Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0100/З |
Дугаар | 128/ШШ2022/0374 |
Огноо | 2022-05-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2022/0374
2022 05 16 128/ШШ2022/0374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М***” ХХК, /РД:***/
Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох барилгын ажлын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, гэрч Т.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Барилгын ажлын 209/2021 дугаар бүхий зөвшөөрлийн гэрчилгээг “М” ХХК-нд олгосон.
Маргаан бүхий Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/347 дугаар албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1697, 02-02/2038, 02-02/2071 дугаартай албан бичгүүд, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/2293 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан ч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй, 2021 оны 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн зэрэг үндэслэлүүдээр “М” ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс цуцалжээ.
3. Нэхэмжлэгч “М” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/6029 дугаар бичгээр гардан авсан байна.
“М” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... “М” ХХК нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-А2203000139 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй 190,4 м.кв талбай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2004 оны 541 дугаар захирамж, 2011 оны 340 дугаар захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших гэрчилгээ болон гэрээгээр 575 м.кв газрын эрхийн хамт хуулийн дагуу эзэмшдэг бөгөөд дээрх газар дээр 4 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төслийн ажлыг эхлүүлэн ажиллах явцад Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг цуцлах тухай” 08/3437 дугаар албан бичгээр үндэслэлгүйгээр манай компанийн 2021 оны 209/2021 оны дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн.
4.1. Бид уг газраа 2015 оноос хойш зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах зорилгоор төлөвлөсөн барилгын төслийн ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллах явцад төрийн захиргааны байгууллага гаргасан шийдвэр, олгосон тусгай зөвшөөрлөө дур мэдэн дээрх байдлаар хүчингүй болгодог хууль бус үйлдлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагаар маргааныг шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахаар холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж 2020 онд барилгын зураг төслийг батлуулан шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг авч барилгын төслийг хэрэгжүүлэхээр хуульд заасан бүхий арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж ирсэн.
4.2. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзвэл энэ үндэслэлээ нотлох ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ бодит нөхцөл байдлыг тогтоогүйгээс үзвэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/3437 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хүн, хуулийн этгээдийн тэгш эрхийг хангах бөгөөд захиргаанаас хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахдаа зөвхөн нэг талын санаачлагаар асуудлыг шийдвэрлэх бус тухайн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүн, хуулийн этгээдийн саналыг сонсох, мэдээлэл өгөх байдлаар хамтран ажиллах ёстой байтал захиргааны байгууллага энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж, манай компанийн барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 6 дугаар сараас эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тухайн барилгын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 08/2018 дугаар албан бичгээр тухайн барилгын ажил нь хуульд заасан норм, дүрмийн дагуу явагдаж байгаа гэсэн хариуг Мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага нь үүний дараа 2 удаа барилгын ажлын төслийг цуцлуулах хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Уг хүсэлтдээ ямар нэгэн холбогдох ажиллагаа хийсэн тэмдэглэл болон хэмжилт хийсэн баримт материал хавсаргаж ирүүлээгүй. Барилга хоорондын зай ойртсон, норм дүрмийн зөрчилтэй байна гэдгийг албан бичигтээ дурддаг боловч Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох баримт бичгийг ирүүлээгүй. Үүний дараа Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбарласан шиг зөрчил байгаа бол бид 1-4 давхрын цонхыг битүүлээд зураг төслөө хийе гэсэн хариу өгсөн. Мөн барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт орж байгаа эсэхийг Барилгын хөгжлийн төвөөс тодруулахад Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар үндсэн бүтээцэд өөрчлөлт ороогүй, харин Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасныг үндэслэн баталгаажуулах боломжтой гэсэн хариу өгдөг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн өөрчлөлт орсон зургийг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт тус тус хүргүүлж байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гарч, барилгын ажлын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цуцлахдаа Мэргэжлийн хяналтын газрын 02/1627, 02/2038, 02/2071 дугаар албан бичгүүдийг болон барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байхад барилгын үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр цуцалсан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлийг дурдаж, сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг хуульд тусгасан зарчмыг захиргааны байгууллага хангаж ажиллах ёстой.
5.2. Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийг батлаад гэрчилгээ олгочхоод Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэлтэй эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр барилгын ажлын гэрчилгээг цуцалсан. Тухайн захиргааны байгууллага өөрийн гаргасан актын биелэлтийг хангах үүрэгтэй. Захиргааны байгууллагын гаргасан актаас үүдэн аж ахуйн, нэгж байгууллагууд тодорхой хэмжээний санхүүгийн зардал, хөрөнгө мөнгө гаргадаг бөгөөд холбогдох захиргааны байгууллага барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг барилгын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзээд олгосон учраас тодорхой хөрөнгө мөнгө зарцуулж барилга бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуулахдаа хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй. Иргэдээс барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлчихсэн байхад барилгын үйл ажиллагаа явуулсаар байна гэсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байдаг. Уг гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас байцаагч очиж хяналт шалгалт хийхэд ямар нэгэн барилгын ажил явагдаагүй байна гэж үзээд гомдлыг хаасан. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д “оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй” гэж заасан байх ба захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа уг эрхийг хангаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Мэргэжлийн хяналтыг газраас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэсэн ба тухайн албан бичгүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоосон баримт бичиг байхгүй байхад шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчиж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаанд нэхэмжлэгч байгууллага заавал оролцох ёстой. Гэвч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд”, 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” сонсох ажиллагааг явуулахгүй байх нөхцөлийг үндэслэсэн байдаг. Гэхдээ энэ нь ямар иргэнээс гомдол гаргасан, мөн нийтийн ашиг сонирхолд яаж сөргөөр нөлөөлж байгааг шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд өнөөдрийг хүртэл нотлох баримт ирүүлээгүй. Сүүлд хавтаст хэрэгт хавсаргасан сансрын зураг нь хэзээ авсан нь тодорхойгүй бөгөөд тухайн зургаар нотлогдох эсэх нь эргэлзээтэй байна. Захиргааны байгууллага нь ямар нэгэн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа шийдвэр гаргах ёстой.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн захиалгатай үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын ажлын 2021 оны 209/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1697, 02-02/2038, 02-02/2071 дугаартай албан бичгүүд, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/2293 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан ч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй, 2021 оны 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн зэрэг үндэслэлүүдээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан.
6.1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.1.5 дахь заалтуудыг үндэслэн сонсох ажиллагааг хийх шаардлагагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт тус газрын (тухайн үеийн албан тушаалаар) Хуулийн хэрэгжилт, мониторинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б*****атзоригт миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон байна. Гэвч тухайн хэрэгт Барилга хоорондын зай хэмжээ, Барилгын норм ба дүрэм, стандарт зөрчигдсөн асуудлаар хариулт өгөх боломжгүй бөгөөд Архитектор чиглэлийн албан хаагчийн чиг үүрэгт хамаарах асуудал байх тул өөр олгогдсон итгэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авна уу” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэг өгсөн 2 мэргэжилтний тайлбарыг дэмжиж байна. Мөн сүүлд нотлох баримтаар агаар сансрын зураг өгсөн ба тухайн зураг нь нийтэд илэрхий буюу google map-аас татаж авсан зураг учраас нотлох баримтын шаардлага хангуулах боломжгүй. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газартай ажлын уялдаа холбоотой ажиллаж, барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш барилгын ажил явагдаж байгааг тогтоосон. Иймд өмнө гаргасан тайлбараа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч “М” ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “ Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон маргаж байна.
2.1. 2020 онд барилгын зураг төслийг батлуулан, тусгай зөвшөөрлийг авч, барилгын төслийг хэрэгжүүлэхээр хуульд заасан бүхий л арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1607, 02-02/2038, 02-02/2071 дугаар болон 2021 оны 02-01/2293 дугаартай дугаартай албан бичгүүдэд дурдсанаар үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын хойд хэсгийн 1-4 давхар цонхыг битүүлэхээр /хийхгүй байхаар/ ажлын зурагт тусгасан, энэ өөрчлөлт нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд нөлөөлөхгүй бөгөөд барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн ба тухайн албан бичгүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоосон баримт байхгүй байхад шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн.
2.3. Хариуцагч нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагаа хийхгүй гэж хуулийг буруу тайлбарласан” гэж тус тус тодорхойлон маргажээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Маргаан бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг цуцлах тухай” 08/3437 дугаар албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1697, 02-02/2038, 02-02/2071 дугаартай албан бичгүүд, 2021 оны 02-01/2293 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан ч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй, 2021 оны 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын ажлын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг энэхүү албан бичиг гарсан өдрөөс эхлэн цуцалсныг мэдэгджээ.
5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэнэ/ гэж хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар барилга, байгууламжийг шинээр барих тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрөл олгох бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар ийнхүү олгосон барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулах хуулийн зохицуулалттай байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх үүрэгтэй байна.
6. Нэхэмжлэгч “М” ХХК-д Нийслэлийн засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 525 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар олгосон, улмаар тус компани нь уг газартаа орон сууцны барилга барих хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ГБМЗХ2020/01-040 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаагаар олгожээ.
7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 15/1, 15/2, 15/3, 48 дүгээр байрны оршин суугчдаас ирүүлсэн гомдол, хүсэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2021 онд шинээр баригдаж буй барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 01/38 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 15/1, 15/2, 15/3 дугаар байрнуудын урд талд “М” ХХК-ийн захиалгаар баригдах гэж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл, холбогдох бичиг баримт болон тухайн газар дээр шалгалт хийж, шалгалтаар орон сууцны 15/1 дүгээр байрнаас одоо төлөвлөж буй 4 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга хүртэл хамгийн ойр зай хэмжээ 8 метр байхаар төлөвлөсөн нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ын 2.5 дахь “Орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтийн барилгын тууш тал, хөндлөн талуудын хооронд 2-4 давхар бол 10 метр байна” гэсэн заалтыг хангаагүй байна гэж үзэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/1697, 2021 оны 07дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2071, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02-01/2446 дугаар албан бичгүүдийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн, уг албан бичгүүдэд тухайн барилгын ГБМЗХ2020/01-040 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг дахин судалж, батлагдсан зураг төслийг Хот байгуулалтын тухай хууль, холбогдох норм, дүрэмд нийцүүлэх буюу 209/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, хариуг ирүүлэхийг Хот байгуулалт, хөгжлийн газарт мэдэгдсэн, улмаар хариуцагч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх албан бичгүүдийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 08/2539 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажлын зураг төслийг өөрчлөн дахин магадлал хийлгэж, баталгаажуулах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн, дээрх хугацаанд нэхэмжлэгч нь барилгын ажлыг үргэлжлүүлж, карказ босгож, суурийн хэв ашиглалтын буюу цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, улмаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан боловч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй болох нь шалгалт хийсэн тэмдэглэл, албан уулзалтын тэмдэглэл, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Б*****атзоригт, Т.Б*****атсүх нарын мэдүүлэг, сансрын зураг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/1697, 2021 оны 07дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2071, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02-01/2446 дугаар албан бичгүүдтэй маргаагүй байна.
9. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг түдгэлзүүлж зогсоосноос хойш барилгын ажлыг үргэлжлүүлээгүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
9.1. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна”, 5.1.1-д “барилгын норм, дүрэм”, 5.2-т “барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал мөрдөнө”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.1-д “ ... зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандартад ... үндэслэгдэн боловсруулагдсан байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 14.1.2-т “барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1.6-д “Зураг төсөл зохиогч нь барилга, байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч баталгаажуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1.17-д “Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулна”, 37 дугаар зүйлийн 37.9-д “Доорхи барилга, байгууламжийн зураг төслийн даалгавар, норм, нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна”, 37.9.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн нэг маягийн зураг” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал дагаж мөрдөх бөгөөд барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол зураг төсөл зохиогч нь гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулахаар, түүнчлэн барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийхээр тусгайлан заажээ.
10. Нэхэмжлэгч нь орон сууцны барилга хоорондын байршлын зай хэмжээ нь барилгын норм, дүрмийг зөрчөөгүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
11. Нэхэмжлэгчийн захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны 4 давхар барилгын зүүн хойд хэсэг нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны орон сууцны 15/1 дүгээр байр хүртэл 8 метр зайтай байхаар төлөвлөсөн нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт болон “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10 -ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2.5-д заасныг тус тус зөрчжээ.
12. Түүнчлэн нэхэмжлэгч нь барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан байх боловч холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулаагүй, барилгын цонхыг битүүлснээр тухайн барилга, байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт орохоор байна. Тодруулбал Барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, тооцоо, судалгаанд үндэслэгдэн боловсруулагддаг бөгөөд тухайн барилгын 1-4 давхрын цонхыг битүүлснээр барилгын хийц, бүтээцэд нэмэлт ачаалал өгч, уг барилгын суурьд нөлөөлөх тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэх байжээ.
13. Мөн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д зааснаар барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх, мөн хуулийн 40.1.17-д зааснаар барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлыг үргэлжлүүлсэн, зураг төсөл зохиогч “Э“ ХХК нь өөрчлөлтийн зургийг боловсруулсан байх боловч зөвшөөрсөн, гүйцэтгэсэн, шалгасан хүний гарын үсэггүй буюу тухайн барилгын өөрчлөлтийн зураг төслийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
14. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д зааснаар зураг төсөл зохиогч нь барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн барилга нь барилгын норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах ёстой.
15. Хариуцагч захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан барилгын үйл ажиллагаанд барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн гэж үзэж, барилгын ажлын тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “... барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй, ... Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоосон баримт байхгүй байхад шийдвэр гаргасан...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
16. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах процессыг, 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлыг хуульчлан тогтоосон, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.1.5-д зааснаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн байх бөгөөд энэ маргааны тохиолдолд дээрх үндэслэлүүд хамааралгүй гэж үзнэ. Учир нь иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлоор гаргасан хүсэлтийг хангах тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тохиолдолд, түүнчлэн сонсох ажиллагаа хийснээр нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдолд, мөн тухайн захиргааны шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахад сонсох ажиллагаа хийхгүй байхаар тус тус тодорхойлон заажээ. Сонсох ажиллагаа хийхгүй байх дээрх тохиолдлууд энэ маргаанд хамааралгүй байх хэдий ч ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
17. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 25 дугаар зүйлийн 25.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН