| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02446/и |
| Дугаар | 102/ШШ2020/03014 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/03014
2020 оны 10 сарын 12 өдөр Дугаар 102/ШШ2020/03014 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Г
Хариуцагч: Ж.Э нарт холбогдох
Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Ц.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Дын хамт гаргасан тайлбартаа:
Миний бие 00 дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах өмчлөлийн 000 м.кв газартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, түүндээ 0 давхар байшин 0000 онд барьсан болно. Өмчлөлийн энэхүү газрыг иргэн Ж.Э миний зөвшөөрлөөр 2014 онд бусдад барьцаалж байсан. Тэр үед л газрын гэрчилгээг авсан хэрнээ одоо хүртэл надад буцааж өгөөгүй, шаардахаар янз бүрийн шалтгаан шалтаг хэлээд хойшлуулчихдаг байсан. Гэрчилгээгээг олж авч чадаагүй удсан байсан учраас лавлагаа авч үзье гэж бодоод, 2020 оны 2 дугаар сарын 19-нд иргэдэд үйлчлэх автомат машинаас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авч үзэхэд 2017 онд Гүнчин-Иш гэх хүний зээлийн барьцааны эрхийг бүртгэсэн лавлагаа гарч ирсэн. Маш гайхаж, тэр даруй Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас 2020 оны 2 дугаар сарын 21-нд дэлгэрэнгүй лавлагаа гаргуулсан. Ингэхэд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн итгэмжлэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн. Ж.Э нь эдгээр гэрээг Гүнчин-Ишээс мөнгө зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа миний өмчлөлийн газрыг барьцаалсан байх ба, уг гэрээг байгуулах үндэс нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 00 тоот нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл байсан. Итгэмжлэлд ...газрыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт оруулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах... гэсэн эрхийг олгожээ. Гэтэл тухайн өдөр ийм эрх бүхий итгэмжлэл Эт олгох гэж нотариатад очоогүй, гарын үсэг зураагүй ба, иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан миний үнэмлэхний мэдээллийг үндэслээд итгэмжлэл олгосон байсан.
Нотариатчийн хууль бус энэ үйлдлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган, хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01183 дугаар бүхий шийдвэрээр нэхэмжлэлийг хангах буюу 92 хувийн дугаартай нотариатчийн 2017 орны 5 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож шийдсэн ба, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэн Ж.Э, Ц.Г нар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа мөн барьцааны гэрээ байгуулжээ. Тус барьцааны гэрээг байгуулах үндэс болсон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг шүүх хүчингүй болгосон тул миний хөрөнгийг барьцаалах үндэслэлгүй болж байна. Хэрэв бусдын хөрөнгийг барьцаалах бол түүний зөвшөөрлийг зайлшгүй авах бөгөөд, аваагүйгээр гэрээ хэлцэл байгуулах нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна. Талууд барьцааны гэрээ байгуулахад барьцаалах эрх олгосон итгэмжлэл байгаа мэт боловч энэ итгэмжлэл нь миний өөрийн хүсэл зориг биш, хууль бусаар хийсэн итгэмжлэл хэмээн шүүх дүгнэснээс харвал барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй болж байна. Тиймээс энэхүү барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ж.Э бид хоёр хамтран амьдарч байсан нь үнэн. Гэвч бидний дунд хамтран өмчлөх хөрөнгө байхгүй. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр маргааны зүйл болж байгаа газрыг Ц.Гд 1 сарын хугацаатай итгэмжлэл олгож байсан. Үүнээс хойш би нэг ч хүнд итгэмжлэл олгоогүй. 2017 оны 2-оос 3 дугаар сард би урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад гарснаас хойш Ж.Э-тэй би холбогдоогүй. Хэрэгт 2014 болон 2017 оны хоёр итгэмжлэл байгаа. Эдгээр итгэмжлэлүүдийн гарын үсэг нь хоёулаа өөр байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлинй 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Итгэмжлэл нь өөрөө хүчингүй болсон учир хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн Барьцааны гэрээ байгуулсан байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү... гэв.
Хариуцагч Ж.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ж.Э нь өөрийн биеэр Ц.Г, Ц.Б нартай уулзаж асуудлыг шийдвэрлэнэ. Ц.Г гуайн төлбөр 15,000,000 төгрөгийг би аваагүй. Ц.Б нь миний нөхөр байсан. Одоо хамтран амьдраагүй. Тусдаа амьдарч байгаа. Өмгөөлөгч аваад асуудлыг шийдвэрлэнэ. Гэрчилгээг хамтдаа очиж Ц.Гд өгсөн... гэжээ.
Хариуцагч Ц.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь Ц.Б нь Ж.Эийн 10 жилийн найз, түүний нөхрийг нас барснаас хойш буюу 2010 оноос хойш одоог хүртэл хугацаанд эхнэр нөхөр болж, гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч хамтын амьдралаа зохион, хамт амьдарч байгаа, түүний нөхөр нь болно. Ж.Э анх 2014 онд Бг өөрийн нөхрөө гэж надтай танилцуулж байсан. Ж.Э 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр надаас 15,000,000 төгрөгийг зээлж авахдаа миний нөхөр Б бид хоёр 2010 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Би өөрийн нөхөр Ц.Б-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй 0 дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар гудамж 0 тоотод байрлах газар өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр Бтой харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнээс итгэмжлэл авч, барьцаанд нь тавьлаа гээд уг гэрчилгээг барьцаалж надаас 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Ийнхүү нөхөр Б нь өөрийн эхнэр Э-тэйгээ харилцан тохиролцож, түүнд хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэл бичин өгч, өөрийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулсан. Б, Э нар нь 2010 оноос одоог хүртэл хугацаанд хамтран амьдарч, эхнэр нөхөр болж хамтын амьдрал зохиож байсныг тогтоох, нэхэмжлэгч Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргаж өгөхийг хүсье.
Ж.Эийн хувьд надад Ц.Бгоос зөвшөөрөл авсан гэж хэлээд, итгэмжлэл авч ирээд зээлийн болон барьцааны гэрээ хийж, надаас мөнгө авсан. Намайг энэ хоёр хүн залилаад байна. Шүүхэд өгснөөс хойш Ж.Э Төв аймгийн нутаг дэвсгэрт нэг газар байгаа, түүнийг миний нэр дээр шилжүүлнэ гээд байсан. Төв аймгийн газрын албанд хандаж 3 га газрыг надад өгнө гээд нотариат дээр очсон ч, огт шилжүүлж өгөхгүй, худалаа хэлээд яваад байгаа. Ц.Бгийн юмыг надад өгөөд залилсан шиг дахиад залилах гээд байх шиг байна. 2014 онд надад барьцаалсан нь үнэн. Энэ үед итгэмжлэл хийсэн., тэгээд дууссан. Би Ж.Эээс мөнгөө авах гээд хайхад бидний танил н.Э гэж эмч надад энэ хоёрыг хамт амьдарч байгаа гэж хэлж байсан... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.Э, Ц.Г нарт холбогдуулан, түүний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газрыг нь барьцаалсан учир Ж.Э, Ц.Г нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Ц.Бг уг барьцааны гэрээг мэдэж байсан, хариуцагч Ж.Этэй холбоотой байдаг ба, маргаан бүхий гэрээг байгуулахад Ж.Эийн авч ирсэн итгэмжлэлд нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар байсан учир хүчин төгөлдөр гэж үзнэ, ... үүнээс өмнө 2014 онд Ц.Бгоос өөрт нь итгэмжлэл хийж барьцаалан мөнгө зээлж байсан учир энэ гэрээ байгуулагдсаныг мэдээгүй байх үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Харин хариуцагч Ж.Эийн хувьд маргааны зүйл болсон Ц.Бгийн өмчлөлийн газрын гэрчилгээг нэхэмжлэгчийн хамт Ц.Гд өгсөн ба, 15,000,000 төгрөгийг аваагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.
2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ж.Э нь Ц.Гээс 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон тэд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр иргэн Ц.Бгоос Ж.Эт олгогдсон итгэмжлэлийн дагуу Ц.Бгийн өмчлөлийн 0 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах 0000 гэрчилгээний дугаар болон, Г-00 бүртгэлийн дугаар бүхий 0 м.кв талбайтай газрыг Ц.Гд барьцаалжээ. /хх-7, 8/
Ц.Бс Ж.Эт олгосон 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлд: ...00000 тоот гэрчилгээний дугаартай, Г-00 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн 0 дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байрлалтай 0 м.кв газрыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт оруулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх... эрхийг Ж.Эт 3 сарын хугацаатай олгосон байна. /хх-9/
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4 дэх хэсэгт зааснаар дээрх итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай бөгөөд, хуульд заасан уг шаардлагыг хангаж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн нотариатч Г.Батмөнхөөр гэрчлүүлсэн байх боловч, тэрхүү итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1183 тоот шийдвэрээр хүчингүйд тооцсон байх тул уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. /хх-10, 11/
Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий барьцааны гэрээг байгуулах үндэслэл болсон Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсон тул уг итгэмжлэл нь хууль зөрчиж хийсэн буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн Барьцааны гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10 дахь хэсэгт ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу Ж.Э, Ц.Г нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгахаар нэхэмжлэгч Ц.Б шаардах эрхтэй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э, Ц.Г нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА