| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
2024 02 15 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0111/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Г.Ундрах,
хохирогч Ц.Б,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2309000002423 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Томн Томс” кофе шопод бариста хийдэг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх А.Т /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А***” баарны гадна хохирогч Ц.Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйх, зүүн талын завжинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зүүн дээд бага араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа тухайн 2 залуутай танилцсан. Намайг зодохдоо хоёулаа нийлж зодсон байгаа. Шөнийн цэнгээний газраас гарахад энэ залуу өөр залуучуудтай маргалдаад зогсож байсан. Тэгээд хамгаалагч нь очиж салгасан. Тухайн үед бид 3 такси барих гээд явж байсан. Явж байх замдаа намайг хэл амаар доромжилсон. Намайг нөгөө залуутайгаа нийлж зодсон. Би удаан хамт байвал намайг зодож алах юм байна гэж бодоод зугтаасан. Намайг зугтаагаад явж байхад нөгөө залуу нь араас элдэж хөөж, харин энэ залуу ард нь алхсан байдалтай байсан. Тэгээд би хүмүүсээс тусламж гуйхад нэг охин надад такси барьж өгсөн. Таксинд суухад тухайн 2 залуу араас орж ирээд буухгүй байсан. Тэгэхээр нь би өөр таксинд суух гээд буусан. Замын уулзвар дээр байхад намайг ирж цохисон. Тэрнээс хойших зүйлийг би сайн санахгүй байгаа. Энэ 2 залуу намайг таксинд суулгаагүй. Би унаад босож ирээд толгойгоо гараар барихад нил цус болсон байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Би тухайн залууг 18 настай гэдгийг мэдээгүй. Цагдаа дээр очоод энэ залууг 18 настай гэдгийг мэдсэн. Залуу хүн байна шүүхээр шийдвэрлүүлээд дэмий гэж бодоод тохиролцъё гэж бодсон. Хохирлуудаа барагдуулаад авмаар байна. Ирээдүйд миний биед ямар өөрчлөлт гарахыг мэдэхгүй. Би гар утсаар ярьж 5,800,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж хэлсэн. Энэ залуу надад тухайн мөнгийг хэсэгчлэн төлж болох уу гэж асуусан боловч хохирлоо төлөөгүй. Тэгээд би шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм байна гэж ойлгосон. Би дахиад нарийвчилсан шинжилгээ өгмөөр байна. Би зугтаасан тулдаа гайгүй гарсан гэж бодож байгаа. Миний зодуулж байх үеийн камерын бичлэг нь байгаа. Би нэг удаа цохиулаад 5,800,000 төгрөг нэхэмжлээгүй зодуулчхаад цаашид гарах зардлыг мэдэхгүй байна. Би нарийвчилсан шинжилгээ өгч эмчилгээ хийлгэмээр байна. Иймд миний нэхэмжилж байгаа хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд: Би өмнө нь Гранд плазагийн хажууд барменаар ажилладаг байсан. Тэгээд ахлах тогоочтойгоо хоол идчихээд А*** шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн. Тамхины өрөөнд хохирогч залуутай танилцсан. Би гарах гэсэн чинь хохирогч залуу “би ганцаараа явж байна гурвуулаа хамт суух уу” гэхээр нь “би тэгье” гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамт сууж байгаад үүрийн 4 цагийн үед гарсан. Тухайн шөнийн цэнгээний газраас гараад такси барих гээд алхаж явахдаа бид 2 муудалцсан. Хохирогч залуу “надад энэ хавиар битүү камер байдаг шүү тэнэг бацаан минь” гэхээр нь би уурандаа цохиод унагаасан. Тэгээд би уучлалт гуйж босгоод таксинд суулгаад явуулсан гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 9 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө "А***" бааранд ороод 2 залуутай танилцсан тэгээд цуг ууж байгаад тэгээд тухайн баарнаас гарах үед миний танилцсан гэх залуу нь "А***" бааранд ажилдаг байсан гэсэн тэгээд тэр баарнаас ганцаараа гарч ирсэн чинь нэг залуу нь "А***" баарны хамгаалагчтай муудалцаад байсан тэгээд бид 3 нийлээд Улаанбаатар Галлерейн ертөнцийн зүгээр баруун талд гарч ирээд өөрийгөө "А***" бааранд ажилладаг гэсэн залуу нь над руу агсарч дайраад намайг зодсон тэгээд би гэрлэн дохиотой уулзвар дээр очоод энэ 2 залуу намайг ямар ч шалтгаангүй намайг зодоод байна холдуулаад өгөөч гэж гуйсан тэгээд зугтаагаад таксинд суугаад Гэмтлийн эмнэлэг орчоод толгойндоо 5-6 оёдол тавиулчхаад буцаад цагдаагийн байгууллага дээр ирээд өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12188 дугаартай дүгнэлтээр "...Ц.Б-н биед тархи доргилт, баруун зулайн хуйх, зүүн талын завжинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зүүн дээд бага араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дахь тал)
Хохирогч Ц.Б-с гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
А.Т-с хохирогч Ц.Б-д 350.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч А.Т нь согтуугаар 2023 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 04-05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А*** шөнийн цэнгээний газарт хохирогч Ц.Б-г өдөж хоргоон, улмаар шалтгаангүйгээр толгой нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйх, зүүн талын завжинд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зүүн дээд бага араа шүдний эмтрэл, баруун хацарт зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч А.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Т-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр бусдыг өдөж хоргоон зодож цохиж эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулж хүч бяраа гаргаж догшин авирлаж байгаа хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч А.Т-с эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 5.800.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс өмнөх шатанд шүүгдэгч нь 350.000 төгрөг, шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт хэлсний дараа 416.000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн болно.
Харин хохирогч Ц.Б-н нэхэмжлэлээс үлдэх 5.034.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.Т-н тогтмол ажил эрхэлдэг тул үүнийг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-н 5.034.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч Ц.Б нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР