Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03178

 

2020 оны 10 сарын 22 өдөр                 Дугаар 102/ШШ2020/03178                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонгыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т,

Хариуцагч: А.Т нарт холбогдох,

12,594,000 /арван хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.О, хариуцагч А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Оын хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оноос хойш СТЖ ХХК-ийн Монгол дахь салбар төлөөлөгч С СБТ Монголиа ХХК-тай харилцан тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр Япон улсаас Монгол улс руу хуучин автомашин оруулж ирж худалдан борлуулдаг. Ингэхдээ уг компанийг төлөөлж худалдааны төлөөлөгч А.Ттай шууд харилцан үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр миний нэр дээр Япон улсаас илгээгдсэн 2010 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн АСU30-0117394 арлын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины нийт төлбөрийн 70 хувь болох 469,700 иенийг тухайн өдрийн ханшаар бодож 12,594,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 0000000000 тоот данснаас А.Т руу, түүний эхнэр А.Т-ийн хамтран эзэмшдэг данс болох Хаан банкны 0000000000 тоот данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Уг автомашин 2020 оны 8 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотын гаалийн талбайд бууж, холбогдох гаалийн байгууллагад уг машинтай холбоотой бүх татваруудыг төлж, гаалийн хяналтын бүсээс машиныг гаргах гэсэн боловч С бэ тэ Монголиа ХХК-д дээрх бичигдсэн дүнгээр төлбөрийн үлдэгдэлтэй гэх шалтгаанаар машинаа авч чадалгүй гаалийн талбайд нь үлдээсэн. Тэр даруйд нь А.Т руу утасдаж машины төлбөр яагаад ороогүй байгааг асуухад шийдтэй хариу өгөлгүй тухайн өдөртөө булзайруулаад өнгөрсөн. Үүнээс хойш шилжүүлсэн мөнгө маань оролгүй өдийг хүрч, мөнгөө төлчихсөн машинаа гаалийн талбайгаас авч чадахгүй байдалд хүрсэн. Би А.Тд маш их гомдолтой байна. Энэ хэрэгт эхнэр А.Тг нь хамсаатан гэж үзэн хамтран хариуцагчаар татсан. Учир нь түүний банкны дансанд төлбөрийг шилжүүлсэн болохоор хамт хариуцах ёстой гэж үзсэн. Гаалийн талбайд машинаа байлгасны зардал их гараад байсан учир би өөрөө дахин мөнгө гаргаж байж гаалиас машинаа саяхан авсан. Миний хувьд бол А.Тын мөнгийг цаашаа шилжүүлсэн гээд байгаа Найман шарга валютын арилжааны хүнтэй ямар ч хамааралгүй. Миний мөнгөө шилжүүлсэн хүн А.Т учраас энэ хүнээс мөнгөө буцаан шаардаж байна.

Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй. Гэрээ байгуулагдсан гэж хэлдэг боловч очоод үзэхээр нэг талаас Б.Д-ийн ганцаараа гарын үсэг зурсан гэрээ байдаг. Үүнийгээ цаашаа Япон улс руу сканердаж явуулаад, Япон дахь талтайгаа гэрээ байгуулдаг гэж ярьдаг боловч ийм гэрээ байдаггүй. Харилцааг тодорхойлвол зуучлалын харилцаа гэж харагддаг. Нэг автомашин явуулахад 60,000 иенийг зуучлагч тал авдаг юм байна. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Тоёота харриер машиныхаа 30 хувь болох 5,478,282 төгрөгийг А.Т, А.Т нарын данс руу хийсэн. Энэ талаар хэн аль нь маргадаггүй. Ингээд захиалгын дагуу машин Монголд ирсэн. Гааль дээр 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бууж, машиныг авах гэхэд Эс бэ тэ Монголиа ХХК төлбөрөө төлөөгүй байна гээд тээвэр зуучийн компани нь бичиг хийж өгөөгүйгээс энэ маргаан үүссэн. Шалтгаан нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Дийн шилжүүлсэн 12,594,000 төгрөг нь Япон улс дахь компанийн данс руу орох ёстой байтал уг мөнгийг шилжүүлээгүй байсан. Тиймээс үүнийг хариуцах ёстой хүн нь А.Т юм. Хариу тайлбар дээр А.Т хариуцахгүй, өөрөө бүрэн хариуцна гэдэг тайлбарыг өгсөн учир хариуцагч А.Тгаас татгалзаж, 12,594,000 төгрөгийг хариуцагч А.Таас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна...гэв.

Хариуцагч А.Т нь хариуцагч А.Т-гийн хамт шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Д-ийн хэлсэнчлэн бид хоёр 2018 оноос эхлэн хамтран ажилласан. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 58 минутанд 12,594,000 төгрөг Б.Д-ээс миний данс руу орсон нь үнэн. Япон улсаас оруулж ирэх машины төлбөрийг валют /иен/ болгож цааш шилжүүлэн машинаа авдаг учир иргэн Б.Дийн машины төлбөр гэх 12,594,000 төгрөгийг валют /иен/ болгож солиулах зорилгоор Найман шарга захын валютын ченж М.Ө гэгчид 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5905016753 дугаартай данс руу нь шилжүүлсэн. Гэтэл валютын ченж М.Ө нь миний шилжүүлсэн тус мөнгийг валют /иен/ болгож өгөлгүй өнөөдрийг хүрсэн учир миний бие валютын ченж М.Өын талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган өгч шалгуулсан. М.Өд холбогдох энэ хэрэг нь өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа юм. Тус нэхэмжлэлд дурдсанаар миний эхнэр А.Тгийн дансаар мөнгө шилжиж орсон боловч тус асуудал манай эхнэрт огт хамааралгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Яагаад өөр хүнээр дамжуулж авсан бэ гэхээр банкны ханш, хэлцлийн ханш гэж байдаг. Тэр ханшийн дагуу бид хоёр хамтарч машиныг захиалаад Япон руу гүйлгээ гуйвуулга хийдэг байсан. Шилжүүлж авсан мөнгөө М.Ө нь банкны гүйлгээ саатсан байна гэх тайлбарыг надад хэлж байсан. Их хэмжээний мөнгө байсан учраас би өөрийн биеэр М.Ө дээр очиж уулзсан ч мөнгөө авч чадаагүйн улмаас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж эхэлсэн. Ингээд цагдаад шалгуултал М.Ө нь ийм маш олон хүн дээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн залилагч болох нь тогтоогдсон. Ингээд одоо энэ мөнгийг гаргуулж авах гээд эрүүгийн хэрэг үүсгэгдчихсэн шалгагдаж байгаа. Энэ эрүүгийн хэрэгт би хохирогчоор оролцож байгаа учир энэ асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А.Т, А.Т нарт холбогдуулан, Эс бэ тэ Жапан компанид төлвөл зохих автомашины төлбөрийн 70 хувь 469,700 иен буюу 12,594,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс 12,594,000 төгрөгийг Хаан банк дахь 0000000000 дугаарын дансаар хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй боловч, ...тухайн мөнгийг хүлээж авахад А.Тгийн дансыг ашигласан учир энэ хэрэгт хамааралгүй, мөн хүлээн авсан 12,594,000 төгрөгийг Япон улсын иен рүү шилжүүлэхээр Найман шарга валют арилжааны захад үйл ажиллагаа явуулдаг М.Ө гэгчид шилжүүлж, улмаар түүнд залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад шалгуулснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, А.Т хохирогчоор тогтоогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Нэхэмжлэгч тал хариуцагч нарын бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч А.Тын гаргасан тайлбарыг үндэслэн, хамтран хариуцагч А.Тд холбогдох шаардлагаас татгалзаж, А.Таас 12,594,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Тд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч Б.Дийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзээд Эс бэ тэ Жапан компанийн Монгол улс дахь төлөөлөгч Эс бэ тэ Монголия ХХК-д төлвөл зохих автомашины төлбөрийн 70 хувь гэх 12,594,000 төгрөгийг хариуцагч А.Тд түүний эхнэр А.Тгийн Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Б.Дийн Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-5/

Б.Д, А.Т нарын хооронд тусгайлан харилцан тохиролцсон бичгээр болон аман хэлбэрээр хийгдсэн гэрээ байхгүйн зэрэгцээ, Эс бэ тэ Монголиа ХХК-д Б.Дийн төлөх төлбөрийн мөнгийг А.Т хүлээн авч, тус компанид шилжүүлэх үүрэг хүлээсэн талаар зохигчид тайлбарлаж байна. Гэтэл тухайн мөнгө Эс бэ тэ Монголиа ХХК-д шилжээгүйн улмаас нэхэмжлэгч Б.Д автомашинаа гаалийн байгууллагаас хүлээн авах боломжгүй болжээ.

Хариуцагч А.Тын зүгээс нэхэмжлэгч Б.Д-ийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, улмаар 12,594,000 төгрөгийг Япон улсын иен болгуулахаар валют арилжааны ченж ажилтай М.Ө гэгчид шилжүүлсэн боловч мөнгийг түүнд иенээр буцааж өгөөгүйн улмаас цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулснаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт М.Ө-д эрүүгийн хэрэг үүсгэгдэн, А.Т уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байна.

Гэвч нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А.Т-д шилжүүлсэн 12,594,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бол, түүнээс хүлээн авсан мөнгийг бусдад буюу М.Ө-д өгч, М.Ө-д залилуулсан гэх Эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл Б.Д-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, М.Ө-д холбогдох эрүүгийн хэрэг үүссэн гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүйн зэрэгцээ, тухайн эрүүгийн хэрэг нь А.Т-д холбогдох Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлтэй шууд холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Талуудын хооронд тодорхой үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч А.Т-аас 12,594,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Т-аас 12,594,000 /арван хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А.Т-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, А.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Т-аас 216,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА