| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
2024 01 31 2024/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
хохирогч Б.Г,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Г.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хүч хэрэглэн толгой нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн чихний хэнгэрэг цоорол, зүүн чих, чихний дэлбэн, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь мэдүүлэхдээ: “..мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй” гэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь хүч хэрэглэн толгой нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн чихний хэнгэрэг цоорол, зүүн чих, чихний дэлбэн, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагын шинэ жил Н зам дагуу байрлах М-н офиссит 18:30 минутад эхэлсэн. Би тухайн үед 1 шил пиво, архинаас 30 грамм аягаар 3,4-ийг уусан. 00:00 цагт тухайн газраас 5-6 хүнтэй гараад ажлын залуу Б гэх хүний машинаар /машиныг дүү нь ирж барьсан/ Сансарт байх Б баар руу явсан. Б бааранд ороод архинаас 30 40 граммаар 1 удаа, хагас шил пиво уусан. Цуг ажилладаг ковшийн операторын ажил хийдэг ах архи уугаад тасарчихсан байсан. Тэгэхэд Г.Г нь тооцоо хийх болоход тэр ахаас 100,000 төгрөгийг аваад тооцоон дээр нэмэхээр болж, бусад хүмүүсээс 20,000 төгрөг авья гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тасраад унтаж байгаа хүнээс их мөнгө авч яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд 10-20 минутын дараа намайг гадаа гараад уулзья гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаж гараад баарны хажууд бид 2 очиж зогссон. Тэгээд намайг Г.Г нь духан дундуур мөргөөд, дэгээдэж унагаагаад өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Мөн гараараа толгой, нүүр, чих хэсэгт цохиод байсан. Цохиж байхад миний нүдний шил унаж нүдний шилний гар хугарсан. Намайг 2 удаа газарт унагаасан. Газарт унахдаа хажуу талаараа унасан. Би болиулах гэж цааш нь түлхэж байсан. Би тухайн хүнд гар хүрээгүй. Тэгээд байж байтал цуг явж байсан хүмүүсээс 1 хүн ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд Г.Г нь яваад өгсөн. Утсаа гаргаж ирээд 102 руу залгах гэтэл миний утас болохгүй байсан. Тэгээд би баар дотор ороод цуг явж байсан залуугийн утаснаас цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
“...Би 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Гт зодуулснаас хойш 2 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний чих сийгээд байсан болохоор нь “Э” чих хамар хоолойн хувийн эмнэлэгт 40,000 төгрөгөөр үзүүлсэн. Үзүүлэхэд хэнгэрэг төвийн цооролттой 2 сарын сарын турш чих бөглөж, хэнгэрэг нөхөх мэс засалд орох шаардлагатай гэсэн. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 650,000 төгрөгөөр хэнгэрэг нөхөх мэс засалд орсон. Хувийн эмнэлэгт үзүүлж хэнгэрэг нөхөх мэс ажилбар хийлгэсэн учир Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулж хөнгөлөлт эдэлсэн зүйл байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Э” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн 40,000 төгрөг, мөн энэ эмнэлэгт мэс ажилбар хийлгэсэн 650,000 төгрөг, нийт 698,000 төгрөгийн миний биед гэмтэл учруулсан Г.Гаас гаргуулж авмаар байна. Г.Г нь өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл хохирлыг 1 сарын хугацаанд барагдуулна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэрч Э.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө өөрийн ажлын байран дээр байсан. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5-6 хүмүүс манай бааранд орж ирээд эдэнгийн 241,000 төгрөгийн үнэтэй архины багцаас авч үйлчлүүлсэн. Тухайн хүмүүс дунд нь ягаан өнгийн костюмтай залуу нүдний шилтэй ах байсан. Үйлчлүүлэх үедээ энэ 2 хүн хоорондоо маргалдсан асуудал гаргаагүй. Хамт явж байсан хүмүүстэйгээ бүжгийн талбайд бүжиглэж байсан. Авсан багцаа дуусгаад тооцоогоо хийгээд гарсан. Сүүлд харахад тэр 2 залуу нэлээн согтолттой байсан. Ягаан хослолтой нь арай гайгүй байсан. Надад мэдэх зүйл байхгүй. Хүн ихтэй байсан болохоор сайн анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаар шинжээчийн: 1. Б.Гын биед зүүн чихний хэнгэрэг цоорол, зүүн чих, чихний дэлбэн, духанд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэд байна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн “ гэж заажээ.
Хохирогч Б.Г 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “хохирол 698,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Гаас 100,000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл 598,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлнө гэж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт /хх-76/, мөн шүүгдэгч Г.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “хохиролд 100,000 төгрөгийг өгсөн, үлдэх хохирлыг хуваан төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 77/ тус тус гаргажээ.
Иймд шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Гт 100,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл хохирол болох 598,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.Гт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Г.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын дотор 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас 598,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гт олгосугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО