Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0676

 

2026 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0676

Улаанбаатар хот

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн

 

            Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

            Бүрэлдэхүүн оролцсон: Шүүгч З.Ганзориг

            Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

            Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М;

 

            Нэхэмжлэгч: “О” ХХК

           Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “ДГ” ХХК

Гуравдагч этгээд: “БГЭ” ХХК

 

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар шийдвэр;

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Ч.Н,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.С, Б.Х,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Н,

           Гуравдагч этгээд “ДГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, П.Б нар;

            Шүүх хуралдааны нарийн бичиг: С.Дөлгөөн

            Хэргийн индекс: 120/2023/0027/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн а/105 дугаар захирамж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь “О” ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгааг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор О төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа 1 га газарт ашиглах эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгах”-аар маргажээ.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

3.1. Нэг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, үүсч бий болсон бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “О” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг тогтоолд заасан зориулалтаас өөр зориулалтаар Газрын тухай хуульд заасан журмыг илтэд зөрчиж, ил тод бус аргаар зөвхөн өргөдлийг үндэслэн бусдад газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор тус шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

Энэхүү маргааны тухайд захиргааны шүүх маргаантай асуудал болох хариуцагчийн улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн асуудал нь хуульд нийцсэн эсэх, мөн хууль тогтоомж тэр дундаа Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд зайлшгүй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байх бөгөөд шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.1-д “Энэхүү маргааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг, байршил, эргэлтийн цэгийн солбицлын мэдээлэл нь маргаан бүхий захирамжууд гарах үед эрх бүхий байгууллагын газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан эсэх, хариуцагч нь тухайн газрыг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байгааг мэдэж байсан буюу мэдэх бодит боломжтой байсан эсэх ... дүгнэх нь зүйтэй” гэж хэргийн маргаантай нөхцөл байдлыг буруу тодорхойлсны улмаас үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж чадаагүй болно.

 

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлээр үүссэн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зүйл болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд эрх зүйн бүрэн дүгнэлт хийх замаар хэргийг хянан шийдвэрлэж, эрх зүйн хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Угтаа шүүх нь маргаан бүхий захирамжууд нь хуульд нийцсэн эсэх, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэн шийдвэрлэх ёстой байтал маргаагүй асуудлыг буюу дээр дурдсанчлан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг захиргааны байгууллага мэдсэн, мэдээгүй, мэдэх боломжгүй байсан зэрэг ач холбогдолгүй нөхцөл байдлын талаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй болохыг илтгэж байна.

 

Нэхэмжлэгчээс Засгийн газартай тэр дундаа Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолтой огт маргаагүй бөгөөд энэ нь маргааны үндсэн асуудал биш байхад анхан шатны шүүх тус тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээлэл нь мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, хариуцагч мэдэж байсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “О” зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан ба “О” төслийг хэрэгжүүлэгч нь зөвхөн “О” ХХК билээ.

Ийнхүү тухайн тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт буюу маргаан бүхий 1 га газрыг ашиглах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь дээрх тогтоолд заасан зориулалтаас өөр зориулалтаар Газрын тухай хуульд заасан журмыг илтэд зөрчиж, ил тод бус аргаар зөвхөн өргөдлийг үндэслэн маргаан бүхий захирамжуудаар улсын тусгай хэрэгцээний газарт газар эзэмших эрх олгосон.

Тус захирамжууд нь Газрын тухай хуулиар баримталж ирсэн газар эзэмших, ашиглах эрх олгох үндсэн зарчмыг зөрчиж байхын зэрэгцээ хуульд заасан нөхцөл, журмыг илтэд зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тодорхой нотлогддог.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар тус хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгохоор зохицуулсан ба тухайн этгээдүүдэд энэхүү нөхцөл, журмаар газар эзэмшүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон.

 

Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 5.1-д “Улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглахад дараах нийтлэг журмыг дагаж мөрдөнө:” гэсний 5.1.1-д “улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, ашиглуулах”, 5.1.2-т “тухайн газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байх” гэж, 5.2-т “Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалтыг өөрчлөх, хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасанд нийцээгүй юм. Улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах бөгөөд бусдад эзэмшүүлэхийг хориглосон ба тус журмыг Засгийн газрын 2025-03-19-ний өдрийн 138 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталж улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах журам одоо ч хэвээр үйлчилж байна.

Ийнхүү хариуцагч нь хууль тогтоомжийг илтэд зөрчиж улсын тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа болох нь тодорхой байтал шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын дээрх хууль бус үйл ажиллагаа болон захиргааны байгууллагын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаад огт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй юм.

 

3.2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх хуулийн шаардлага тавигддаг.

Дээрх маргаантай тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, шийдвэр нь үндэслэл бүхий шийдвэр болж чадсан, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд шүүх эрх зүйн хүрээнд бүрэн дүгнэлт өгөх шаардлагатай.

Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болохын хувьд сумын Засаг дарга нь төрийн удирдлагыг буюу хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг өөрийн харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Хоёрдугаар зүйлийн 1-д “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна”, Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга … хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна”, Жаран гуравдугаар зүйлийн 2-т “…, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, …, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж тунхагласан.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн”, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга … хүчингүй болгоно”гэж тус тус хуульчилсан.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Дээрх хууль тогтоомжийн тодорхой зохицуулалтаас үзвэл, Ханбогд сумын Засаг дарга нь хууль тогтоомжийг биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд газрын эрхтэй холбоотой аливаа шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар болон дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрт нийцэх ёстой буюу хууль тогтоомжийг үндэслэн гарсан Засгийн газрын тогтоолыг биелүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

 

Гэтэл анхан шатны шүүх маргааны агуулгыг буруу ойлгосноос үүдэн хэргийн үйл баримтад зайлшгүй хэрэглэх ёстой байсан эдгээр хууль тогтоомжийг огт хэрэглээгүй тул захиргааны шүүх хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, байр суурь зэргээс үзвэл Ханбогд сумын Засаг дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь илэрхий байхад үүнийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны хэргийн шүүх нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан хууль зөрчиж бусдад газар эзэмших эрх олгосон шийдвэрийг зөвтгөсөн дүгнэлтийг хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, газрын талаарх төрөөс баримтлах бодлого, зарчимд нийцэхгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Засгийн газрын тогтоолыг мэдээгүй, Засгийн газраас болон холбогдох байгууллагуудаас ямар ч мэдээлэл өгөөгүй, улсын тусгай хэрэгцээнд авсан тухай мэдээлэл байгаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримт нь баримтаар нотлогдоогүй бөгөөд уг үндэслэлээр Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх эсхүл үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

ЗГ-ын 2011 оны 175 дугаар тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба Улсын дээд шүүхийн 2017-06-14-ний өдрийн 235 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хуульд нийцсэн, хууль ёсны шийдвэр болохыг тогтоож, хууль тогтоомжийг үндэслэн гарсан тогтоолыг биелүүлж, хэрэгжүүлэх нь зайлшгүй байтал энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, мэдээгүй байсан гэдэг үндэслэлээр хууль тогтоомжоор баримталж ирсэн үндсэн зарчмыг илтэд зөрчсөн төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг дэмжих эсхүл зөвтгөх үндэслэл болохгүй билээ.

Тийм ч учраас хууль тогтоогчоос захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй хийхээр зохицуулсан байдаг.

Хэрэв хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа тухайн ажиллагаанд хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зохих хүрээнд хийж гүйцэтгэсэн бол хуулийг илтэд зөрчсөн захирамжуудыг гаргах боломж ч бүрдэхгүй байх байсан юм. Энэ бүх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх огт дүгнээгүй болно.

 

3.3. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий холбогдох захирамжуудыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7-д зааснаар, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-т тус тус заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Шүүх хариуцагч нь газар эзэмшүүлэх харилцааг хуулиар зохицуулах бүрэн эрхтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бусын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнд хамаарах бусад үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй байна.

Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх олгох ажиллагаа нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн явагддаг буюу иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн газар эзэмших, ашиглах хүсэлтийг батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шийдвэрлэдэг. Гэвч энэхүү маргаантай тохиолдолд газар олголтын процесс нь хуульд нийцээгүй гэдэг нь тодорхой болсон.

 

Тухайлбал, маргаан бүхий захирамжийг гаргасан эрх бүхий этгээдүүдээс авсан гэрчийн мэдүүлэгт “... Сумын Засаг дарга тэр хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаг” гэсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан газар эзэмших эрх олгох хүсэлтүүд нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа гарсан байдаг ба хариуцагч нь тухайн хүсэлтийг үндэслэн хэдийн батлагдсан төлөвлөгөөг өөрчлүүлж, улмаар төлөвлөгөөнд тусгагдсан тухайн газрын зориулалтыг нь хүсэлтэд дурдсан зориулалт болгон өөрчлөх замаар хууль бус шийдвэрүүдээ гаргасан байдаг тул илт хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэлтэй юм.

Түүнчлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгох бөгөөд түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг хамааруулж үздэг.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд улсын тусгай хэрэгцээний газрыг давхцуулан бусдад эзэмшүүлэхийг хориглосон журамтай бөгөөд Газрын тухай хуульд зааснаар газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгохоор байхад эдгээр журмыг илтэд зөрчиж газар эзэмшүүлэх захирамжуудыг гаргасан нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актад хамаарах эрх зүйн үндэслэлтэй 5 байхад энэ талаар шүүх дүгнээгүй нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт өгөөгүй буюу үүнтэй холбоотой асуудлыг хэрхэн дүгнэн шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй.

Нэхэмжлэгчээс гаргасан даалгах шаардлагыг шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс тухайн 1 га газрыг олгох талаар хүсэлт гаргасан нь тогтоогдоогүй тул уг газрыг хариуцагч олгохгүй байгаа гэх үйл баримтыг хариуцагчийн хууль бус татгалзал, эсхүл хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй 6 гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс уурхайн хойд талд буюу маргаан бүхий газарт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2091/7 дугаар албан бичгээр “Уурхайн нөлөөллөөс хамгаалах бүс” байгуулах зорилгоор 90 га газрыг ашиглах хүсэлтээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад гаргасан боловч хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй тул захиргааны байгууллагын хууль бус татгалзалд хамаарна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч нь маргаан бүхий 1 га газарт хүсэлт гаргасан талаар, мөн тухайн газрыг одоо ашиглах бодит шаардлага байгаа талаар хангалттай тайлбарлан мэтгэлцсэн байхад энэ үндэслэлээр даалгах шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.8.1-д “… Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсан боловч уг тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг, эргэлтийн цэгийн солбилцлын мэдээлэл нь маргаан бүхий захирамжууд гарсан 2016, 2018 онуудад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй … байсан үйл баримт тогтоогдож байна” гэж, 1.9-д “… Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа...улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ авах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй байсан...” гэжээ.

 

Засгийн газраас 2003 онд 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үед энэхүү журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан.

Тус журмаар улсын тусгай хэрэгцээний газарт газрын гэрчилгээ олгох, бүртгэх болон улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх асуудлыг зохицуулаагүй болно. Харин энэ журмыг хүчингүй болгосон Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-иар анх газрыг улсын тусгай хэрэгцээнд авсны дараа хийгдэх ажиллагааг тодорхой зааж өгсөн байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй байна.

 

Түүнчлэн Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 110 дугаар тогтоолыг батлан гаргаж, улмаар 2020 онд газрын кадастрын бүртгэлийн цахим систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан тус тогтоолын 2.2.2-т зааснаар мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэх үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад даалгасан байтал үүнээс өмнөх буюу 2016, 2018 оны үед мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй байсан гэх шалтгаанаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт бусдад газар эзэмшүүлснийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Харин өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд тогтоолын биелэлтийг хангаж ажиллах нь тодорхой байтал анхан шатны шүүхээс тогтоолыг биелүүлэх боломжгүй байсаар байгаа мэтээр бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

 

3.4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “Улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай гуравдагч этгээд “ДГ” ХХК-ийн эзэмшлийн газар бүхэлдээ давхацсан тул хуульд нийцүүлэх талаарх хэрэгт авагдсан баримтууд нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан үеийн нөхцөл байдлыг тогтооход шууд хамааралгүй тул дүгнээгүй…” гэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хангалттай дэмжих бүхий л нотлох баримтуудыг гарган өгч, мөн шүүхийн журмаар гаргуулах хүрээнд хэргийн үйл баримтыг хангалттай тогтоохуйц баримтууд хэрэгт авагдсан билээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар тухайн хууль бус газар олголтууд нь хэдийн төрийн эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэгдсэн асуудал бөгөөд үүнийг доод шатны албан тушаалтан болох Ханбогд сумын Засаг дарга анхаарч үзэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтууд, мөн маргаан бүхий газрын хувийн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлж, дүгнээгүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан үеийн нөхцөл байдлыг тогтооход шууд хамааралгүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-т “…тус станц нь “О” ХХК-ийн баяжмалын автомашинуудыг шатахуунаар хангадаг болох нь тус тус тогтоогдсон” гэж хэргийн маргаантай үйл баримтад хамааралгүйн зэрэгцээ ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нотлогдсон мэтээр шууд дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй.

Ийнхүү анхан шатны шүүхээс маргааны агуулгыг буруугаар тодорхойлж, улмаар түүндээ хөтлөгдөн, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийж, өөрийн гаргасан шийдвэрийнхээ байр суурь, үндэслэлийг харуулахуйц баримтуудыг онцлон түүж, хэргийн оролцогчдын маргасан үндэслэлд бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

           

Нэг. Маргаан бүхий үйл баримтын талаар:

 

  1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь “О “ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “О” төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа нэг га газарт эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
  2. Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор нь кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ авах ажил хийгдээгүйн улмаас мэдээллийн санд ямар нэгэн давхцал үүсээгүй, газар дээрээ явагдаж байгаа үйл ажиллагаа байхгүй байсан учраас сумын Засаг даргын нэхэмжлэлд дурдагдаад байгаа 2016 оны А/105, 2016 оны 158, 2018 оны А/157 дугаартай захирамжууд гарсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргаж байгаа байршил буюу газар нь бусдын эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газартай ямар нэгэн байдлаар хэмжээгээрээ давхцаагүй байх гэдэг заалтыг зөрчөөгүй, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад тухайн шийдвэрүүд гарсан байгаа... тул Засаг даргын шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна” гэж маргажээ.

 

Хоёр. Хууль хэрэглээний талаар:

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжтой нийцсэн байх ёстой.
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт …уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.“, 4 дүгээр зүйлийн 4.1.13-т ““тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч... ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;”, 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх...” гэж Засгийн газрын улсын тусгай хэрэгцээнд газар авах бүрэн эрхийг хуульчилсан байна.
  3. Монгол Улсын Засгийн газар нь дээрх хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 175 дугаар тогтоолыг батлан гаргаж “О” зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралтаар тогтоож баталсан байх бөгөөд энэхүү тогтоол нь /Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй/ эрх зүйн үйлчлэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх үед ч хүчин төгөлдөр үйлчилж байсныг шүүх анхаарч үзээгүй байна.
  4. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;” гэж Аймаг, Сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн байх бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг дарга нар Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байна.
  5. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар “БГЭ” ХХК-д 1 га газрын байршил нь “О” төслийн хашааны зүүн талд, “авто зогсоол засварын газрын зориулалтаар” эзэмшүүлсэн, уг газар эзэмших эрхийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжаар “ДГ” ХХК-д шилжүүлсэн, эзэмших эрх үүсээгүй байхад нэг хоногийн өмнө “ДГ” ХХК-д газар ашиглалтын зориулалт өөрчилсөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэж байсан байх бөгөөд дээрх захирамжийн дагуу олгосон газар нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “Улсын тусгай хэрэгцээнд авсан газар”-тай давхцалтай газар байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын маргаан бүхий захиргааны актууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
  6. Иймд өөрийн чиг үүрэгт үл хамаарах, Засгийн газрын улсын тусгай хэрэгцээнд авсан газарт давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн дээрх маргаан бүхий захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” илт хууль бус актын шинжийг бүрэн агуулж байхад анхан шатны шүүх үүнийг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
  7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “газрын нэгдмэл сангийн данс бүртгэлийг хөтлөх, тайлан гаргах, нутаг дэвсгэртээ газар зохион байгуулалт хийх тухай шийдвэр гаргаж, Засгийн газраас тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх;”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн газрын нэгдмэл сангийн тайланг жил бүр хянан нэгтгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, дээд шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах;” гэж зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь орон нутагтаа газрын нэгдмэл сангийн данс бүртгэл хөтлөн төрийн захиргааны байгууллагад тайлагнах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээлэл газрын сангийн мэдээлэлд ороогүй, мэдэх боломжгүй байсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
  8. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-д байршуулсан байх бөгөөд энэхүү сайтад байршуулсан эрх зүйн акт нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй баримтад тооцогдох ба хариуцагч сумын Засаг дарга мэдэх боломжтой байсан байна.
  9. Дээрхээс үзэхэд, маргаан бүхий актууд нь илт хууль бус болох нь тогтоогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт хууль бус болох нь тогтоогдож байх тул уг актыг илт хууль бусад тооцож шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд нийцнэ гэж шүүх үзлээ.
  10. Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
  11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь “О” ХХК-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор “О” төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа 1 га газарт “О” ХХК-д газар ашиглах эрх олгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. /3-р хх 132 дахь тал/
  12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “О” ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Уурхайн нөлөөллөөс хамгаалах бүс-2” зориулалтаар 4.8 га газар /3-р хх 157 дахь тал/, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 90 га газар ашиглах хүсэлтийг бичгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад хандан гаргаж байсан байх /4-р хх 139 дэх тал/ бөгөөд харин 1 га газрыг ашиглуулах талаар хүсэлт гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
  13. Иймд нэхэмжлэгч нь 1 га газрыг ашиглах талаар хүсэлтээ гаргасан болох нь тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тул анхан шатны шүүхээс “...даалгах” нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл болох хууль бус татгалзал, эсхүл хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй нөхцөлд шүүхээс хариуцагчид тухайн 1 га газрыг олгохыг даалгах үндэслэлгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
  14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын мөн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2026/0035 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор О төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газраас төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа 1 га газарт ашиглах эрх олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ           

ШҮҮГЧ                                                                 З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                 Т.ЭНХМАА