Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2018/00023

 

 2018            07              24                                           202/МА2018/00023

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2018/00218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Жанчивын гудамжны .... тоотод оршин суух, Амбуу овогт Б-ийн Б /РД:ЛЮ91051608/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 оны 08 дугаар сарын 15-ны төрсөн, 31 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, ..... айлын ... тоотод оршин суух, Ваанчиг овогт Ц-ийн  Н /РД:ЕН86081571/-т холбогдох

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Ц.Нтой танилцан, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн 0161185 дугаартай баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Н.Т, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Н.С нар төрсөн. Бага охиноо хэвлийдээ тээж байх үед буюу 2014 оны 05 дугаар сараас эхлэн Ц.Н нь өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас бидний харилцаа таарамжгүй болж, хэрүүл маргаантай байх болсон. ...Ц.Н нь ганц биш удаа дараа зодож байсан ч 2 хүүхдээ бодоод уучилж байсан. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй учраас бидний гэрлэлтийг цуцалж, 2 охиноо өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмнөх хурал хийснээс хойш ажилд ороод эвлэрээгүй байгаа. Хариуцагч өмнө ямар байсан одоо яг хэвээрээ байгаа. Одоо бол танихгүй хүн шиг байгаа. Миний хувьд хоёр хүүхэдтэйгээ л уулздаг гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хамтын амьдрал үүсгээд 7 жил гаруй хугацаа өнгөрсөн тогтвортой гэр бүл, бидний дундаас 2 охин төрсөн. Би охидууддаа болон эхнэртээ хайртай. Би эхнэр, хүүхдээ хүнээс дутуугүй амьдруулах хүсэлтэй явдаг... гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарта: Би эвлэрье гэж бодож байсан чинь өмнө хийсэн хурлын дараа Б.Б нь Бор-Өндөр сум руу явчихсан. Би амралтаар хүүхдүүдээ ээж дээр нь хүргэж өгсөн. Хүүхдийн амралт дуусахаар Даланжаргалан сум руу хүрээд ир гэхэд хүүхдүүдээ ирж авч чадахгүй бол яах гэж хүргэж ирсэн юм гээд байсан. Тэгээд надтай эвлэрэхгүй юм байна гэж би ойлгосон. Өмнөх шүүх хурлаас гараад шууд автобусанд суугаад Бор-Өндөр сум руу явчихсан. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байгаа. Хүүхдээ өөрийн асрамжинд авах бодолтой байгаа. Хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж хүмүүжүүлж чадна гэж бодож байгаа. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд одоогийн байдлаар өгөөд  гэрлэлт цуцлах асуудлыг зөвшөөрөөд хүүхдүүдийг одоогоор ээжид нь үлдээгээд хэсэг хугацааны дараа харж байгаад одоо байгаагаас дордсон байвал шүүхэд нэхэмжлэл гаргаад дахин шүүхэд хандах бодолтой байна гэв.

            2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Н нар харилцан тохиролцож доорхи нөхцлөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Н нар нь гэрлэлтээ цуцлуулахаар зөвшөөрч байна.  Охин Н.Т, охин Н.С нарын асрамжийн асуудлыг одоо шийдвэрлэхгүй, дараа нь шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцлоо. Охин Н.Т, охин Н.С нарыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эх Б.Бд өгч явуулна.  Эцэг Ц.Н нь охин Н.Т, охин Н.С нартай эх Б.Болор-Эрдэний зөвшөөрөлтэйгөөр уулзаж, авч явах болно. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын хувьд эцэг Ц.Н нь охин Н.Т, охин Н.С нарыг эх Б.Болор-Эрдэний асрамжинд байх хугацааны сар бүрийн 30-ны өдөр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр /87800+87800/ төлөхөөр тохиролцов гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ваанчиг овогт Цэдэндоржийн Н, Амбуу овогт Баяраагийн Б нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Н нар харилцан тохиролцож, охин Н.Т, охин Н.С нарын асрамжийн асуудлыг одоо шийдвэрлэхгүй, дараа нь шийдвэрлүүлэх, охин Н.Т, охин Н.С нарыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эх Б.Бд өгч явуулж, эцэг Ц.Н нь хүүхдүүдтэй эх Б.Болор-Эрдэний зөвшөөрөлтэйгөөр уулзаж, авч явах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын хувьд эцэг Ц.Н нь хүүхдүүдийг эх Б.Болор-Эрдэний асрамжинд байх хугацааны сар бүрийн 30-ны өдөр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр /87800+87800 = 175 600/ нийт 175600 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Б.Болор-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ноос 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ноос 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48 665  төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгаж,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдсан гомдолдоо: Миний бие нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх хурал дээр Н.Т, С нарыг өөрийнхөө асрамжинд 3 сар авах эвлэрлийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх хуралдааны дараагаар Улаанбаатар хот руу 3 хоног сургалтанд суучихаад ирээд хүүхдүүдээ авъя гэсэн боловч Н нь утсаар яриулахгүй өдийг хүрч байна. Н нь хүүхдүүдээ хар багаас нь өсгөөгүй шүүхээр салж байгаа болохоор л нэг сайн аав болох гэж л яваад байх юм. Одоо ч өөрөө хардаггүй, насанд хүрээгүй хүүгээр харуулаад байгаа. Гэр бүлээс гадуурх харилцаатай. 2 охин минь заримдаа хоёулахнаа байдаг. Би 2017.07.15-нд 2 охиноо аваад Нийн хөдөө гэрт очиход ах Гантулга нь охин Тыг хүчирхийлэхийг завдсан. Эх хүний хувьд охин хүүхдүүдийг хараа хяналтгүй байлгамааргүй өөрийн асрамжиндаа 18 нас хүртэл нь авмаар байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б-ийн зүгээс анхан шатны шүүх дээр хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах талаар саналыг гаргаж байсан. Нийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Машинаар хүмүүсийг аялал зуучлалаар авч явдаг. Нэг явахдаа удаан хугацаагаар явах тохиолдол байгаа. Хүүхдүүдээ тэр болгон асраад байх боломжгүй байдаг учраас хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах саналыг гаргаж байсан. Эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсан үүргээ яагаад биелүүлэхгүй яваад байгаа юм бэ гэж Ноос асуухад хуулийнхаа дагуу шийдвэрлүүлэхээс өмнө би хүүхдүүдээ өгөхгүй гэсэн. Өмгөөлөгчид нь хүртэл би энэ талаар хэлж байсан. Хүүхдүүдийн хувьд өнөөдөр хараа хяналтгүй. Насанд хүрээгүй хүүхдээр хүүхдүүдээ харуулах эсхүл насанд хүрээгүй 2 хүүхэд нь гэртээ хонодог ийм байдал байгаа учраас Б-ийн хувьд эх хүний хувьд санаа зовохгүй байхын аргагүй байдаг. Тийм учраас хүүхдүүдийн асрамжийг эцэг эхийн хараа хяналт болон асран хамгаалах боломжтой нөхцөл байдлыг нь харгалзан асрамжийг нь шийдвэрлэхгүй бол яг одоо байгуулсан эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй. Цаана нь хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Тын хувьд 7 нас хүрчихсэн байгаа учраас шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх явцад насанд хүрээгүй байсан учраас саналыг авах боломжгүй гээд хурлыг хийсэн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 7 ба түүнээс дээш насны хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг тусгаж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой юм уу гэсэн өмгөөлөгчийн байр суурьтай байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамжийн асуудал болон гэр бүл цуцлуулах тухай маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд шүүхээр шийдвэр гарсан байгаа. Энэ шийдвэрийн гол агуулга нь хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан ийм гэрээг байгуулсан. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хүүхэд эрүүл өсч торних, сурч боловсрох нөхцөл нь хаана байна вэ гэдэг талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээр эцэг Нийн асрамжинд буюу эцэг Нийн өсгөх орчин 2 хүүхдэд арай илүү байна. Эх Б уурхайн ухсан нүх ихтэй, сургууль цэцэрлэгээс хол гэх зэрэг шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Н эцгийнх нь хувьд ямар байр суурьтай байдаг вэ гэхээр зуны 3 сар эх дээр нь байлгая, үнэхээрийн хүүхдийн тэтгэлэг шаардах нэхэмжлэл гаргах сонирхол байгаа бол зуны 3 сарын хугацаанд тэтгэлгийг төлөөд байлгая. Үнэхээрийн 3 сарын хугацаанд хүүхдүүд нь таатай орчинд сурч боловсрох эрх нь зөрчигдөхгүй, эрүү саруул өсөх эрх нь зөрчигдөхгүй байх юм бол хүүхдийн асуудлыг шийдвэрлүүлье гэсэн байр суурьнаас энэхүү гэрээг байгуулаад Б-ийн тавьсан бүх нөхцөлийг зөвшөөрөөд гэрээ байгуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гараад үүн дээрээ тусгуулаад байж байтал хүүхдээ өгөхгүй байна, явуулахгүй байна гэсэн асуудал гарч ирсэн. Тэгээд байж байтал давах гомдол гаргаад ирсэн. Нтой холбоо барьж энэ юу болоод байгаа юм бэ гэхэд хүүхдүүдээ аваад яв гэсэн чинь авч явахгүй гэсэн гэж хэлсэн. Утсан дээрээ ярьсан бичлэгээ хийсэн. Хүүхэд нь дагаад явъя гэсэн чинь авч явахгүй гээд автобусны зогсоол дээр янз бүрийн явдал болсон бичлэг нь байгаа яах вэ гэж хэлсэн. Эх нь авч явахгүй гэж байгаа бол өөр дээрээ байлгасан нь дээр байх гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн давах гомдолд гэр бүлээс гадуур явдалтай. Мөн хүүхдүүдээ хоёуланг нь үлдээгээд явдаг гэсэн зүйлийг дурдсан байна лээ. Үүнийг юу нотолсон юм бэ нотлосон баримт харагдахгүй байгаа. Мөн давж заалдсан гомдолд ноцтой зүйл яригддаг. Бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэсэн насаар нь хорих ялтай зүйлийг ярьдаг. Энэ талаар яагаад шалгуулдаггүй юм бэ. Тэр асуудлыг би гайхаад байгаа юм. Эвлэрлийн гэрээгээр бүх нөхцөлийг Н зөвшөөрөөд, зөвхөн хүүхдийнхээ эрх ашгийг бодоё, манай 2 хүүхэд зуны 3 сар эхтэй дээрээ байгаад үнэхээрийн таатай орчин бүрдээд байх юм бол заавал хүүдүүдээ авна гэсэн зүйл байхгүй гэсэн тайлбарыг надад хэлдэг. Хамгийн гол нь хүүхдүүд эрүүл саруул бойжих ёстой. Сурч боловсрох нөхцөл нь зөрчигдөхгүй байх ёстой. Таатай орчинд амьдрах ёстой. Таатай орчинд амьдарч байвал хүүхдүүдээ заавал авна гэхгүй гэсэн байр суурьтай байдаг юм билээ. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй. Эвлэрлийн гэрээний хугацаанд үнэхээрийн шинээр илэрсэн нөхцөл байдал илэрвэл дараагийн асрамжийн асуудал шийдвэрлэхэд нээлттэй гэсэн байр суурьтай байна гэв. 

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд  анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Нид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Н.Т, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Н.С нарыг өөрийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Ноор тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Н эс зөвшөөрч гэрлэлт цуцлуулахгүй гэж маргасан боловч  шүүхээс тэднийг эвлэрүүлэхээр заасан хугацаанд зохигчид эвлэрээгүй байна.

            Харин зохигчид 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхгүй гэсэн атлаа хүүхдүүдийг 2018 оны 06 дугаар сарын 06-наас эхлэн эх Б.Бд өгч явуулж, хүүхдүүдийг эхийн асрамжинд байх хугацаанд эцэг Ц.Ноор тэжээн тэтгүүлэх агуулгатай эвлэрлийн гэрээ нэртэй гэрээ байгуулжээ.

Анхан шатны шүүх зохигчдыг эвлэрлийн гэрээ байгуулсан гэж дурдаад гэрлэлтийг цуцалсан атлаа хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг ... тэжээн тэтгэх, ... тухайгаа бие даан ... харилцан тохиролцож болох хэдий ч дээрх гэрээгээр хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх асуудлын талаар тохиролцсон гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.

Учир нь аливаа эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байж хууль ёсны болох бөгөөд гэрээнд хүүхдийн асрамжийн асуудлыг нэг мөр шийдвэрлэлгүй, эхийн асрамжинд түр хугацаагаар байлгахаар, энэ хугацаанд эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр заасан нь хүүхдийн  эрх ашгийг зөрчсөн буюу нэгэнт гэрлэлт цуцалсан тохиолдолд цаашид хүүхдүүд хэний асрамжинд байж, эцэг, эхийн хэн нь хуульд заасан журмын дагуу тэтгэлэг төлөх зэрэг нь тодорхойгүй үлджээ.

Улмаар уг гэрээ нь дээрх хуулиудад нийцээгүйгээс шүүхээс гэрээг батлах үндэслэлгүйн гадна зохигчдыг хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх асуудлаар эвлэрсэн гэж үзэх боломжгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар энэ асуудлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй болно.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2010 оны  07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Н.Т, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Н.С нар төрсөн, зохигчид таарамжгүй харьцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдсоны гадна шинжээч дүгнэлтдээ /Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2018.02.12/ зохигчид эцэг, эх байх үүргээ хариуцлагатай адил тэгш биелүүлдэг, хүүхдүүдэд тавих анхаарал халамж сайн, тэд хоёул өөрийн орон байргүй, эхийн хувьд хүмүүжлийн эерэг аргыг ашигладаг, эцгийн хувьд сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулаас хүүхдийн эрхийг зөрчиж байсан гэжээ.

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Б.Болор-Эрдэний хувьд одоогийн амьдарч байгаа нөхцөл хүүхэд амьдрахад эрүүл ахуйн шаардлага хангахгүй  талаар дурдагдсан боловч энэ нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх цорын ганц үндэслэл биш бөгөөд охин Н.Т 7 настай, охин Н.С 3 настай  буюу хүүхдүүд бага насны байгааг болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан бусад нөхцлийг харгалзан, мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Ноор тэжээн тэтгүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 136/ШШ2018/00218 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц.Н нар харилцан тохиролцож, охин Н.Т, охин Н.С нарын асрамжийн асуудлыг одоо шийдвэрлэхгүй, дараа нь шийдвэрлүүлэх, охин Н.Т, охин Н.С нарыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эх Б.Бд өгч явуулж, эцэг Ц.Н нь хүүхдүүдтэй эх Б.Болор-Эрдэний зөвшөөрөлтэйгөөр уулзаж, авч явах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын хувьд эцэг Ц.Н нь хүүхдүүдийг эх Б.Болор-Эрдэний асрамжинд байх хугацааны сар бүрийн 30-ны өдөр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр /87800+87800 = 175 600/ нийт 175600 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдсугай.” гэснийг

“Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Н.Т, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Н.С нарыг эх Б.Б-ийн асрамжинд үлдээж, хүүхэд тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ноор тус тус тэжээн тэтгүүлсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                      Н.БАТЧИМЭГ