| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
2024 02 05 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Б.Оргилболд,
Хохирогч А.А ,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ийн Г д холбогдох эрүүгийн 2309024052616 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй баарны бүжгийн талбай дээр хохирогч А.А тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн зовхины шарх, зүүн зовхи, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй баарны бүжгийн талбай дээр хохирогч А.А тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн зовхины шарх, зүүн зовхи, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч А.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шөнийн 01 цагийн үед ажлын газрын хоёр залуутай хамт “...” бааранд орж 2 пиво, нэг ундаа аваад С бид хоёр нэг нэг шилтэй пиво уусан. Дараа нь дахиад нэг, нэг шил пиво ууцгаагаад бүжиглэсэн чинь нэг залуу ирээд намайг хоёр удаа мөрлөхөөр нь би зайгаа бариад бүжиглээч гэж хэлсэн чинь миний уурыг хүрэхээр үг хэлсэн. Би уурандаа хоолой руу нь түлхсэн чинь хажуунаас тэр залуугийн найз нь гэх нэг эрэгтэй ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би газар унасан чинь миний дээрээс дэвссэн. Манай найз Б биднийг салгах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би баарнаас гараад цагдаа дуудсан чинь намайг зодсон залуу зугтаагаад явчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ залуу надтай нэг ч яриагүй, холбогдоогүй. Өнөөдөр л энэ залууг харж байна. Нүдний ухархай яс нь эргэж төлждөггүй учраас эмчилгээ авдаггүй гэсэн. Хамрандаа түр өндөрлөгөө 300,000 төгрөгөөр хийлгэсэн. Хамраа заавал эдгээж байж эмчилгээ хийгддэг. Зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа учраас хагалгаа хийх боломжгүй. Одоо 700,000 гаруй төгрөг байгаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9924 дугаартай “...А.А ийн биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины шарх, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 24 цагийн дотор буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/,
Хохирогч А.А ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 41, 43-46 дугаар тал/,
Шүүгдэгч О.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Хохирлын мөнгийг төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч О.Г ас шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би зориуд зугтаагүй. А.А тэй “...” баарны үүдэнд маргалдаж байгаад миний дотор муухай оргиод байсан учраас би хогийн функерт бөөлжөөд, толгой эргээд байхаар нь машин налаад сууж байгаад тэр чигтээ тасраад унтчихсан байсан. Маргааш өглөө нь цагдаа авч явсан...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй баарны бүжгийн талбай дээр хохирогч А.А тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн зовхины шарх, зүүн зовхи, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 299,246 төгрөгийн баримт хэрэгт авагдсан. Уг баримтад үндэслэж 299,246 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, мохирогч нь цаашид өөрт учирсан эмчилгээтэй холбоотой зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9924 дугаар дүгнэлтээр хохирогч А.А ийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Г нь хохирогч А.А ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Г ас 299,246 төгрөгийг гаргуулж хохирогч А.А д олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч А.А нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Г ас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч О.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 11-17 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 22 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О ийн Г ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г ас 299,246 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Г ас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН