Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2020/03498/и |
Дугаар | 102/ШШ2020/02967 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/02967
2020 оны 10 сарын 08 өдөр |
Дугаар 102/ШШ2020/02967 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т,
Хариуцагч: Э.Т,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5,210,000 төгрөг, олох байсан орлого 1,000,000 төгрөг, бүгд 6,210,000 /зургаан сая хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Т миний бие Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр ЭССО сервисийн баруун уулзвар дээр 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 40 минутын үед Ямаха маркийн мопед жолоодож зорчин явах үед хариуцагч Э.Т нь Тоёота Харриер маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчиж Б.Т намайг мөргөн, миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гарсан. Ослын улмаас зүүн өвдөг чагтан холбоос (ACL), ясны хугарал гэх мэт гэмтэл авч, эм тариа хийлгэн, физик эмчилгээ, шарлага хийлгэж эмчилгээ болон эд хөрөнгийн зардал 4,400,000 төгрөг хариуцагчаас авч, эмчилгээ хийлгэн хэвтрийн дэглэмтэй гипстэй явц дунд эдгэхгүй байсан тул 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Эм Би Жи (MBG) гэмтэл согогийн эмнэлэгт үзүүлэн зүүн өвдөгний хагалгаанд орсон. Иймд хариуцагч Э.Төөс миний эрүүл мэндэд учирсан мэс засал хагалгааны төлбөр 5,000,000 төгрөг, хагалгааны дараах эм 210,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаа хийж чадахгүй байсан тул олох ёстой байсан нэг сарын түрээс 1,000,000 төгрөг, нийт 6,210,000 төгрөг ба, энэ бүх төлбөр баримттай байгаа. Үүнийг Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна.
Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэмтэл авсныхаа дараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод рентген зураг авахуулахад Ясны хугарал байхгүй, өвдөгний шингэн алдагдсан байна гэсэн. Эмч хэлэхдээ: 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл эдгэрэлтийг харж байгаад 7 хоногийн дараа MRI-н зураг авахуулаарай гэсэн. Гэтэл хөл тэгшрэхгүй, хөдөлж болохгүй байсан тул уг зургийг авахуулсан. Тэр үед Өвдөгний чагтан холбоос, жийргэвч мөгөөрс, өвдөгний ясны хугарал гэсэн хариу гарсан. Эмч эхлээд эм тариагаар эмчилж үзье, болохгүй бол хагалгаанд орно гэсэн. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл эм тарианд 1,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Үүнээс үүдэн эмчилгээний мөнгөгүй болсон тул цагдаа руу яриад Би хагалгаанд орохоор болчихлоо, мөнгөний асуудал их байна гэхэд цагдаа осол гаргасан Э.Ттэй ярилцаад үз гэсэн. Э.Ттэй ярихад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн томографын шинжилгээний хариу цагдаад очоогүй байсан тул харилцан тохиролцоод уг хэргийг хаалгасан. Э.Т нь 4,400,000 төгрөгийг 100 хувь өгөөгүй. Приусын жолооч ах бас мөнгө гаргасан. Энэ үед би эмчилгээгээ үргэлжлүүлж байсан. 28 хоног эмчилгээгээ хийлгээд дахин зураг авхуулсан. 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гайгүй болох байх гэсэн ч зүгээр болоогүй. Тиймээс эмчилгээ үр дүнгүй болсон учир хагалгаанд орсон.
2020 оны 09 сарын 07-ны өдөр эмнэлгээс гарснаас хойш маш их сул зардал гарч, ажлаа хийж чадахгүй байсан. Би бүх зүйлээрээ хохирсон. Хөл маань өмнөх шигээ огт болохгүй байгаа. Тээврийн прокурорын тогтоол дээр шаардах эрхтэй байгаа тул гол барьж байна. Тэр үед надад маш хэцүү байсан. Э.Тийн хувьд надад 3,400,000 төгрөгийг өгсөн бөгөөд үнээс эмчилгээний мөнгө, эм тариа, түрээсийн төлбөр, гэх мэт маш их зардал гарч байсан. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Т нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тоёота Харриер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцох үедээ нэхэмжлэгч Б.Тын унаж явсан мотоциклтой мөргөлдөж, нэхэмжлэгч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Б.Тын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8470 дугаар дүгнэлт, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 567 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол болон нэхэмжлэгчийн тээврийн цагдаагийн газарт гаргаж өгсөн тухайн ослоос миний зүүн хөлөнд гэмтэл учирсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон. Энэ гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тодорхойлолт зэргээр нотлогддог. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бодит байдлаас зөрүүтэй буюу миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн нь хуульд заасан хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн байна.
Тухайн осолд миний бие гэм буруугүй бөгөөд, тухайн осол гарсан өдөр эсрэг урсгалаас Приус маркийн машин орж ирэхэд нэхэмжлэгч Б.Т нь тухайн машинтай мөргөлдөхгүй гэсэндээ гэнэт эгнээгээ сольж туслах замаас төв зам руу орж байсан миний жолоодож явсан машиныг мөргөсөн. Иймд тухайн осол нь нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдлээс гарсан боловч цагдаагийн газраас туслах замаас төв зам руу орохдоо төв зам дагуу явж байсан машинд зам тавьж өгөөгүй гэж намайг буруутгасан байдаг. Би Б.Ттай 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр түүнд учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролд нийт 4,400,000 төгрөгийг өгч, хохирол барагдуулах хэлцэл хийсэн. Тэрээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байсан тул прокурорын тогтоолд би гомдол гаргаагүй. Тухайн үед Б.Т нь зардалд нийт 1,531,875 төгрөг /мотоциклын хохиролд 430,000 төгрөг, эмчилгээнд 1,101,875 төгрөг/ баримтаар нотлогдсон ба, би илүү төлсөн 2,868,125 төгрөгийг цаашид гарч болох эмчилгээний зайлшгүй зардал болгон өгч, гомдол санал гаргахгүй байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь мэс заслын төлбөр 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч, түүний гаргаж өгсөн НӨАТ-ын баримтаар нотлогдохгүйгээс гадна тухайн ослоос болж мэс засалд орох гэмтэл учирсан эсэх, тухайн ослын улмаас тус зардал гарсан эсэх, түүнтэй ямар шалтгаант холбоотой байгаа зэргийг нотолсон баримт байхгүй тул үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдаж, ажлаа хийж чадахгүй байсан тул олох ёстой байсан 1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн 4-т цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж зааснаас үзэхэд тухайн хөнгөн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдагдахад нөлөөлөхгүйгээс гадна цаашид хэвийн ажиллаж хөдөлмөрлөх боломжтой байна. Мөн Иргэний хуулийн 505.1 дэх хэсэгт ...хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого...-ыг төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд, ийнхүү шаардах урьдчилсан нөхцөлд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдагдсан байх, шаардах төлбөр нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого байдаг тул Б.Тын хөдөлмөрийн чадвар алдагдаагүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 8470 дугаар дүгнэлтээр, түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь тус зүйлд заасан цалин хөлс түүнтэй адилтгах орлогод хамаарахгүй тул үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. 210,000 төгрөг нь хагалгааны төлбөр болох 5,000,000 төгрөгнөөс урсаж гарсан зардал тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн төлбөр нь цар тахлын улмаас 2020 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 80 хувиар бууруулаад сард 206,000 төгрөг төлж байгаа. Нэхэмжлэлээс харахад 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоног эмнэлэгт хэвтсэн байдаг. Иймд олох байсан орлогоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Э.Т нь 3,400,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч тодорхой баримтуудыг гаргаж өгөөгүй. 2,800,000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна...гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Э.Тт холбогдуулан, зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,210,000 төгрөг, олох байсан орлого 1,000,000 төгрөг, нийт 6,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал гэм буруугийн талаар маргахгүй боловч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчийн орсон гэх мэс засал нь тухайн ослын улмаас учирсан гэмтэл болох нь нотлогдоогүй бөгөөд, уг мэс заслын дагуу хэрэглэсэн эм тарианы зардал учир 5,210,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн, ...түрээсийн төлбөр нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан цалин хөлс түүнтэй адилтгах орлогод хамаарахгүй тул олох байсан орлого 1,000,000 төгрөгийг шаардах эрхгүй... хэмээн тайлбарлаж маргасан.
2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 00 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эссо сервис төвийн баруун уулзвар дээр 68-73 УБЯ улсын дугаартай, Тоёота Харриер маркийн автомашиныг жолоодон явсан Э.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас Б.Т жолоочтой Ямаха /Yamaha/ маркийн улсын дугааргүй мотоциклыг мөргөж, Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол, мотоцикльд 300,000 төгрөгийн шууд, 430,000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан байна.
Тээврийн прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 567 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Э.Тийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргасны улмаас Б.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон боловч, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /хх-52/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Тухайн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №8470 тоот шинжээчийн дүгнэлтээр ...Хэсэг газрын үзлэгт: зүүн гуяны урд дунд хэсэг 3х2см, зүүн өвдөгний доод хэсэгт 3х4см, шилбэний урд хэсэгт 7х3см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, зүүн өвдөгний доод хэсгээр овойж хавдсан, эмзэглэлтэй, цээжний зүүн доод хэсэгт 9х1,5см хүрэн улаан өнгийн зулгаралттай, 2020.7.21-ний өдрийн ГССҮТ-ийн ХАЯТТ-ийн эмчийн үзлэгт: зүүн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал хэмээн тогтоож, Б.Тын биед зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл гэж үзэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болохыг дурджээ. /хх-23, 24/
Дээрх шинжээчийн дүгнэлт гарсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Мед траума эмнэлгийн дүрс оношилгооны эмч С.Н-ын хийсэн Зүүн талын өвдөгний үений соронзон резонанст томографийн шинжилгээ-нд Б.Тын ...өвдөгний хүүдийд дунд зэргийн шингэнтэй, ...дотор жийргэвч мөгөөрсний урд эврийн рүүт хэсгийн дохионы эрчим ихэссэн, хавантай /няцрал сэжиглэж байна/, ...жийргэвчний их биеийн дотор урд хэсэгт жижиг цацраг хэлбэрийн урагдалтай, ...өвдөгний үений урд болон дотор, дотор ар хэсгийн зөөлөн эдэд хавантай, тойгны доод бурсад бага хэмжээний шингэнтэй... гэх зэргээр оношлон, үений мэс заслын эмчийн зөвлөгөө авах санал гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн давтан шинжилгээгээр: ...өмнөх 2020.7.27-ны шинжилгээтэй харьцуулахад шингэний хэмжээ багассан, ...Дунд чөмөгт ясны гадна, дотор булуунд ясны эдийн хавантай, өмнөх шинжилгээтэй харьцуулахад хаван нэмэгдсэн... гэж оношлон, үений мэс заслын эмчийн зөвлөгөө авах санал гаргасан байна. /хх-42, 43/
Улмаар Б.Т нь Эм Би Жи Мед ХХК-ийн Эм Би Жи эмнэлэгт 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд өвдөгний үений жийрэг мөгөөрсний урагдал оноштойгоор хагалгаа хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн болох нь тус эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 100 тоот тодорхойлолт, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээгдсэн Б.Тын №638 тоот Өвчний түүх, Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Мэс ажлын өмнөх дүгнэлт, Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэргээх үеийн хяналтын хуудас, Мэдээгүйжүүлгийн зарлагын хяналтын хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Мэс заслын тэмдэглэл, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, Өвдөлтийг хянах хуудас, Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-48, 52-67/
Дээрх мэс заслын ажилбарыг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас Б.Тын биед учирсан гэмтэл мөн болох нь нотлогдсон, мэс ажилбарын зардал 5,600,000 төгрөг болсныг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт хасагдаж 5,000,000 төгрөгийн зардал гарж, үүнийг Б.Т төлж барагдуулсан болох нь Эм би жи мед эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдсон, мөн мэс заслын дараа эмнэлгээс гараад хэрэглэсэн эмийн зардалд 210,000 төгрөг зарцуулсан болох нь Мон-Арго эмийн сангийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөрийн баримтаар нотлогдож байх тул эдгээр зардлыг хариуцагч Э.Төөс гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин нэхэмжлэгч Б.Тын хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас олох ёстой байсан нэг сарын түрээсийн орлого 1,000,000 төгрөгийг Э.Төөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй адилтгах орлогыг буруутай этгээдээс шаардах эрхтэй боловч, мэс засал хийлгэснээс хойш гэртээ хэвтрийн дэглэм баримталсан гэх хугацааны буюу 2020 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь төлбөрийн нэхэмжлэх, түрээсийн төлбөрийг шилжүүлсэн Г.Гэрэлтуяагийн Хаан банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ, энэ хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, түрээсийн үйл ажиллагаа явуулж төлбөрийг төлж байсан байна. /хх-51, 68/
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор иргэн Э.Г томилогдож, түүнд хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчдын хүсэлтийг хүлээн авч, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Төөс 5,210,000 /таван сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 00 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Х.ЭНХЗАЯА