Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

 

 

 

   2024           02            05                                      2024/ШЦТ/138                      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн АЦГ овогт Д гийн А д холбогдох эрүүгийн 2309024962359 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчлонгийн зүгээр урд талын автобусны буудал дээр өөрийнх нь машинаар үйлчлүүлсэн Б.Б ийг "такси үйлчилгээний мөнгөө өгөхгүй зугтаалаа" хэмээн түүний халааснаас "Iphone14 promах" маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4,211,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч Д.А нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчлонгийн зүгээр урд талын автобусны буудал дээр өөрийнх нь машинаар үйлчлүүлсэн Б.Б ийг "такси үйлчилгээний мөнгөө өгөхгүй зугтаалаа" хэмээн түүний халааснаас "Iphone14 promах" маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4,211,910 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх колонкийн “Home Plaza”-гийн хажууд байх найзындаа байж байгаад Сансрын колонкийн автобусны буудал дээрээс такси барьсан чинь цагаан өнгийн Акуа маркийн машин ирж зогсоод би суусан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд явж байх үед таксины жолооч эмэгтэй “Чи мөнгө төгрөгөө өгч чадах юм уу” гэхээр нь би “чадна” гэж хэлсэн чинь “чи чадахгүй” гээд намайг машинаасаа буулгасан. Тэгээд би машиных нь хажууд зогсож байх үед 2 эмэгтэй машинаасаа гарч ирээд 40 орчим насны эмэгтэй нь халааснаас миний гар утсыг булааж аваад 100 айлын уулзвараар хойшоо эргээд яваад өгсөн. 2 эмэгтэй хүн байсан. Жолооч нь 40 орчим насны, хар богино үстэй, туранхай эмэгтэй байсан. Хажууд нь сууж байсан эмэгтэй нь махлаг, урт хар үстэй байсан. Би харвал танина. Тэр хоёрыг миний гар утсыг авна гэж бодоогүй. Улсын дугаарыг нь санахгүй байна. Хар өнгийн “Iphone 14 Promax” загварын гар утас байсан. 2023 оны 6 дугаар сард PC mall-c 5,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо гар утсаа 5,200,000 төгрөгөөр үнэлж байна. Эвдрэл гэмтэл, хагарч цуурсан зүйл байхгүй. Имей кодыг нь мэдэхгүй. Бага хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

Гэрч А.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эх А гийн хамт машинтай таксинд явж байгаад Сансарын тунелийн тэндээс нэг согтуу эрэгтэй хүн авсан. ...Тэгээд хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн буудал дээр очоод мөнгөө өгөөгүй байж шилжүүлсэн гээд тэр ах шууд гараад урагшаа гүйхэд ээж араас нь гүйсэн. Тэр үед би машинаас буугаад харж байсан чинь ээж араас нь очоод фудволкноос нь татаад барьсан. Тэгээд мөнгөө өгөхгүй гээд байсан тул ээж гар утсыг нь авчихсан. Би харахдаа гарнаас нь авсан гэж харсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, 

 

Дамно ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/,

2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-20 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2023 оны 8 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед байх, охин Ариунтунгалагийн хамт өөрийн машинаараа таксинд явж байгаад Сансарын тунелээс 30 орчим насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залууг авсан. ...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хүүхдийн 2 дугаар эмнэлгийн буудал дээр ирээд ...мөнгөө өгөөч гэсэн чинь өгөхгүй, цагдаагаа дуудаад ав гээд байхаар нь би халааснаас нь утсыг нь авсан. Тэр утас нь Iphone 14 promax загварын гар утас байна гээд охин А.А  надад хэлсэн. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо графикийн аргаар төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Д.А нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн орчлонгийн зүгээр урд талын автобусны буудал дээр өөрийнх нь машинаар үйлчлүүлсэн Б.Б ийг "такси үйлчилгээний мөнгөө өгөхгүй зугтаалаа" хэмээн түүний халааснаас "Iphone14 promах" маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4,211,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 4,211,910 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох зүйтэй... гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Буянжаргалаас: ...Улсын яллагчийн саналтай нэг байна. Анх хэрэг гарсан цагаас эхлэн өмгөөлөгчөөр ажилласан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэг ч удаа дуудаагүй, хэргийн материал танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч нь гомдлоо гаргахдаа өөрийн гар утсыг РС mall худалдааны төвөөс 5,200,000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Үнэлгээгээр 4,211,910 төгрөг гарсан. Өмгөөлөгчийн зүгээс үнэлгээний асуудал дээр гомдол гаргаж чадаагүй. Нэгэнт шүүхээс хэргийг шийдвэрлэж байгаа учраас үнэлгээний дагуу шүүгдэгчээс 4,211,910 төгрөгийг гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.А нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Эрх зүйн дүгнэлт:

Тус гэмт хэргийн улмаас 4,211,910 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Д.А гийн үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Д.А гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б т 4,211,910 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Д.А гөөс 4,211,910 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Буянжаргалаас: ...Улсын яллагчтай санал нэг байна. Учир нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь хагас жилийн хугацаанд хохирогчтой нэг ч удаа уулзаагүй, хохирол төлбөр төлж барагдуулаагүй нөхцөл байдал байна. Хохирогч нь утсаа алдчихаад 3 хоног залгасан байхад аваагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаад хорих ял оноох нь зүйтэй. Хохирогчийн хохирлыг барагдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

           

            Шүүгдэгч Д.А гөөс: ...Би хорих ял аваад хоригдсон тохиолдолд миний 3 хүүхэд л үлдэнэ. Би хохирол төлбөрөө төлж барагдуулах учраас хорихгүйгээр өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч АЦГ овогт Д гийн А г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

            2. Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй

            3. Шүүгдэгч Д.А д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А гөөс 4,211,910 /дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН