| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02984/и |
| Дугаар | 102/ШШ2020/03094 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/03094
2020 оны 10 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2020/03094 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б,
Хариуцагч: ЭБЖМ ХХК нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 59,938,675.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норолцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ншүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус банктай №ЗГ/RCC00000000000-0 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулан, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 000000000 тоот данс бүхий 50,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Дээрх төлбөрийн картыг ашиглан нийт 49,990,350.58 төгрөгийг зарцуулсан бөгөөд, хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй. Банк гэрээний 4.2.2, 4.2.3, 4.2.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр, түүний хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй бол хариуцагч мөн гэрээний 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.18 дахь хэсэгт тус тус заасны дагуу үндсэн төлбөр болон түүний хүү, хугацаа хэтрэлтийн шимтгэлийг банкинд төлөх үүрэгтэй. Иргэн Д.Быг гэрээгээр хүлээсэн үүргээ банкны өмнө бүрэн биелүүлнэ хэмээн баталгаа болгож хариуцагч ЭБЖМ ХХК нь банктай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №БГ/RCC000000000-0 тоот Баталгааны гэрээ-г байгуулан, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөөгүй үндсэн төлбөр 49,990,350.58 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 613,396.22 төгрөг, шимтгэлийн авлага 600 төгрөг, үндсэн хүү 9,324,829.08 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 9,500 төгрөг, нийт 59,938,675.88 төгрөгийг Д.Б болон ЭБЖМ ХХК нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.Б гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, банкнаас нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнгүй байсан учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулахаар шаардсан. Д.Бын кредит картны зээл төлөх баталгаа болгож хариуцагч ЭБЖМ ХХК нь Баталгааны гэрээ байгуулсан боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ЭБЖМ ХХК-иас сар бүр 1,000,000 төгрөг төлөх санал гаргасан хэдий ч, энэ хэмжээгээр төлбөр төлвөл хэт урт хугацаатай болох тул бид саналыг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү... гэв.
Хариуцагч болон, хариуцагч ЭБЖМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа::
ЭБЖМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай Кредит карт эзэмших гэрээ байгуулан, манайхаар батлан даалган 50,000,000 төгрөгийн зээл авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан билээ. ЭБЖМ ХХК нь гэмтэл согогийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг ба, эмнэлгийн орлогын хувьд коронавируст халдвар Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сараас эхлэн эмнэлгийн орлого буурч, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ нөхцөл байдал одоо ч үргэлжилж байна. Дээр дурдсан нөхцөл байдал арилж, эмнэлгийн үйл ажиллагаа жигдрэн, орлогод хүрэх байдлаас хамааруулан Худалдаа хөгжлийн банкны шаардсан кредит картны үндсэн төлбөр болон түүний хүү, шимтгэл, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал зэрэг нийт 59,938,675.88 төгрөгийг хуваарь гарган хэсэгчлэн ЭБЖМ ХХК-иас бүрэн төлөх болно.
Нэхэмжилж буй 59,938,675.88 төгрөгийг тус иргэний шүүхээр шийдвэрлэгдсэний дараагийн сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөг төлөх байдлаар бүрэн төлж барагдуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс хүргүүлж байна...гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын аман болон бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ХХБХХК нь Д.Б, ЭБЖМ ХХК нарт холбогдуулан, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн болон, Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч нараас 59,938,675.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Кредит карт эзэмших болон Баталгааны гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд, уг төлбөрийг шүүх хэргийг шийдвэрлэсний дараагийн сараас эхлэн, сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХХБХХК-тай ЗГ/RCC000000000-0 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 50,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий кредит карт ашиглах болон бусад нөхцлүүдийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 9-16/
Дээрх гэрээ байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЭБЖМ ХХК нь зээлдүүлэгч ХХБХХК-тай БГ/RCC000000000-0 тоот Баталгааны гэрээг бичгээр байгуулан, Д.Быг Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд уг төлбөр болон, түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхөөр баталгаа гаргасан, уг гэрээ нь Иргэний хулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-17,18/
Кредит карт эзэмших гэрээний дагуу хариуцагч Д.Б төлбөрийн кредит картыг ашиглан 49,990,350.58 төгрөгийг зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, тийнхүү ашигласан мөнгийг ХХБ ХХК-д буцаан төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
ХХБ ХХК, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, гэрээнд заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 9,324,829.08 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 613,396.22 төгрөг, шимтгэлийн авлага 600 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д.Б төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-19/
Хариуцагч Д.Б, ЭБЖМ ХХК нар нь маргаан бүхий гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй боловч, нэхэмжлэгчийн шаардсан 59,938,675.88 төгрөгийг батлан даагч ЭБЖМ ХХК, гүйцэтгэх захирал Д.Б нь шүүх хэрэг хянан шийдвэрлэснээс хойш нэг сарын дараагаас сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ХХБ ХХК нь Д.Б-т 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж, нэмэлт хугацаа олгосон байх боловч тэрээр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Кредит карт эзэмших гэрээний 4.2.18 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардах эрх үүссэн гэж дүгнэн, талуудын байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/RCC000000000-0 тоот Кредит карт эзэмших гэрээ-г цуцлах үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. /хх-24,25/
Талуудын хооронд байгуулагдсан Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу нэхэмжлэгч ХХБ ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байх тул зээлдэгч Д.Б-аас Кредит карт эзэмших гэрээний дагуу үндсэн төлбөр 49,990,350.58 төгрөг, зээлийн хүү 9,324,829.08 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 613,396.22 төгрөг, шимтгэлийн авлага 600 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан зардал 9,500 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ЭБЖМ ХХК нь ХХБ ХХК-тай байгуулсан Баталгааны гэрээний дагуу хариуцагч Д.Б-ын Кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд уг төлбөр болон, түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн учир Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХБХ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б-ын хамт бүрэн хариуцна.
Хариуцагч болон, хариуцагч ЭБЖМ ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талын эзгүйд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХХБ ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ/RCC000000000-0 тоот Кредит карт эзэмших гэрээг цуцалж, хариуцагч Д.Б, ЭБЖМ ХХК нараас 59,938,675.88 /тавин есөн сая есөн зуун гучин найман мянга зургаан зуун далан таван төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 457,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА