| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024 02 08 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ням-Учрал,
шүүгдэгч У.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт У.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Жнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн М.Б эзэмшлийн 0-0 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Жнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн М.Б эзэмшлийн 0-0 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
Хохирогч М.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө таксинд явж байсан ба 00 цаг өнгөрөөд 01 цаг болох гэж байхад Баянзүрх дүүргийн Тамгын газрын арын автобусны буудал дээр 30 гаруй насны хар өнгийн куртиктай, эрээн үүргэвч үүрсэн гартаа пиджак барьсан үл таних согтуу эрэгтэй таксинд гар өргөөд зогсож байхаар нь би зогсоод хаашаа явах юм гэж асуухад тэр үл таних согтуу эрэгтэй зүүн 4 зам орно гэж хэлэхээр нь би суулгаад хөдөлсөн. Тэгээд зүүн 4 зам дээр ирээд буугаарай миний дүү гэж хэлэхэд тэр үл таних эрэгтэй доошоо тонгойгоод унтаж байхаар нь би машинаас буугаад баруун талын арын хаалгыг онгойлгоод буугаарай миний дүү тооцоогоо хийгээрэй гэж хэлэхэд тэр үл таних согтуу эрэгтэй сэрээд машинаас бууж ирээд шууд миний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн ба үргэлжлүүлээд цохих гээд дайрахаар нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд хоёр гарнаас нь барьж аваад болиулах гээд ноцолдсон. Тэгээд би тэр үл таних согтуу эрэгтэй хүнтэй ноцолдож байгаад цагдаагийн машин зүүн 4 замын гэрлэн дохион дээр зогсож байгааг хараад нөгөө үл таних эрэгтэйг түлхээд цагдаагийн машин руу гүйсэн. Тэгээд цагдаад хэлчихээд эргээд гүйгээд ирэхэд нөгөө үл таних эрэгтэй миний машинд суугаад хөдлөөд явах гэж байхаар нь би гүйж очоод хойд хаалганаас зуураад чирэгдсэн боловч зогсоож чадаагүй нөгөө үл таних согтуу эрэгтэй хүн миний машиныг жолоодоод хөдлөөд явсан. Тэр үед миний араас 1 цагдаа явган гүйгээд ирсэн ба нөгөө цагдаа нь гэрэл дохио хүлээж байгаад туслах гэрэл асах үед машинтайгаа эргээд ирсэн. Тэгээд би 2 цагдаатай хамт тэдний машинаар өөрийнхөө машины араас 5-10 минут орчим хугацаанд хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд 2 цагдаа бид гурав хайж байгаад Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны Ану-Үжин төвөөр баруун эргээд туслах замаар хойд зүг рүү явж байгаад миний машин аж ахуй нэгж , байгууллагын хашаа мөргөөд зогссон байхад нь олсон ба яваад очиход тухайн байгууллагын жижүүр 2-3 залуучуудтай хамт нөгөө үл таних согтуу эрэгтэй хүнийг барьсан зогсож байсан. Тэгээд машинаа шалгаж үзэхэд дотор нь байсан миний UB cap-д бүртгэлтэй байдаг Самсунг галакси А-90 загварын гар утас байхгүй болсон байсан ба миний машины зүүн урд хэсэг хашаа мөргөөд гэмтсэн байсан. Тэр үед цагдаа нар тухайн үл таних согтуу эрэгтэйгээс миний гар утсыг асуух үед нөгөө үл таних согтуу эрэгтэй хүн би аваагүй би мэдэхгүй гэж хэлээд цагдаа нартай хэрэлдээд над руу хараад намайг тавлаад инээгээд байсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 05/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-41/, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-50/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.Жнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Жнь хохирогч М.Бхохиролд 2,800,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Жнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар У.Жд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, У.Жнь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Жг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Жнь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО