Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2020/02998

 

 

 

 

 

 

 

 

 

2020          10             12                                                 102/ШШ2020/02998

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ХУД, 0 дугаар хороо, ЧӨЧ-00, Д х ХХК-ийн байранд оршин байрлах “Д а с” ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, 00 байр 000 тоотод оршин суух С н овогтой Д-ын Ц /РД: АА00000000/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэсний төлбөрт 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д а с” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Ц нь М бенз ******* маркийн******* улсын дугаартай машиныг манай машин засварын төвөөр засуулсан. Ингээд хариуцагч маань төлбөрийн боломжгүй байх тул төлбөрөө хувааж хийх хүсэлтийг тавьсны дагуу хариуцагчаас урьдчилгаа гэж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлөөд Iphone pro max утсаа үлдээгээд төлбөрөө 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлнө гэж хүсэлт бичээд утсаа үлдээсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгавар болгоно гээд утсаа аваад өргөдөл бичсэн. Гэвч хариуцагч Д.Ц нь ажил гүйцэтгэсний төлбөрийн үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Иймд Д.Цаас ажил гүйцэтгэсний хөлс болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Д а с” ХХК нь хариуцагч Д.Ц-ад холбогдуулан машин засварлах ажил гүйцэтгэсний төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Д а с” ХХК нь хариуцагч Д.Ц-тай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амаар тохиролцож, Д.Ц нь машины засварын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Д а с” ХХК нь ажлын хөлс 5,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримт, засвар үйлчилгээний баримт, автомашиныг хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч “Д а с” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Д.Ц-ын М бенз ******* маркийн******* улсын дугаартай машиныг тус компанийн засварын төвд засварын ажлыг гүйцэтгэсэн,

Хариуцагч Д.Ц нь засварын ажлын хөлс 2,700,000 төгрөг, сэв замаскын ажилд 630,000 төгрөг, будах ажилд 986,000 төгрөг, өнгөлөх ажил 585,000 төгрөг, цэвэрлэгээний ажил 15,000 төгрөг, эцсийн угсаргааны ажил 586,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгөөс хариуцагч Д.Ц нь 3,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, засварын үйлчилгээний баримт, автомашиныг хүлээлцсэн тэмдэглэл, шаардах хуудас, зарлагын баримт, Д.Ц-аас “Д а с” ХХК-нд гаргасан “М бенз ******* машины төлбөр болох 5,500,000 төгрөгний үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгавар болгоно” гэх хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-6-8/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иймд хариуцагч Д.Ц-аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д а с” ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч, шүүхэд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Цад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д.Цаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хариуцагч “Д а с” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч “Д а с” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д а с” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ