэж байна.
Түүнчлэн шүүгдэгч ***********урьд 2 удаа буюу 2021, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000, 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмын хүрээнд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц эрүүгийн хариуцлага болох 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Иймээс хохирогчийн “Удаа дараа торгосон, торгох ялыг зөвшөөрөхгүй” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********1,500,000 төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч *********** гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР