| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/02432/И |
| Дугаар | 102/ШШ2020/02972 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/02972
| 2020 10 09 | 102/ШШ2020/02972 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух Г А /РД:*, утасны дугаар:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Ц Б /РД:УЕ73091351, утасны дугаар: 99113060/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух Бын А /РД:*, утасны дугаар: */
9911-7475 дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б
нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А би өөрийн эзэмшилд байдаг Мобикомын 9911-7475 дугаарыг 2019 оны 3 дугаар сард Ц.Бт барьцаалж, 15,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээний хүүнд сарын 450,000 төгрөг буюу 3 сарын хугацааны хүүнд 1,350,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл болох 15,000,000 төгрөгийг Ц.Бт 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр буцаан төлсөн. Гэвч Ц.Б нь өнөөдрийг хүртэл миний эзэмшлийн 9911-7475 дугаарыг миний нэр рүү шилжүүлээгүй. Иймд 9911-7475 дугаарыг Г.Аын нэр дээр шилжүүлэхийг Ц.Бт даалган шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.А нь өөрийн эзэмшлийн 99117475 дугаарыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “С Ф” ХХК-д 15,000,000 төгрөгийн зээлд барьцаанд тавьсан. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 06-нд уг зээлийг Ц.Баар чөлөөлүүлсэн. Ингэхдээ Ц.Баас 15,000,000 төгрөгийг “С Ф ББСБ” ХХК-д шилжүүлж, дугаарыг хариуцагч Ц.Бын хүү Б.Агийн нэр дээр шилжүүлсэн юм. Ц.Бтай сарын 3 хувийн хүү 450,000 төгрөг төлөхөөр 15,000,000 төгрөгийг зээлж, уг төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлж дууссан. Гэвч Ц.Б нь Г.Аын 99117475 дугаарыг шилжүүлэхгүй байгаа тул тухайн дугаарыг Г.Аын нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Г.А нь Ц.Б, Б.А нарт холбогдуулан 9911-7475 дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгахыг шаарджээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий утасны дугаарыг барьцаалсан зээлийг хариуцагчаар чөлөөлүүлсэн ба түүний зээлийг төлж үүрэг дуусгавар болсон” гэж тайлбарласан байх ба хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй байна.
Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “С Ф ББСБ” ХХК-иас 15,000,000 төгрөгийг 730 хоногийн хугацаатай зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 9911-7475 дугаарын эзэмших эрхийг “С ФББСБ” ХХК-ийн ажилтны нэр дээр шилжүүлсэн, тухайн зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Б 15,000,000 төгрөгийг “С ФББСБ” ХХК-д шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн Г.Аын хүсэлтээр 9911-7475 дугаарын эзэмших эрхийг хариуцагч Б.Ад шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Г.Ааас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15,450,000 төгрөгийг “99117475 дугаарын зээл төлж дуусав” гэсэн утгаар хариуцагч Ц.Бын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдов.
Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас тэдний хооронд үүссэн харилцааг дүгнэвэл гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс Г.А, Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зээлийн болон эрх барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зохицуулсан ба харин хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Дээрх гэрээг талууд бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч Г.А нь зээлийн хүүд 450,000 төгрөг төлсөн байх ба зээлдэгч хүүг хүлээн зөвшөөрч төлсөн тохиолдолд талуудыг хүү тохироогүй гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү гэрээний үүргийг зээлдэгч Г.Аыг зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар хариуцагч маргаагүй, хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгт байгаа баримтуудыг үндэслэн зээлдэгч Г.Аыг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон”-оор барьцааны эрх дуусгавар болно гэж заасан боловч талууд барьцааны гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний үүрэг гэж байхгүй тул өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр олж авсан хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 99117475 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Ц Б, Баяуд овогт Бын А нарт 9911-7475 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч Г овогт Г Ад шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Б, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА