Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02982

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02982

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Г-т холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал 150,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч П.Г оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д  СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

П.Г суугч нь тус байраа хүнд түрээслүүлж орлого олж амьдарсаар байгаа ба, төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-ны ДӨЭХ-ийн засвар үйлчилгээ, сангийн засвар хийх СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж ирсэн ба, төлбөрөө төлөхийг амьдарч байгаа айлд нь шаардахад бид өндөр үнээр түрээслэн суудаг, төлөхгүй гэсээр 150,480 төгрөгийн хохирлыг СӨХ-нд учруулаад байна. Уг 68 дугаар байр нь ашиглалтанд орсон цагаасаа огт СӨХ-гүй явж ирсээр 2020 оны 11 дүгээр сараас манай СӨХ-нд харъяалагдан ирсэн ба, уг байрны дээвэр нь ус гоождог болсон тул дүүрэг нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт асуудал тавихад СӨХ-нд харъяалалгүй тул суугчид нь өөрсдөө асуудлаа шийдэх ёстойг мэдэгдэж байсан юм. Тус байрыг 26 тоотын 85 настан н.Оюун нь сэтгэл зүрхээрээ 16 жил үйлчлэгч ажиллуулж айл өрхөөс бэлэн мөнгө хураан чадан ядан явж ирсэн. 2019 оноос дээврийн засвар хийлгэх хөрөнгө оруулалт хөөцөлдөхөд Баянгол дүүргээс их хуралд сонгогдсон н.Анхмаа гишүүнд удаа дараа хүсэлт тавьсны хүчинд 2020 оны 11 дүгээр сараас манай СӨХ-нд Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар харьяалуулсан. Д  СӨХ албан тоот өгч хөөцөлдсөний хүчинд, 00 тоотын суугч, өндөр настан н.Оюуны хүчин чармайлтаар 2020 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дээврийн засварыг хийлгэхээр тендер зарлагдан 2 ч компани зураг төсвөө хийн, 9 дүгээр сараас дээврийн засвар ороход бэлэн болж байна. 16 жил ямар ч засаг захиргааны харъяалалгүй амь амиа аргацаан цэвэрлэгээгээ хийлгэж байгаа хүний хөлсийг үзэмжээрээ өгөхтэй үгүйтэй явж ирсэн зуршлаараа СӨХ төлбөрөө төлөхгүй 9 сарын нүүрийг үзэж байна. Иймд П.Гоос 2019 оны 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1-7 дугаар саруудын 150,480 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д  СӨХ-ны нэхэмжлэлд дурдсанчлан миний бие энэхүү байрыг бусдад хэзээ ч түрээслүүлж байгаагүй, бусад оршин суугчид нотолно. Энэ байр ашиглалтанд орсон цагаас 2-3 жилийн хугацаатай олон СӨХ солигдсон ба, сүүлийн 7 жил ямар нэгэн хариуцсан СӨХ-ны байгууллага байгаагүй. Харин барилгын гол техник, узель, цэвэр бохир ус болон дулааны хэрэглээний зохицуулалт, засвар үйлчилгээг ОСНАА-ХҮТ-12 хариуцаж гэрээтэй ажиллаж байсан. Миний бие амьдарч байх хугацаандаа өмнөх СӨХ-ны төлбөр болон үйлчлэгч, цэвэрлэгч нарын цалинг бусад оршин суугчдын адил сар бүр тогтмол төлсөөр ирсэн. Мөн СӨХ ажиллаагүй хугацаанд байрны оршин суугчид нийлж орцны дотоод заслыг шинээр хийсэн. Манай байр 5 давхар байрны 5 дугаар давхарт байрладаг бөгөөд 10 гаруй жилийн өмнө таазнаас дусаал дусаж, ус гоожиж эхэлсэн тул тухайн үеийн Бат СӨХ-нд засуулах хүсэлт гаргасан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд тухайн үед өөрийн байрны харалдаах дээврийг өөрийн зардлаар засаж янзалснаас хойш өнөөг хүртэл дахин дусаал дусаагүй. Манай 00 дугаар байрны гадна, дотор талын засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй бөгөөд, хоёр орцтой, нийт 40 айлын орон сууцанд одоог хүртэл ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхгүй зэрэгт СӨХ анхаарал тавьж байгаагүй. Иймд дээрх бүх шалтгаан нөхцлийг харгалзан үзэж цаашид Д  СӨХ-той хамтарч ажиллах хүсэлгүй, харин өөрт ногдох цэвэрлэгээний мөнгийг сар бүр төлж байх хүсэлтэй байна. Засвар үйлчилгээг бид өөрсдөө хийж ирсэн. Айл бүр хогоо гаргаж хаядаг. Одоог хүртэл цэвэрлэгч нь 7 хоногт 1 удаа л ирдэг. н.Оюун гэдэг настай хүн манай байранд байдаг. Өчигдөр манай гэр бүлийн хүнд гомдчихсон намайг балай авгай гэсэн байна гээд буруугаар ойлгосон байсан. Би тэр хүнийг тэгэж хэлээгүй. Хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг өгөлгүй яах вэ. Манай байр 41 м.кв талбайтай. Гэвч манай байрны төлвөл зохих СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг яаж тооцсон, хэдэн төгрөг байхаар шийдвэрлэсэн зүйл байхгүй. Энэ СӨХ хэдэн жил болж байгаад л алга болно. Тиймээс би цэвэрлэгээний мөнгийг нэг сарын 4,500 төгрөгөөр тооцоод төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрнө...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д  СӨХ нь хариуцагч П.Гт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 1-7 дугаар сарыг хүртэлх 9 сарын хугацааны төлбөрт 150,480 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч П.Г дээрх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрөх боловч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, тэрхүү үнэ тарифыг бүх оршин суугчдаас тодруулаагүй бөгөөд, тус СӨХ-той хамтарч ажиллах итгэл үнэмшил төрөхгүйн зэрэгцээ, дундын өмчлөлийн эд хөрөнгө, дээвэрт засвар хийдэггүй учир цэвэрлэгээний мөнгийг нэг сарын 4,500 төгрөгөөр тооцож нэхэмжилж буй 9 сарын хугацааны цэвэрлэгээний 40,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

Д  СӨХ-ны бүртгэлд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулж 0 дүүргийн 00 дүгээр хорооны 00 дугаар байрыг хариуцахаар бүртгэгдсэнээр №304 тоот гэрчилгээ олгогдсон байх бөгөөд, тус холбооны Удирдах зөвлөлийн даргын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №04 тоот шийдвэрээр Н.Ганчимэгийг гүйцэтгэх захирлаар томилсон болох нь гэрчилгээ болон удирдах зөвлөлийн даргын шийдвэр зэргээр тус тус нотлогдож байна. /хх 4, 5/

Хариуцагч П.Г нь Д СӨХ-ны хариуцан үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг зохигчид тодорхойлон тайлбарлах бөгөөд, энэ талаар хэн аль нь маргаагүй тул тэдний тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотолгооны хэрэгсэл болно.

Хэдийгээр сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3 дахь хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, мөн хуулийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд, хариуцагч П.Г энэ үүргээ биелүүлээгүй буруутай боловч, тэрхүү зардлын хэмжээг Д  СӨХ хэрхэн тогтоож шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно, 16.4.2 дахь хэсэгт сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэж, мөн хуулийн 16.5 дахь хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилж, СӨХ нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцүүлэн бүх гишүүдийн хурлаар зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тоот тогтоол, түүний хавсралтаар тогтоосон тариф нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсгүүдэд заагдсан СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэр биш хуримтлалын үнийн жишиг тариф байна.

Иймд нэхэмжлэгч Д  СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг хэрхэн хуваарилах талаар тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй боловч, хариуцагч П.Гийн зүгээс цэвэрлэгээний хөлсийг нэг сарын 4,500 төгрөгөөр тооцож, 9 сарын хугацааны нийт 40,500 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 109,980 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Гоос 40,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 109,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА