Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02696

 

2020 оны 10 сарын 08 өдөр     Дугаар 102/ШШ2020/02969                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Н-д холбогдох,

Түрээсийн төлбөр 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХХК-ийг төлөөлөн, гүйцэтгэх захирал Ц.Шинэзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

Дорнод аймаг Эрдэм шинжилгээний хүрээлэнд захирлаар ажиллаж байсан Ш.Н нь Г ХХК-ийн байр болох 00 дугаар байрны 00 тоот дахь 00 м.кв табай бүхий 1 өрөө байрыг түрээсэлж суухаар тохирж гэрээ хийсэн боловч түрээсийн хөлсөө байнга нэхүүлж, цаг хугацаандаа төлдөггүй. Ш.Н нь ажилдаа байдаггүй, утсаа заримдаа авдаггүй, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрөөр нь өргөдөл бичүүлж авсан. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлж дуусгах саналтай. 2019 оны 2, 3, 4 дүгээр саруудын 15-20-ны өдөр төлж байна гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй болно. Нийт өр 1,100,000 төгрөг төлөөгүй. Энэ төлбөрийг Ш.Наар богино хугацаанд төлүүлж өгнө үү. Байрны хөлсийг нэг сарын 150,000 төгрөг байхаар тохирч, 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Нийт 1,500,000 төгрөг төлөхөөс 2019 оны сүүлээр 300,000 төгрөг төлсөн, мөн манай байгууллагын зүгээс түүнийг амьдарч байсан байрандаа бага зэрэг засаж янзалсан нөхцлийг харгалзаад 100,000 төгрөгийг хөнгөлж, үлдэгдэл 1,100,000 төгрөгийг Ш.Наас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар үндэслэлгүй. Бидний зүгээс хариуцагчийг хангалттай удаан хугацаанд хүлээсэн. 400,000 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү... гэв.

Хариуцагч Ш.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Ш.Н миний бие Дорнод аймгийн Г ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Тус компанийн нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийн 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин би тус түрээсийн байранд 400,000 төгрөгийн засвар хийсэн, энэ мөнгийг би өөрөөс гаргасан учир 1,100,000 төгрөгөөс энэ 400,000 төгрөгийг хасуулж тооцох хүсэлтэй байна. Мөн ажилгүй учир төлбөрийг 11 дүгээр сараас эхлэн сар бүр 100,000 төгрөг төлж, 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш.Н-ад холбогдуулан, түрээсийн төлбөрт 1,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч, тухайн байранд өөрийн зардлаар засвар хийсэн гэх үндэслэлээр үлдэх 400,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

            Нэхэмжлэгч Г ХХК нь өөрийн мэдлийн 00 дугаар байрны 00 тоот дахь 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Н-ад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, нэг сарын 150,000 төгрөгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцож, Түрээсийн гэрээ бичгээр хийжээ. /хх-6/

Талууд хэдийгээр гэрээг Түрээсийн гэрээ хэмээн нэрлэсэн байх боловч, тэдний хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсны дагуу хөлслүүлэгч Г ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг хөлслөгч Ш.Нын эзэмшилд шилжүүлж, тэрээр гэрээний хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласан, нийт гэрээний дагуу 1,500,000 төгрөг төлөхөөс 300,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Ш.Нын Г ХХК-д гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хүсэлт зэргээр тогтоогдсон.

Хариуцагч гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг болсон талаар маргаагүй ч, тухайн орон сууцанд өөрийн хийсэн гэх засварын хөлс 400,000 төгрөгийг төлбөрөөс суутган хасуулах хүсэлтэй болохоо илэрхийлсэн. Гэвч тэрээр шүүхэд гаргаж буй энэхүү тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тийнхүү засвар хийсэн болон, засвар хийхэд 400,000 төгрөг зарцуулсан гэх түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсохгүй.

            Иймд дээрх үндэслэлээр шүүх Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ш.Наас 1,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Наас 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 30,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА