Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02909

 

2020 оны 10 сарын 06 өдөр     Дугаар 102/ШШ2020/02909                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Г,

Нэхэмжлэгч: Л.Ц,

Нэхэмжлэгч: Ц.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Н-д холбогдох,

О.Нн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, Л.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л.Г, Л.Ц, Ц.Н бид гурав 00 тоот байрыг эзэмшдэг билээ. Манай дүү Л.Г болон хариуцагч О.Н нар хамтран амьдарч байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шийдвэр гарсан. Тэр цагаас эхлэн хариуцагч О.Нг бид байраа чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн ч тэрээр бидний шаардлагыг огт хүлээж авахгүй урдаас хэрэлдэн, хэл амаар доромжилж очих газар байхгүй, хүний эрхэнд халдвал цагдаад өгнө гэх мэт зүй бус, ёс зүйгүй ааш зан гаргасаар манай байранд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна. Иймд хууль ёсны эзэмшигч Л.Ц, Л.Г, Ц.Н нарт 00  тоотод байрлах Ү-2205015483 гэрчилгээний дугаартай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг О.Нн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

Энэ орон сууцыг анх 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Л.Г, Л.Ц, Ц.Н нар өмчлөх эрхтэй болсон. 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, бид төрсөн дүү Л.Г-эд бэлэглэсэн. Л.Г 2014 онд хариуцагч О.Нтэй танилцаж, тус орон сууцанд амьдарч байсан. Тэд хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Аг төрүүлсэн. Гэвч тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан. О.Н нь бидний дүү Л.Гийг орон гэрээс нь хөөж гаргасан. Тэрээр ааш зангийн хувьд манай дүүтэй таардаггүй, гэрээсээ байнга хөөдөг, дарамталдаг, дүүг гэрт нь байлгадаггүй, гэртээ байхад нь цагдаад худлаа дуудлага өгдөг байсан. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Энэ талаар манай дүү Л.Г цагдаад гомдол гаргаж байсан. Тэд гэрлэлтээ албан ёсоор Улсын бүртгэлт бүртгүүлээгүй бөгөөд 2016 оноос хойш гэр бүлийн харилцаа байхгүй болсон. Хариуцагч О.Н хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж шүүхэд хандахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, мөн уг орон сууцыг Л.Г, О.Н нарын дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Тухайн орон сууц нь тэднийг гэр бүлийн харилцаатай болохоос өмнө буюу 2012 онд Л.Гийн өмчлөлд бүртгэлтэй байсан, өөрөөр хэлбэл Л.Гийн хуваарьт өмч юм. Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н бид нар 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Л.Гэд дээрх орон сууцыг бэлэглэсэн гэрээ одоо хуулийн хүчин төгөлдөр байгаа. Бид энэхүү гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад хандаагүй, Харин тухайн орон сууцны өмчлөгч Л.Г нь өөрийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг бидэнд бэлэглэсэн учир маргаан бүхий энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Л.Г, Л.Ц, Ц.Н бид нар юм. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасны дагуу дээрх хоёр бэлэглэлийн гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан нь нэхэмжлэгч бидний нэхэмжлэлийн шаардлын хууль зүйн үндэслэл нь болж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.Гтэй 2012 онд гэр бүл болж хамтран амьдарсан ба, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Г.А төрж, өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Хариуцагч болоод нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.Г нарыг гэр бүл болж хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгч нарын төрсөн эцэг 00 хаягт байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцыг Л.Г болоод О.Н нарт гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэсэн байдаг ба, тэр үеэс өнөөдрийг хүртэл хариуцагч О.Н нь тухайн орон сууцыг эзэмшиж ашиглаж хэрэглээний төлбөрийг төлсөөр ирсэн хууль ёсны шударга эзэмшигч юм.

Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ Л.Г, О.Н нарыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхээр тэтгэлэг тогтоолгосон ба, энэ үеэс уг орон сууцнаас гарах шаардлага тавьж эхэлсэн гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд бичигдсэн зүйл нь ор үндэслэлгүй, худлаа зүйл юм. Учир нь 2016 онд Л.Г болоод О.Н нар нь таарамжгүй харьцааны улмаас шүүхийн байгууллагаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хандсан байдаг боловч үүний дараагаар ойлголцож хамтран амьдарч эхэлсэн ба, одоо хүртэл албан ёсоор салсан зүйл байхгүй боловч Л.Г нь архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэхээрээ гэрээсээ 1 сараар болоод удаан хуагцааны турш алга болдог. Мөн Л.Г нь орон сууцны хууль ёсны өмчлөгч байхдаа орон сууцны гэрчилгээн дээр О.Н болон охин Г.А нарын нэрийг нэмэх талаар ярихад О.Нн зүгээс нэрээ нэмэхгүй, харин охиноо нэмэе гэхэд Л.Г байраа барьцаанд тавьж зээл авахад хүүхдийн нэр, зураг ороод муу энергитэй газраар дэмий гээд тухайн үед нэр нэмэх асуудлыг больсон.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн хуулийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө байхаар хуульчилсан байдаг. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авах ёстой ба, гэрлэгч нар хамтран өмчлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байдаг боловч Л.Г нь өөрийн ах, эгч нарын нэр дээр орон сууцны гэрчилгээг шилжүүлсэн байна. Л.Г, Л.Ц, Ц.Н нар маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш бөгөөд, өмчлөх эрх хэрэгжүүлэхээр шаардлага гаргах, шаардах эрх бүхий этгээдүүд биш.

Өөрөөр хэлбэл: орон сууцны гэрчилгээтэй болсон нь өмчлөх эрхийг үүсгэхгүй ба, хууль ёсны дагуу уг гэрчилгээг олж авсан эсэх үйл баримт чухал ач холбогдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамтран амьдрах хугацаанд тус орон сууц хэний нэр дээр байхаас үл хамаарч тухайн орон сууц нь гэр бүлийн дундын хамтын өмч учир нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргах эрхгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан. Тиймээс тухайн орон сууц нь дундын өмч мөн юм...гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нар нь хариуцагч О.Нн хууль бус эзэмшлээс өөрсдийн өмчлөлийн 00 тоот дахь 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч О.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын дүү Л.Г болон О.Н нарын буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд, одоог хүртэл тухайн орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдран, ашиглалтын зардлыг хариуцан төлдөг хууль ёсны шударга эзэмшигч учир нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргах эрхгүй..., өмнөх өмчлөгч Л.Г тухайн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхдээ гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл аваагүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015483 дугаарт бүртгэгдсэн, 000802349 дугаар гэрчилгээтэй, 00 тоот дахь 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анх удаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд Л.Г, Л.Ц, Ц.Н нарын өмчлөлд бүртгэгдэн, хувийн хэрэг нээгдэж байжээ. /хх 26, 61/

Улмаар 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний дагуу Л.Г, Л.Ц, Ц.Н нараас ХГ00 регистртэй Л.Гийн өмчлөлд шилжсэнийг, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 000190761 тоот гэрчилгээ олгогдон, дээрх гэрээний талууд дахин 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, Л.Гээс Л.Г, Л.Ц, Ц.Н нарын өмчлөлд тухайн орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлснээр, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 00 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарт олгогдсон байна. /хх 62-65/

Маргаан бүхий орон сууцанд хариуцагч О.Н нь хүүхдүүдийн хамт амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, тухайн хаягт О.Н нь 2014 оноос 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөр Л.Г, 2 хүүхэд болох Н.Нэмэхбаяр, Г.А нарын хамт оршин сууж байсан талаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №00 тоот албан бичгээр тодорхойлж, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлэн, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мөн хорооны Засаг даргаас Л.Гийг тус хороонд бүртгэлгүй болохыг тодорхойлжээ. /хх 67-69/

Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг Л.Г болон О.Н нарт гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэсэн ба, түүнээс хойш уг орон сууцанд байнга амьдарч байгаа учир Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу өмнөх өмчлөгч Л.Г болон О.Н, мөн хүүхдүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох тул дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авах ёстой ба, Л.Г тийнхүү нэхэмжлэгч нарт орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхдээ О.Нгээс зөвшөөрөл авалгүй шилжүүлсэн хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан бол, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон, харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр эхнэрийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн бусад гишүүд гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэжээ.

Хариуцагч О.Н болон маргаан бүхий орон сууцны өмнөх өмчлөгч Л.Г нар 2014 оноос хойш хамтран амьдарч, тэдний дундаас охин Г.А төрсөн байх боловч, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй тул тэдний хооронд хуульд заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзэх бөгөөд, Л.Гийн өмчлөлийн орон сууцыг хамтран өмчлөх гэрлэгч болон, гэр бүлийн бусад гишүүн байхгүй гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж, мөн хуулийн 126.4 дэх хэсэгт гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж тус тус зохицуулсан ба, О.Н нь энэхүү хуульд заагдсан хамтран өмчлөгч болохгүй учир иргэн Л.Г өөрийн өмчлөлийн орон сууцыг Л.Г, Л.Ц, Ц.Н нарын өмчлөлд Орон сууц бэлэглэлийн гэрээ-ний дагуу шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нар Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд нийцсэн хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ болон, 000802349 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015483 дугаартай, 00 тоот дахь 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байх тул 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглан захиран зарцуулах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцыг О.Н-н хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч О.Н нь нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Н нарын өмчлөлийн, маргаан бүхий орон сууцыг тэдний зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул түүний хууль бус эзэмшлээс 00 тоот дахь 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 00 тоотод байрлах 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч О.Н /РД:00000000/-н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА