Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа, Улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ************** дүгээр хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч, “****” ХХК-д ачигч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, **** тоотод ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

А овгийн Б-ын Э /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод хохирогч Ц.Ж-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, “гэртээ харь" гэх асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж улмаар хохирогч Ц.Ж-ын нүүр; цээж  хэсэгт өшиглөж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хамар яс, баруун, зуун 4-р хавирганы хугарал. зүүн зовхины гадна буланд шарх, дух, зүүн, баруун хөмсөг баруун хацар, хамрын баруун самсаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун зүүн зовхи, баруун нүдний алимны салст, баруун хацар, хүзүү, баруун шанаа. баруун завж, дээд, доод уруулын баруун дотор салстад цус хуралт баруун, зүүн зовхи, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 19-20, 71-72 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хохирогч Ц.Ж-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14232 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал), гэрч Б.Эрдэнэ-Очирын мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Б.Э-ын хохирогч Ц.Ж-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Ж-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...хохирлын мөнгө авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” болохоо илэрхийлсэн (хавтаст хэргийн 86 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ын Э-т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Э-т сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР