Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0180/З |
Дугаар | 128/ШШ2022/0381 |
Огноо | 2022-05-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0381
2022 05 17 128/ШШ2022/0381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С****” ХК, /РД:0000000/
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч нарын хоорондын зөрчлийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*****, Г.У*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*****, Ц.Ө*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай удирдамжийн дагуу дотоодод үйлдвэрлэж буй сүүний хаяг шошго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилготой хяналт шалгалт явуулсны дотор “С” ХК багтжээ.
Улмаар дээрх удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад үндэслэж, маргаан бүхий акт болох 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаар албан шаардлагаар “Шинэ сүү” гэх сүүний оноосон нэрийн агуулгад тохируулан савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох,...урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах ... үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тусгах” талаар албан шаардлагыг “С” ХК-д хүргүүлжээ.
3. Нэхэмжлэгч “С” ХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/145 тоот албан бичгээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариуг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Ннэхэмжлэгч “С” ХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд
нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Шударга, Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч Б.Бат-Эрдэнэ нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, улмаар 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг манай компанид холбогдуулан гаргасан байдаг. Манай компанийн зүгээс Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/145 дугаартай албан бичгээр тус албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй, хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох боломжгүй тухай хариуг мэдэгдсэн.
Тиймээс Шударга, Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ерөнхий байцаагч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагын хүрээнд илрүүлсэн зөрчил нь тодорхой бус, нотлогдохгүй, аливаа стандарт, албан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, эрх зүйн баримт бичиг байхгүй байхаас гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан, Монгол Улсад хэрэгжиж буй стандарт шаардлагын хүрээнд бус үндэслэлгүй шаардлага гаргасан гэж үзэж байна.
4.1. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагад "Шинэ сүү /500мг/ гэх сүү нь 56.3%-ийн хатаамал сүүний агууламжтай байгаа, шинэ сүү гэх оноосон нэр нь орц найрлагын хувьд тохирохгүй, зөрөөтэй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн шинжийг агуулсан гэх зөрчлийн талаар,
Шинэ сүү гэх бүтээгдэхүүн нь тухайн бүтээгдэхүүний оноосон нэр буюу хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартайг илэрхийлсэн илэрхийлэл бөгөөд тухайн өдөр шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг шинэ бүтээгдэхүүн.
“Шинэ сүү” гэх нэрийн хүрээнд сүүний орц найрлагын хувьд тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодолд заасан найрлага байгаа ба одоо үйлдвэрлэгдэж байгаа “Шинэ сүү”-нд шинжилгээ хийхэд тос 3,2%, исгэлэн 150т, нягт 1,028 г/см3, Проб /-/ гэсэн үзүүлэлт ундны сүүний стандартын шаардлагыг хангасан “Сүү” юм.
4.2. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт MNTR 2:2011-д нэр томьёоны 2.1.2-т Түүхий сүү, 2.1.3-т Бүтэн сүү, 2.1.5-т тосгүй сүү, 2.1.6-т ундны сүү, 2.1.7-т халааж боловсруулсан сүү, 2.1.8-т ариутгасан ундны сүү, 2.1.12-т хатаамал сүү, 2.1.13-т тосгүй хатаамал сүү гэх мэт томьёолсон байхаас “Шинэ сүү” гэдэг нэр томьёо байхгүй байна. Манай компани дээрх Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолын дагуу баталсан зохицуулалтын нэр томьёололд орсны дагуу сүүн бүтээгдэхүүний орц найрлага, шимт бодисыг алдагдуулахгүй хангаж ажиллаж байна.
Иймд “Шинэ сүү” гэх оноосон нэрийн дор үйлдвэрлэж байгаа сүү нь үнээний сүү байна гэж заагаагүй, сүүний найрлага, технологийн боловсруулалтын аргаас хамааран сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын 2.1.6-д заасан ундны сүү, 2.1.8-д заасан ариутгасан сүү гэсэн нэр томьёоны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж үйлдвэрлэж байна.
Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчид түгээж байгаа ба орц найрлагыг тодорхой, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байдлаар, Монгол Улсын стандартын дагуу тусгасан. Гэвч та бүхний ирүүлсэн шаардлагад тусгасан зөрчлийн хүрээнд бүтээгдэхүүний оноосон нэр нь орц найрлагын хувьд тохирохгүй, зөрүүтэй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн шинжийг агуулсан гэх зөрчил нь ойлгомжгүй тодорхой бус байна.
Энэхүү шинэ сүү бүтээгдэхүүний хувьд манай компани 1995 оноос хойш үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд энэхүү 26 жилийн хугацаанд хэрэглэгчид болон төрийн эрх бүхий байгууллагаас /Мэргэжлийн хяналт/ зөрчил, гомдол ирж байгаагүй тул бидний зүгээс хэрэглэгчдийг төөрөгдөлд орж байгаа гэж үзэхгүй байна.
4.3. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагад "Сайхан сүү 1 л, Сүү milk 1 л, Шинэ сүү 500 гр зэрэг шингэн сүүний савлагаа дээр “А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү тэмдэглэгээг зэрэг тусгаж, орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” гэх мэдээллийг тусгасан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, “Шимт сүү” 1 литрийн шингэн сүүний савлагаа дээр “А.Үнээний сүү, B Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгасан боловч үнээний сүү, үнээний хатаамал сүүний аль болохыг зааж өгөөгүй байна" гэх зөрчлийн талаар,
Сайхан сүү 1л, Milk сүү 1л, Шинэ сүү 500 гр зэрэг бүтээгдэхүүн нь тухайн улирлын шинж чанар, түүхий эдийн нөөц, тээвэр ложистикийн үйл ажиллагаанаас хамааран орц, найрлага өөрчлөгддөг бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй, хууран мэхлэхгүй байх, Монгол Улсын стандартыг мөрдөх үүднээс тухай бүр сав баглаанд нэмэлтээр тэмдэглэгээ хийж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл та бүхний албан шаардлагад тусгасанчлан "Орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” хэмээн орц найрлага тэмдэглэгээ хийгээгүй бол үнээний сүү, үнээний хатаамал сүү хоёр хамт орсон гэж ойлгогдоно.
4.4. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй" гэж, 12 дугаар зүйлийн 12.9-д "Бараа, ажил, үйлчилгээг ..., төөрөгдүүлэх, замаар худалдах, гүйцэтгэх ... хориглоно" гэж заасныг үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна" гэх шаардлагын талаар,
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасан бөгөөд манай компанийн зүгээс Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу барааны талаар шаардлагатай үнэн зөв мэдээллийг сав баглаа боодолд тусгаж, хэрэглэгч сонголт хийх боломжийг бүрдүүлж байгаа.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д заасан хэрэглэгч бодит мэдээллээр хангагдах эрхийн хүрээнд тус хуулийн 7.2-д заасны дагуу үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгөх бөгөөд манай компанийн зүгээс шаардлагатай мэдээллийг бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодолд тусгасан болно. Үүнд: Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код, барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, барааны нэр төрөл, үнэ, барааны хэмжээ, хэмжих нэгж, барааны баталгаат болон эдэлгээний хугацаа, барааг зөв хэрэглэх тухай зааврын талаарх мэдээллийн хүрээнд манай компани "Шинэ сүү" бүтээгдэхүүний сав баглаа боодолд бүх шаардлагатай мэдээллийг тусгасан.
4.5. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д "Бараа, ажил, үйлчилгээг .., төөрөгдүүлэх, ... замаар худалдах, гүйцэтгэх ... хориглоно” гэж заасныг үндэслэн албан шаардлагад тусгасан байсан. Гэвч хуулийн 12.9 -д “бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан байдаг. Манай компанийн зүгээс хэрэглэгчдийн эрхийг хамгаалж, хууран мэхлэх, төөрөгдүүлэхгүй байх үүднээс зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний хувьд өндөр шаардлага тавьж, Монгол Улсын стандарт болон Олон улсын стандарт, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016-ыг мөрдөн шаардлагатай мэдээ, мэдээллийг бүтээгдэхүүний сав баглаа боодолд тусгаж байгаа.
Түүнчлэн та бүхний албан шаардлагад тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг буруу тайлбарлан, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “ ... замаар худалдах, гүйцэтгэх" гэх заалтын бүрэн хууль зүйн утга нь хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх гэх үйлдлийг ойлгодог.
Гэтэл та бүхэн хуулийг буруу хэрэглэж бараа, ажил, үйлчилгээг төөрөгдүүлэх, замаар худалдах, гүйцэтгэх гэх үйлдлийг хийсэн мэтээр ойлгож, хуулийн заалтыг үндэслэсэн байна. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасны дагуу хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэсэн тохиолдол манай компанийн хувьд байхгүй.
4.6. "Шинэ сүү" гэх савлагаатай сүүний оноосон нэрийн агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох" гэх шаардлагын талаар,
Дээр дурдсанчлан "Шинэ сүү" нь энэхүү албан бичгийн 1-т заасны дагуу тухайн бүтээгдэхүүнийг нэрлэж, оноосон нэр буюу иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартайг илэрхийлсэн илэрхийлэл ба манай компани "Шинэ сүү" гэх нэрийн хүрээнд сүүн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, тухайн сүүн бүтээгдэхүүний орц найрлагыг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт MNTR 2:2011-д заасан нэр томьёоны дагуу хангаж, бүтээгдэхүүний сав баглаа боодолд тодорхой тэмдэглэн, хэрэглэгчид хүргэж байна.
“Шинэ сүү” гэх нэрийн хувьд агуулга нь хэрэглэгчдийг төөрөгдүүлээгүй бөгөөд “Шинэ сүү” үнээний шингэн сүү эсвэл хатаамал сүүний аль нэгийг онцгойлон “Шинэ сүү” гэх ойлголтыг илэрхийлж байгаа ба тодорхойлоогүй зөвхөн бүтээгдэхүүний сав баглаа боодлоос орц найрлагын мэдээллийг үзэж, тухайн хэрэглэгч сонголт хийх боломжтой.
Тухайн “Шинэ сүү” гэх бүтээгдэхүүнтэй холбоотойгоор Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6498:2016 стандартын дагуу шошгололтын стандартыг мөрдөж, шаардлагатай бүхий л мэдээллийг тусган хэрэглэгчид хүргэж байгаа бөгөөд хэрэглэгчид бүтээгдэхүүний орц найрлагыг уншин худалдан авах боломжтойгоос гадна хатаасан сүү нь тухайн бүтээгдэхүүний орц найрлагад орох боломжтой байдаг ба барааны тэмдгээс болж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зүйл байхгүй.
4.7. "Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах" гэх шаардлагын талаар,
Манай компанийн сав баглаа боодлыг шошголтын хувьд сав баглaа боодол тэдгээрийн загвар, хэвлэлтийг импортоор оруулж ирдэг бөгөөд тодорхой төлөвлөгөө, төсвийн хүрээнд жил бүр хийж, агуулахад нөөцөлдөг ба тухайн улсын үйлдвэрлэлд тусгай хэв загварын үндсэн дээр хийж, урьдчилсан татан авалт хийдэг тул сав баглаа боодолд дахин нэмэлт шошгололт хийх боломжгүй байдаг.
Түүнчлэн Олон Улс болон Монгол Улсад тархаад буй корона вирус цар тахлын тээвэр ложистикийн тодорхойгүй байдлаар шалтгаалан шинэ сүү бүтээгдэхүүний хувьд манай компани сав баглаа боодлын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Хэрэв зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулах тохиолдолд урт хугацааны төлөвлөлт, загвар дизайн, хэвийн үйлдвэрлэлт, тээвэрлэлт, мөнгөн хөрөнгийн хүрэлцээ, корона вирусийн нөхцөл байдал гэх зэрэг маш олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан 8-12 сарын хугацаа шаардлагатай.
4.8. "Цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх "А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү" гэх тэмдэглэгээг хасах Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах зэрэг болно" гэх шаардлагын талаар,
Үнээний сүү, үнээний хатаамал сүү гэх орц найрлагын хувьд тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодолд тодорхой тусгасан буюу хатаасан сүү, үнээний сүү хамт орсон бол хамт бичигддэг, шаардлагатай тохиолдолд ороогүй бол "орцны төрлийг огнооны хажуугаас харна уу" гэж нэмэлт тэмдэглэл хийдэг ба тухайн орц найрлагад тусгагдаагүй түүхий эдийг бүтээгдэхүүнд оруулаагүй. Мөн Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6498:2016 стандартын дагуу манай компанийн бүтээгдэхүүн шошгололт хийж байгаа бөгөөд стандарт зөрчиж хийсэн тэмдэг, тэмдэглэгээ, шошгололт байхгүй. Хэрэв зөрчсөн бол Монгол улсын төрийн эрх бүхий байгууллагаас тогтоох ёстой байдаг.
Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 66498:2016 стандартын дагуу бүтээгдэхүүний орц найрлагыг харагдахуйц, ойлгомжтой байдлаар оруулан сав баглаа боодолд тусгасан байгаа ба манай компанийн зүгээс стандартын шаардлага зөрчин, хэрэглэгчдийн нүдэнд харагдахгүй, ойлгомжгүй байдлаар тусгаагүй.
4.9. “Дээрх зөрчил дутагдлыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг мэдэгдье" гэх мэдэгдлийн хүрээнд:
Энэхүү албан бичгийн 5 дугаар зүйлд заасны дагуу манай компани бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод өөрчлөлт оруулах ажлыг богино хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл 2022 оны сав баглаа боодлын татан авалтыг хийсэн. Мөн татан авалт хийсэн шошгололтод өөрчлөлт оруулдаггүй тул тусгайлан дахин хэв хийх шаардлагатайгаас гадна тодорхой төлөвлөгөө, төсөв, загварыг батлуулж, төрийн эрх бүхий байгууллагатай зөвшилцөж, стандартын шаардлага хангасны үндсэн дээр сав баглаа боодолд өөрчлөлт оруулах боломжтой байдаг.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч Б.Бат-Эрдэнийн албан шаардлагын хүрээнд илрүүлсэн зөрчил нь тодорхой бус, нотлогдохгүй, аливаа стандарт, шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй байхаас гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан, Монгол Улсад хэрэглэж буй стандарт шаардлагын хүрээнд бус үндэслэлгүй шаардлага гаргасан гэж үзэж байгаа тул тус 78 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 78 дугаартай албан шаардлагад Шинэ сүү /500мг/ гэх сүү нь 56.3 %-ийн хатаамал сүүний агууламжтай байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн шинж агуулсан" гэх зөрчилд холбогдох "Шинэ сүү” гэх савлагаатай сүүний оноосон нэрийн агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох” гэх шаардлагын талаар:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай удирдамжийн дагуу зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг, шошгололт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга, улсын ахлах байцаагч Ш.Ц******* ахалж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Н*****А*******, Э.Б*******, Д.Г*******, Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Б******* нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн. Удирдамжийн дагуу ажлын хэсгийн улсын байцаагчид “С” ХК, "А*******" ХХК, "В*******" ХХК, "М*******" ХХК-ийн удирдлагуудад удирдамж, хяналт шалгалтын талаар танилцуулж, үйлдвэр дээр очин үйлдвэрийн үйл ажиллагаа, сүү үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэж буй сүүн бүтээгдэхүүнүүд, мөн тэдгээрийн хаяг, шошгололтын байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг 6 аж ахуй эрхлэгчдээс гаргуулан авлаа.
Бэлтгэн нийлүүлэгчдээс татан авсан сүүг анхан шатны боловсруулалт хийсний дараа технологийн горимын дагуу өтгөрүүлэх, хатаах үйл ажиллагаа хийгдэнэ. Ингэснээр стандартын шаардлага хангасан, аюулгүй хуурай сүүг 24 сар хүртэл хадгалах нөхцөл бүрддэг.
5.1. “Сүү” ХХК нь 5 төрлийн сүү үйлдвэрлэдэг. 5-1 саруудад хэвийн буюу А тэмдэглэгээтэй шингэн сүү үйлдвэрлэдэг. Бусад саруудад В тэмдэглэгээтэй үнээний хатаамал сүүгээр шингэн сүү үйлдвэрлэдэг.
Миний монголын сүү- 3,2% болон 0,1% тослогтой, Үнээний шингэн сүү
Шимт сүү-3,2% тослогтой, А, В тэмдэглэгээтэй,
Шинэ сүү-3,2 % тослогтой 0.5л, А, B тэмдэглэгээтэй,
Сайхан сүү - 3,2 % тослогтой, А, В тэмдэглэгээтэй,
Милк - 3,2% тослогтой, А, В тэмдэглэгээтэй
Сав баглаа боодол 90 хоног буюу 3 сарын нөөцтэй байна. Оросын Холбооны Улсаас сав баглаа боодлоо захиалж авдаг.
Монгол хэлний их тайлбар толь бичигт “цэвэр” гэх үгийг "дан, хольцгүй ариутгаж боловсруулсан сүү" гэж, шинэ гэх үгийг "хуучин бус, сая гарсан, хуучраагүй, шинэ сүү сая саасан, өнжөөгүй сүү" гэж тайлбарласан байна. Сүү ХК-ийн Шинэ сүү /500 мг/ гэх сүү нь 56.3%-ийн хатаамал сүүний агууламжтай байгаагаас харахад Цэвэр сүү, Шинэ сүү гэх оноосон нэр нь орц найрлагын хувьд тохирохгүй, зөрүүтэй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн шинжийг агуулсан байна. Иймд цаашид тухайн сүүний оноосон нэрд орц найрлагыг үнэн бодитоор шошголж савлах шаардлагатай.
5.2. "Улсын ерөнхий байцаагчийн 78 дугаартай албан шаардлагад "Сайхан сүү" 1л, Cүү milk 1л, Шинэ сүү 500 гр зэрэг шингэн сүүний савлагаа дээр "А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү" тэмдэглэгээг зэрэг тусгаж, орцны төрлийг огнооны хажуугаас харна уу" гэх мэдээллийг тусгасан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, Шимт сүү 1 л шингэн сүүний савлагаа дээр А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгасан боловч үнээний сүү, үнээний хатаамал сүүний аль нь болохыг зааж өгөөгүй байна" гэх зөрчлийн талаар,
Монгол Улсад Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага MNS OIML R 79.2017 стандартын 6-д “Төөрөгдүүлэх хэлбэр” 6.1-д “Ерөнхий Савласан бүтээгдэхүүний шошго нь худалдан авагчийг төөрөгдүүлэх ямар нэгэн мэдээлэл, эсвэл тодорхойгүй тайлбар агуулаагүй байна. Үүнд: А хавсралтын 1.3-т "ойролцоогоор", эсвэл "стандарт" буюу "савлахад" гэх мэт хоёрдмол утгатай хэллэгийг тоон хэмжээний мэдээллийн нэг хэсэг болгон ашиглаж болохгүй.
5.3 Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага
MNS 6648:2016 стандартын 5.1.2-д “Шошго дээрх хүнсний нэртэй холбоотой байдлаар эсвэл түүний ойр орчимд бүтээгдэхүүний шинж чанар, биет байдлын талаар хэрэглэгчдэд буруу ойлголт, эргэлзээ төрүүлэхээс зайлсхийх зорилгоор нэмэлт үг хэллэг бичиж болох ба үүнд савлагааны төрөл, хэлбэр, боловсруулалтын арга, нөхцөл хамаарна. Жишээ нь: Шошгон дээр хатаасан, өтгөрүүлсэн, дахин боловсруулсан, утсан гэж бичиж болно." гэж заасан байдаг. Дээрх стандартуудын заалтаас харахад Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шингэн сүүний хаяг шошго дээр "А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү" гэх тэмдэглэгээг тусгах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тус аж ахуй эрхлэгч нь зарим савласан шингэн сүүний хаяг шошгололтод сүү "А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү" тэмдэглэгээг зэрэг тусгаж, шууд хараад үнээний сүү, хатаамал сүү аль болохыг мэдэх боломжгүй байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хэрэглэгч тухайн барааны талаар үнэн, бодит мэдээлэл авах эрх нь зөрчигдөхөөр байна. Иймд “С” ХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Маргаан бүхий акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаар албан шаардлагаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “1. Шинэ сүү гэх оноосон нэр нь орц найрлагын хувьд тохирохгүй, зөрүүтэй, хэрэглэгчийг төөрөгдүүлэх шинжийг агуулсан, 2. А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү тэмдэглэгээг зэрэг тусгаж орцын төрлийг огнооны хажуугаас харна уу гэсэн нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, аль нь болохыг зааж өгөөгүй” гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шинэ сүү” гэх савлагаатай сүүний оноосон нэрийн агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох, урьдчилсан татан авалт хийсэн сав, баглаа боодолд нэмэлт шошгололт хийж, хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг, шошго дээрх “А.Үнээний сүү”, “В.Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах, үнээний сүү, эсвэл үнээний хатаамал сүү аль болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж, харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах, дээрх зөрчлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 20220 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны дотор хийхээр, улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ.
4. Нэхэмжлэгч “С” ХК /хувьцаат компани/ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчийн дээрх албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
4.1. “Шинэ сүү” гэх оноосон нэр нь бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх, ялгагдах чадвартайг илэрхийлсэн илэрхийлэл бөгөөд тухайн өдөр шинээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг шинэ бүтээгдэхүүн.
4.2. Сүүний орц, найрлагын хувьд тухайн бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заасан найрлага буюу одоо үйлдвэрлэгдэж байгаа шинэ сүү нь ундны сүүний стандартын шаардлагыг хангасан. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт MNTR 2:2011-ын бүтээгдэхүүнд хамаарах нэр томьёонд түүхий сүү, тосгүй сүү, ундны сүү, халааж боловсруулсан сүү, ариутгасан ундны сүү, хатаамал сүү, тосгүй хатаамал сүү гэж томьёолсон байх ба “Шинэ сүү” гэсэн нэр томьёо байхгүй. “Шинэ сүү” гэх оноосон нэрийн дор үйлдвэрлэж байгаа сүү нь үнээний сүү байна гэж заагаагүй, сүүний найрлага, технологийн боловсруулалтын аргаас хамааран Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт MNTR 2:2011-ын 2.1.6-д заасан “ундны сүү”, 2.1.8-д заасан “ариутгасан сүү” гэсэн нэр томьёоны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж үйлдвэрлэж байна. Орц, найрлагыг тодорхой, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байдлаар Монгол Улсын стандартын дагуу тусгасан. Дээрх бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна гэж үзэхгүй байна
4.3. Монгол Улсын стандартыг мөрдөх үүднээс тухай бүр сав, баглаанд нэмэлтээр тэмдэглэгээ хийдэг. Хэрэв нэмэлт “орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” гэх тэмдэглэгээ хийгээгүй бол үнээний сүү, хатаамал сүү 2 зэрэг хамт орсон гэж ойлгогдоно.
4.4. Манай компанийн зүгээс хууль тогтоомжид заасны дагуу барааны талаарх үнэн зөв мэдээллийг сав, баглаа боодолд тусгаж, хэрэглэгч сонголт хийх боломжийг бүрдүүлж байна. Бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос орц, найрлагын мэдээллийг үзэж, тухайн хэрэглэгч сонголт хийх боломжтой.
4.5. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгод тавигдах стандарт стандартыг манай бүтээгдэхүүн бүрэн хангасан. Манай компанийн бүтээгдэхүүн сав, баглаа, боодлын стандартыг хангасан төдийгүй хэрэглэгчдийг төөрөгдүүлээгүй.
4.6. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Манай компани аливаа стандартыг зөрчөөгүй, зөрчил нь нотлогдоогүй, стандартын шаардлагын хүрээнд бус, үндэслэлгүй шаардлага тавьсан...” гэж тайлбарлан маргажээ.
5. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд бодиттой мэдээллээр хангагдах эрхтэй байх ба бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдахыг хоригложээ.
6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаар удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг, шошгололтын байдалд хяналт шалгалтыг хийсэн, хяналт шалгалтад 6 аж ахуйн нэгж хамрагдсан, хяналт шалгалтын ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хяналт шалгалтын танилцуулга бичиж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн, улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч нь дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “С” ХК-ийн захиралд дээрх албан шаардлагыг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх албан шаардлагыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар маргажээ.
7. “Шинэ сүү” бүтээгдэхүүн нь 56.3 хувь нь хатаамал сүүний агууламжтай, сав баглаа дэрээ А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү гэсэн тэмдэглэгээтэй худалдаалагддаг байх бөгөөд хатаамал сүүний агууламжтай бүтээгдэхүүнийг “Шинэ сүү” гэсэн оноосон нэрээр худалдаалж байгаа нь Монгол хэлний их тайлбар тольд “шинэ” гэх үгийг тайлбарласан “хуучин бус, сая гарсан, хуучраагүй” гэх тайлбартай нийцэхгүй байна. Мөн сав баглаа дээрх “орц” гэсэн хэсэгт “А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү” гэсэн тэмдэглэгээг тусгасан нь тус бүтээгдэхүүн нь чухам ямар орцтой бүтээгдэхүүн болох нь ойлгомжгүй байх бөгөөд хоёрдмол утга санаа агуулсан байна.
8. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл үйлдвэрлэгч, худалдагч нь барааны талаарх мэдээллийг хэрэглэгчийг сонголт хийхэд нь туслах үүднээс бодит мэдээллээр хангах үүрэгтэй байх бөгөөд энэхүү мэдээлэл нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц, ойлгомжгүй, салаа утгатай байхыг хориглосон байхад “Шинэ сүү” гэх оноосон нэр нь хатаамал сүүний агууламжтай бүтээгдэхүүнийг илэрхийлэх ойлголт бус, хэрэглэгчид “шинэ-сая гарсан” гэх ойлголт төрүүлэхүйц, орц хэсэгт 2 зэрэг тэмдэглэгээ тавьсан байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц байх тул нэхэмжлэгч “С” ХК нь хэрэглэгчийг бодит мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна.
9. Мөн Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага MNS OIML R 79:2017 Монгол Улсын стандартын 6-д “Төөрөгдүүлэх хэлбэр”, 6.1-д “Савласан бүтээгдэхүүний шошго нь худалдан авагчийг төөрөгдүүлэх ямар нэгэн мэдээлэл, эсвэл тодорхойгүй тайлбар агуулаагүй байна” гэж, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 Монгол Улсын стандартын 5.1.2-т “шошго дээрх хүнсний нэртэй холбоотой байдлаар эсвэл түүний ойр орчимд бүтээгдэхүүний шинж чанар, биет байдлын талаар хэрэглэгчдэд буруу ойлголт, эргэлзээ төрүүлэхээс зайлсхийх зорилгоор нэмэлт үг хэллэг бичиж болох ба үүнд савлагааны төрөл, хэлбэр, боловсруулалтын арга, нөхцөл хамаарна” гэж тус тус заасан байх бөгөөд “Шинэ сүү” гэх оноосон нэр нь уг бүтээгдэхүүний шинж чанартай нийцэхгүй, хатаамал сүүний агууламжтай бүтээгдэхүүний шинж чанарт тохирохуйц нэр биш байх тул нэхэмжлэгчийн “... Шинэ сүү гэх оноосон нэр нь бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилготой, шинэ бүтээгдэхүүн ..., орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” гэх тэмдэглэгээ хийгээгүй бол үнээний сүү, хатаамал сүү 2 зэрэг хамт орсон гэж ойлгогдоно, ... манай компанийн бүтээгдэхүүн сав, баглаа, боодлын стандартыг хангасан төдийгүй хэрэглэгчдийг төөрөгдүүлээгүй ...“ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
10. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасан “бараа, ажил, үйлчилгээг ... төөрөгдүүлэх” гэдгийг үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ хуулийн заалтын хувьд “бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх ... ” гэдгийг тус тусад нь салангид утгаар ойлгож хэрэглэгдэх учир нэхэмжлэгчийн “ ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
11. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл “Шинэ сүү” гэх оноосон нэр нь бүтээгдэхүүний шинж чанарт тохирохгүй, зөрүүтэй, хэрэглэгчийг төөрөгдүүлэх шинжийг агуулсан, А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү тэмдэглэгээг зэрэг тусгасан нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН