| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/03402/И |
| Дугаар | 102/ШШ2020/03170 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2020/03170
| 2020 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2020/03170 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Б овогт С Д /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг * оршин суух С Б /РД: , утасны дугаар: /
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц
хариуцагч С.Б
нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Бтэй 2008 оны 8 дугаар сард танилцаж, 2010 оны өвлөөс хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд хүү Б.Ү 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Одоо хүү Б.Ү нь эрүүл саруул, миний асрамжид бойжиж байгаа, удахгүй 9 нас хүрнэ. Оюуны ундраа сургуулийн 4 дүгээр сангид амжилттай суралцаж байгаа. С.Б нь үл ялих зүйлээс болж маргалдаад хүү бид хоёроос салаад явсан. 2013 оны 10 дугаар сараас бид тусдаа амьдарч байгаа болно. Өнгөрсөн хугацаанд С.Б нь хүүтэйгээ огт харилцаж байгаагүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ямар ч оролцоогүй явж ирсэн. Хүү маань одоо том болж, хэрэгцээ шаардлага нь өсч байгаа тул С.Бэс хүү Б.Үт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. иймд нэхэмжлэлийн шааардлагыг хангаж, С.Бэс хүү Б.Үт 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д өөрийн хүү Б.Үт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. С.Д нь С.Бтэй 2008 оны 8 дугаар сард танилцаж, 2010 оны өвлөөс хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд хүү Б.Ү 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Одоо хүү Б.Ү нь эрүүл саруул эхийнхээ асрамжид бойжиж байгаа, удахгүй 9 нас хүрнэ. Оюуны ундраа сургуулийн 4 дүгээр сангид амжилттай суралцаж байгаа. 2013 оны 10 дугаар сараас С.Д, С.Б нар тусдаа амьдарч байгаа болно. Өнгөрсөн хугацаанд С.Б нь хүүтэйгээ огт харилцаж байгаагүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ямар ч оролцоогүй явж ирсэн. Б.Ү одоо том болж, хэрэгцээ шаардлага нь өсч байгаа тул С.Бэс хүү Б.Үт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч С.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Дийн шүүхэд гаргасан хүү Б.Үт хүүхдийн тэтгэмж авах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
С.Д, С.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Үийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх С.Дийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүү Б.Ү эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Энэхүү үүргийг хүүхдээсээ хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаагаас бусад нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч С.Бэс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Б.Үийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бэс 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Үийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч С.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА