| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02027/И |
| Дугаар | 102/ШШ2020/02642 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/02642
2020 09 16 102/ШШ2020/02642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Д ч овогтой Х-ийн О /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, А гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, С овогтой Б-ын Э /РД: ХХ00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О миний бие ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Б.Э-тэй гэр бүл болсон. 2018 оны 11 дүгээр сарын 13-нд хүү Э.Н төрсөн, одоо 1 ой 6 сартай. Бид хоёр тусдаа гарч амжаагүй, хадмындаа амьдардаг байсан. Миний хувьд Оюутолгойд ээлжээр ажилладаг учраас ирж очин явдаг байсан. Гэтэл Б.Э намайг ажилд явсан хойно өөр хүнтэй уулзаж учирдаг байсныг мэдсэн. Энэ байдал нь цаашид энэ хүнтэй хамт амьдрах итгэлгүй болгосон. Үүнээс хойш хоорондын таарамжгүй харьцаанаас болоод хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Үүнийг Б.Э зөвөөр ойлгож хүлээн авч шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Иймд энэ маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлээд шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандаж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие 2017 оны 06 дугаар сарын 21-нд Х.Отай танилцсан ба 2018 оны 10 сараас өөрийнхөө гэрт хамтран амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сарын 13-нд хүү Э.Ныг төрүүлсэн. ******* оны******* дугаар сарын*******-нд гэрлэлтээ батлуулсан. Х.О нь Оюутолгойд ээлжээр ажилладаг учраас ирж очин явдаг байсан. ******* оны 10 сараас эхлэн тэрээр гэрээсээ явж одоог хүртэл тусдаа амьдарч байна. Х.О нь өөр эмэгтэйг хүүхэдтэй болгосон ба одоо тэр хүүхэддээ тэтгэмж олгодог.
Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулах, мөн хүүгээ өөрийн асрамжиндаа авахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Бидний таарамжгүй байдал нь Х.О-аас өөрөөс нь болсон бөгөөд ярьсан зүйлийнх нь ихэнх нь худлаа байсныг сүүлд мэдсэн. Жишээ нь, өмнө нь нэг ч хүнтэй үерхэж байгаагүй гэж байсан ч найз охинтой байсан бөгөөд түүнийг жирэмсэн болгочихоод “миний хүүхэд биш авахуул” гээд хаяж явсан. Энэ явдлыг би тухайн эмэгтэйн найзаас мэдсэн ба их цочирдсон. Мөн уг эмэгтэй нь хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн бөгөөд тухайн хүүхэд Х.О-ын хүүхэд мөн болох нь батлагдаж одоогоор тэтгэмж өгч байгаа. Мөн өмнө нь хэлсэнчлэн Х.О нь Оюутолгойд ажилладаг ба ээлжийн ажил нь 28 хоног явж 14 хоног амардаг байсан. Амралтынхаа 14 хоногийн 4-5 хоногт нь Оюунтолгойн сургалт семинар гээд өглөө гарч орой ирдэг байсан. Мөн түүнчлэн хүүхдийнхээ бүхий л хэрэгтэй цаг үед хамт байдаггүй байсан ба хүүхдээ төдийлөн сайн мэддэггүй билээ. Түүний эцэг, эх нь хоёулаа Партизанд амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэрт байдаг, өөрөө эгчийнхээ гэрт амьдардаг учраас хүүхэд харах нөхцөл бүрдээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Э.Н-ыг өөрийн асрамжид үлдээхийг хүсэж байгаа бөгөөд хүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Гэрлэлтийн явцад бий болсон эд хөрөнгийн талаарх маргаан байхгүй болохыг харгалзан үзнэ үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Х.О, Б.Э нар нь ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Э.Н-ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа удаа дараа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн хүү Э.Н-ыг эх Б.Э-гийн асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Б.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д ч овогтой Х-ийн О /РД: АА00000000/, С овогтой Б-ын Э /РД: ХХ00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Н-ыг эх Б.Э-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ