Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03030

 

2020 оны 10 сарын 13 өдөр                 Дугаар 102/ШШ2020/03030                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

Ажлын хөлс 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх хуралдааны ирцтэй холбоотой гаргасан зохигчийн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Т нь карьерийн үйл ажиллагаа явуулдаг Э компанитай 2015 оноос эхлэн дизель түлш борлуулахаар хамтран ажиллаж эхэлсэн. 2019 оны 3 дугаар сард Э ХХК-ийн ажилтан н.Д надтай уулзаж, миний өөрийн эзэмшлийн 0000 У дугаартай тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэхээр тохиролцож, 1 удаагийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр тооцон 2019 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарыг хүртэлх нийт 6 сарын хугацаанд 40 удаагийн буюу 4,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Анх нэг удаагийн ажлын хөлс болох 100,000 төгрөгийг хайргаар тооцон авахаар тохирсон боловч ажлын хөлсөндөө хайргаа өгөхгүй байсан тул төгрөгөөр тооцон авахаар болсон. Бидний хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй, урьдын хамтын ажиллагааны итгэлцлийн үндсэн дээр аман хэлцэл хийгдсэн боловч Э ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаан дахь тооцоо нийлсэн актаар түлшний рейсийн төлбөрт 4,000,000 төгрөгийн өглөгтэй талаар тохиролцож баталгаажуулсан. Гэвч одоог хүртэл хөлсийг төлөхгүй байгаа тул тооцооны актын дагуу 4,000,000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээ асан хэлбэрээр хийгдэж, ажиллагч Б.Т нь гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажиллуулагч тал гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд, талууд харилцан тооцоо нийлснээр хариуцагч нь 4,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үлдэгдэлтэй болохыг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн Тооцоо нийлсэн акт-аар тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсаад шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөгийн ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гардан авч, 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхийн ажилтантай утсаар холбогдон шүүх хуралд очиж амжихгүй, эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү хэмээн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ний харилцаа үүсч, нэхэмжлэгч Б.Т нь өөрийн эзэмшлийн 70-52 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр Э ХХК-ийн түлшийг тээвэрлэх, 1 удаагийн ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, гэрээг аман хэлбэрээр байгуулсан байна.

Хэлцлийн дагуу Б.Т нь 2019 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх 6 сарын хугацаанд нийт 40 удаагийн рейс хийж, хэлцлийн дагуу ажлын хөлс 4,000,000 төгрөгийг ажиллуулагч Э ХХК төлөх үүрэг хүлээж, уг үүргээ биелүүлээгүй байх бөгөөд, энэхүү төлбөрийн үлдэгдлийн талаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын нягтлан Н.Дэлгэрмаатай тооцоо нийлж, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэн, ажлын хөлс 4,000,000 төгрөгийг Э ХХК төлөх үндэслэлтэй гарсныг харилцан баталжээ. /хх-6/

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй Э ХХК-иас нэхэмжлэгч Б.Т нь ажлын хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА