| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номод овогт Болдбатын Энхжаргалд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Б.Энхжаргал, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарыг оролцуулан нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 05-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Грийн Трэндс” ХХК-нд байгаль орчны үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг, МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимд Экологийн хөтөлбөрийн магинстрантурт суралцдаг гэх, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг гэх, Хан-Уул дүүрэг 25-р хороо, Буянт Ухаа-1 хороолол, 707 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Номод овогт Болдбатын Энхжаргал /РД:ЙЕ99020527/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Toyota prius маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Ганбаатарыг мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Энхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Би 2020 онд жолооч болоод тасралтгүй жолоо барьж байгаа. Энэ хугацаанд зөрчил гаргаж байгаагүй. Тухайн осол болсон зам нь 3 эгнээтэй, гэрэлтүүлэг хэвийн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд эхлээд 34.000.000 төгрөг, 2024.01.29-ний өдөр сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг, нийт 116.500.000 төгрөгийг төлсөн. Би одоо ажил хийхийн хажуугаар сурч байгаа. Сарын цалин 1.800.000 төгрөг. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн ............... дугаартай хэргээс:
1. 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хэргийн 03 дахь тал),
2. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 5-19 дэх тал),
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 20 дахь тал),
4. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 103-107 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Манлайбаатарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“...Миний өвөө Ганбаатар нь манай ээжийн аав нь байгаа юм. Би 2001 онд төрснөөсөө хойш өвөө эмээтэйгээ амьдардаг байсан. Миний өвөө бага залуу насандаа 63 дугаар сургуульд багш нийгмийн ажилтан хийж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Манай эмээ 2015 онд нас бараад түүнээс хойш нэг жилийн хугацаанд ганцаараа нисэхэд амьдарч байгаад 2016 оноос хойш манай ээж дүү нарын хамт амьдарч байсан.
Миний өвөө Ганбаатар нь маш их идэвхтэй амьдралтай найз нөхөд олонтой өглөө явган алхалт хийдэг хуучин сургуулиас нь ирсэн урилгын дагуу сургуульдаа нэг жил орчим ажилласан. Би осол гарсан талаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21-22 цагийн орчим ээжээсээ сонсож мэдсэн. 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр жолоочийн ар гэрээс хүмүүс ирж уулзсан. 1.000.000 төгрөгийг зургийнх нь өмнө тавиад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүргээгүй Г.Анхбаярын гэрчээр өгсөн:
“...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дадлага хийж байсан газраасаа 19 цагийн орчим гараад гэртээ харихаар автобусанд сууж явахдаа Яармагт нэг буудал хэтэрч буугаад эргээд зам гараад дахиж автобусанд суугаад нэг буудал яваад эмнэлгийн буудал дээр буусан. Тэгээд урдаасаа хойд зүгт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн урд замыг хөндлөн гарах болсон. Тэнд баруунаас зүүн явах хөдөлгөөн сийрэг автомашин багатай харин зүүнээс баруун явах ихтэй автомашинууд тасралтгүй явж байсан.
Тэр үед зам хөндлөн гарах үед урдаасаа хойд зүгт 3 хүн зам хөндлөн гарч явсан. Тэгээд зам хөндлөн гарах үед эхний урсгал буюу баруунаас зүүн явах хөдөлгөөнийг өнгөрөөд замын дундах хэсгийг өнгөрөөд зүүнээс баруун явах замыг хөндлөн гарах үед миний урд талд нэг эрэгтэй нас тогтсон хүн гарах үедээ баруун гараа өргөөд бусдад анхааруулж байгаа харагдсан. Тэгээд тэр хүнийг баруун гараа өргөх үед зүүнээс баруун зүгт явж байсан автомашинуудын хамгийн урд буюу зүүн талын автомашин зогсоод зам тавьж өгсөн. Тэгээд тэр хүн үргэлжлүүлээд цааш зам хөндлөн гарч явах үед зорчих хэсгийн дунд явж байхад зүүнээс ирсэн автомашин нөгөө явган хүнийг мөргөж унагаасан. Тэр хүн зам гарах үедээ явган хүний гарц тэмдэглэлээр гарч байсан. Би тэр хүний хойно ойролцоогоор 2-3 м зайтай алхаад явж байсан.
Тэр хүн зам хөндлөн гарах үедээ хажуу тийшээ харахгүйгээр урагш хараад шууд алхаад явж байгаад мөргүүлсэн. Тэгээд тэр хүн автомашинд мөргүүлээд урд хэсэг дээр нь нэг хэсэг явж байгаад шидэгдээд газарт зам дээр унасан. Тэгээд тэр хүн автомашинд мөргүүлээд газарт унах үед нь би зам хөндлөн гараад эргээд харах үед нөгөө хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь түргэн тусламж руу утсаараа залгаад дуудлага өгөх үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх талаар хэлэхэд нь дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр мөргүүлсэн явган зорчигч ямар нэгэн гуйвж дайвсан зүйлгүй зүгээр алхаад явж байсан. Би тэр хүнийг хойд талд нь хараад явж байсан учир миний зааж өгсөн цэг үнэн зөв. За орчны байдлын хувьд гадаа харанхуй болсон байсан ба замын гэрэлтүүлэгтэй ассан үзэгдэх орчин хэвийн байсан. Бороо цас ороогүй цаг агаар таатай байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 56 дахь тал),
7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2742 дугаартай дүгнэлтэд:
“...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Авто осол: Гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл: Гавлын дагз ясны шугаман хугарал. Их, бага тархины орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагзны дэлбэн дэх тархины эдийн няцрал. Толгойн хуйхны дотор гадаргуун дагзны хэсгийн цус хуралт. Дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, уушгины эдийн няцрал, баруун 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал. Баруун шилбэний шаант болон тахилзуур ясны ил хугарал. Эрүү ясны хугарал. Баруун нүдний алимны салстын цус харвалт, дух, хацар, чих, тохойд зулгаралт, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт.
3. Дунд зэргийн согтолт.
Дүгнэлт:
1. Талийгаач П.Ганбаатарын биед гавлын дагз ясны шугаман хугарал, их, бага тархины орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагзны дэлбэн дэх тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун дагзны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, уушгины эдийн няцрал, баруун 7,8,9,10-р хавирганы далд хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний алины салстын цус харвалт, дух, хацар, чих, тохойд зулгаралт, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн амь насанд аюултай шинэ гэмтлүүд байна.
З. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
5. 2023 оны 10 дугаар сарын 15-ны 23 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.
6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.
7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 95-98, 103-106 дахь тал),
8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3499 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Хар хөх өнгийн куртикт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, шинэ халзралт байна. Хар хөх өнгийн куртик, саарал өнгийн өмдөнд гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна. Саарал өнгийн зузаан өмд, хөх өнгийн оймсонд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ цооролт байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.
3. Хар хөх өнгийн куртик, саарал өнгийн өмд, саарал өнгийн зузаан өмд, хөх өнгийн оймсонд үүссэн урагдалт, ханзралт, гогодолт, цооролтууд тээврийн хэрэгслээр мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 76-78, 79-85 дахь тал),
9. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 5014 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач П.Ганбаатарын өмсөж явсан гэх хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртка, цагаан өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр цус илэрсэн. Хар өнгийн малгай, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн хос гутал, хар өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, хар өнгийн арьсан тэлээнд биологийн ул мөр илрээгүй.
3. Хар өнгийн куртка, цагаан өнгийн футболк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр илэрсэн цус нь хүний цус байна.
4. Хар өнгийн куртка, цагаан өнгийн футболк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нь ИБ8329 дугаартай П.Ганбаатар гэх хатаан бэхжүүлсэн цусны цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтийн хавсрал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 86-88, 89-90 дэх тал),
10. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 851168 дугаартай дүгнэлт:
Асуулт-1. Toyota Prius маркийн 47-39 УБГ дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?
“Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд дугуйн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил зүүн доод хэсэгтээ цөмөрч цацарч хагарсан /шинэ/, урд копут зүүн доод хэсэгтээ хонхойсон /шинэ/, урд буфер зүүн дээд хэсэгтээ бага зэрэг хонхойсон /шинэ/, зүүн гар талын урд крыло үзүүр хэсэгтээ бага зэрэг сэвтэй /хуучин/, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Асуулт-2. Хэрэв бүрэн бус бол ямар, ямар эд ангиуд эвдрэлтэй байгаа эсэх,
Хариулт-2. Урд салхины шил зүүн доод хэсэгтээ цөмөрч цацарч хагарсан, урд копут зүүн доод хэсэгтээ хонхойсон, урд буфер зүүн дээд хэсэгтээ бага зэрэг хонхойсон, зүүн гар талын урд крыло үзүүр хэсэгтээ бага зэрэг сэвтэй, улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
Асуулт-3. Тоормосны ямар системтэй болох,
Хариулт-3. Тээврийн хэрэгслийг суваг дээр STENHKJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна.
Асуулт-4. Тоормос хэвийн ажиллагаатай юу, хэрэв эвдэрсэн бол юу нь, хэзээ, яаж эвдэрсэн байж болох,
Хариулт-4. Тухайн тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллагаатай байна.
Асуулт-5. Уг автомашин нь 2021, 2022 онуудад оношилгоонд орж тэнцсэн эсэх,
Хариулт 5. Уг автомашин нь 2021, 2022, 2023 онуудад техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 114-116 дахь тал),
11. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Виннэрвэй үнэлгээ” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТЗ-12/1 дугаартай:
“...Зах зээлийн дундаж үнэ, төсөвт өртгийг баримталж Айфоне X маркийн 64 GB багтаамжтай гар утсыг 465.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт (хэргийн 126-128 дахь тал),
12. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын гаргасан:
“...1.Toyota prius маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Энхжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч амь хохирогч П.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна.
7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчид мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн дүгнэлт (хэргийн 119 дэх тал),
13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Манлайбаатараас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд (хэргийн 133-158 дахь тал),
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Энхжаргалын яллагдагчаар өгсөн:
“...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан тул ээжийнхээ хамт хүнсний зүйлсээ цуглуулахаар Баянгол дүүргийн нутаг 10-р хороололд байрлах И-Март худалдааны төвөөр үйлчлүүлээд тэндээсээ 19 цагийн орчим гараад гэртээ харихаар явсан. Тэгээд Гурвалжингийн гүүрээр хойноосоо урагшаа чиглэлтэй даваад Яармагийн зам руу ороод зүүнээс баруун зүгт явсан. Тэгээд баруун зүгт явж байгаад Яармагийн эмнэлгийн буудал орчим руу зүүн талаас нь зорчих хэсгийн 2-р эгнээгээр дөхөөд очих үед явган хүний гэрэл дохиогүй гарц дөхөж ирсэн. Тэр үед би мөн 2-р эгнээгээр явж байсан ба зүүн талын 3-р эгнээнд зэрэгцээд явж байсан суудлын автомашин гэнэт хурдаа огцом хассан. Гэтэл тэр автомашины урдуур явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эрэгтэй явган зорчигч гараад ирсэн. Тэр хүнийг хараад би өөрийн автомашиныг зогсоох гээд тоормос гишгэсэн боловч нөгөө явган зорчигчийг мөргөсөн. Осол гарах үед 19 цаг 40 минутын орчим болж байсан. Би тэр хүнийг мөргөөд өөрийн автомашиныг зогсоогоод буугаад ирэхэд нөгөө эрэгтэй хүн газарт хэвтсэн байдалтай байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад 20-25 минут орчмын дараа түргэний эмч нөгөө хүнд үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн. Би 2020 онд Улаанбаатар хотод жолоодох эрх авч байсан. Түүнээс хойш тасралтгүй автомашин жолоодож байгаа. Осол гарах үед би ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явсан байх. Гадаа харанхуй болж байсан. Замын гэрэлтүүлэг ассан байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй хэвийн байсан. Санамсар болгоомжгүй байдлаас болж миний буруутай үйлдлээс гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтын дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулна. Цаашид хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 193 дахь тал) болон түүний хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 43 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 44 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 45 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 46 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 47 дахь тал), Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт (хэргийн 49 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хэргийн 50 дахь тал),” Грийн трендс” ХХК-ийн ажлын тодорхойлолт (хэргийн 51 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 52 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 187 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Энхжаргалын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Toyota prius маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт болон 16.1 дахь заалтыг тус тус зөрчсөнөөс уг замын явган хүний зохицуулдаггүй гарцаар урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Ганбаатарыг мөргөж, түүний амь насыг хохироосон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан
- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хэргийн 03 дахь тал),
- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 5-19 дэх тал),
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 20 дахь тал),
- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 103-107 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2742 дугаартай “...Талийгаач П.Ганбаатарын биед гавлын дагз ясны шугаман хугарал, их, бага тархины орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагзны дэлбэн дэх тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун дагзны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, уушгины эдийн няцрал, баруун 7,8,9,10-р хавирганы далд хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний алины салстын цус харвалт, дух, хацар, чих, тохойд зулгаралт, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн амь насанд аюултай шинэ гэмтлүүд байна, талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ, 2023 оны 10 дугаар сарын 15-ны 23 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ, талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 95-98, 103-106 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3499 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ, хар хөх өнгийн куртикт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, шинэ халзралт байна, хар хөх өнгийн куртик, саарал өнгийн өмдөнд гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна, саарал өнгийн зузаан өмд, хөх өнгийн оймсонд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ цооролт байна, бусад хувцаснууд гэмтэлгүй байна, хар хөх өнгийн куртик, саарал өнгийн өмд, саарал өнгийн зузаан өмд, хөх өнгийн оймсонд үүссэн урагдалт, ханзралт, гогодолт, цооролтууд тээврийн хэрэгслээр мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 76-78, 79-85 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 5014 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн талийгаач П.Ганбаатарын өмсөж явсан гэх хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртка, цагаан өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр цус илэрсэн. Хар өнгийн малгай, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн хос гутал, хар өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, хар өнгийн арьсан тэлээнд биологийн ул мөр илрээгүй, хар өнгийн куртка, цагаан өнгийн футболк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр илэрсэн цус нь хүний цус байна, хар өнгийн куртка, цагаан өнгийн футболк, улаан хүрэн өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нь ИБ8329 дугаартай П.Ганбаатар гэх хатаан бэхжүүлсэн цусны цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтийн хавсрал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 86-88, 89-90 дэх тал),
- гэрч Г.Анхбаярын: “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дадлага хийж байсан газраасаа 19 цагийн орчим гараад гэртээ харихаар автобусанд сууж явахдаа Яармагт нэг буудал хэтэрч буугаад эргээд зам гараад дахиж автобусанд суугаад нэг буудал яваад эмнэлгийн буудал дээр буусан. Тэгээд урдаасаа хойд зүгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замыг хөндлөн гарах болсон.
Тэнд баруунаас зүүн явах хөдөлгөөн сийрэг автомашин багатай харин зүүнээс баруун явах ихтэй автомашинууд тасралтгүй явж байсан. Зам хөндлөн гарах үед урдаасаа хойд зүгт 3 хүн зам хөндлөн гарч явсан. Тэгээд зам хөндлөн гарах үед эхний урсгал буюу баруунаас зүүн явах хөдөлгөөнийг өнгөрөөд замын дундах хэсгийг өнгөрөөд, зүүнээс баруун явах замыг хөндлөн гарах үед миний урд талд нэг эрэгтэй нас тогтсон хүн гарах үедээ баруун гараа өргөөд бусдад анхааруулж байгаа харагдсан.
Тэгээд тэр хүнийг баруун гараа өргөх үед зүүнээс баруун зүгт явж байсан автомашинуудын хамгийн урд буюу зүүн талын автомашин зогсоод зам тавьж өгсөн. Тэр хүн үргэлжлүүлээд цааш зам хөндлөн гарч явах үед зорчих хэсгийн дунд явж байхад зүүнээс ирсэн нэг автомашин нөгөө явган хүнийг мөргөж унагаасан. Тэр хүн зам гарах үедээ явган хүний гарц тэмдэглэлээр гарч байсан. Би тэр хүний хойно ойролцоогоор 2-3 м зайтай алхаад явж байсан.
...Тэгээд тэр хүн автомашинд мөргүүлээд урд хэсэг дээр нь нэг хэсэг явж байгаад шидэгдээд газарт зам дээр унасан. Тэгээд тэр хүн автомашинд мөргүүлээд газарт унах үед нь би зам хөндлөн гараад эргээд харах үед нөгөө хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь түргэн тусламж руу утсаараа залгаад дуудлага өгөх үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх талаар хэлэхэд нь дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр мөргүүлсэн явган зорчигч ямар нэгэн гуйвж дайвсан зүйлгүй зүгээр алхаад явж байсан. Би тэр хүнийг хойд талд нь хараад явж байсан учир миний зааж өгсөн цэг үнэн зөв. За орчны байдлын хувьд гадаа харанхуй болсон байсан ба замын гэрэлтүүлэгтэй ассан үзэгдэх орчин хэвийн байсан. Бороо цас ороогүй цаг агаар таатай байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 56 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Манлайбаатарын: “...Миний өвөө Ганбаатар нь манай ээжийн аав нь байгаа юм. Би 2001 онд төрснөөсөө хойш өвөө, эмээтэйгээ амьдардаг байсан. Миний өвөө бага залуу насандаа 63 дугаар сургуульд багш нийгмийн ажилтан хийж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Манай эмээ 2015 онд нас бараад түүнээс хойш нэг жилийн хугацаанд ганцаараа нисэхэд амьдарч байгаад 2016 оноос хойш манай ээж дүү нарын хамт амьдарч байсан.
Миний өвөө Ганбаатар нь маш их идэвхтэй амьдралтай найз нөхөд олонтой өглөө явган алхалт хийдэг хуучин сургуулиас нь ирсэн урилгын дагуу сургуульдаа нэг жил орчим ажилласан. Би осол гарсан талаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21-22 цагийн орчим ээжээсээ сонсож мэдсэн. 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр жолоочийн ар гэрээс хүмүүс ирж уулзсан. 1.000.000 төгрөгийг зургийнх нь өмнө тавиад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд (хэргийн 133-158 дахь тал),
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Toyota prius маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Энхжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч амь хохирогч П.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа (хэргийн 119 дэх тал) болон шүүгдэгч Б.Энхжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 164 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг дурдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн осол хэрэг нь “Toyota Prius” маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч буюу шүүгдэгч Б.Энхжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч Б.Энхжаргалын 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Toyota prius маркийн 47-39 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт болон 16.1 дахь заалтыг тус тус зөрчсөнөөс уг замын явган хүний зохицуулдаггүй гарцаар урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Ганбаатарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч /амь хохирогч/ П.Ганбаатарын биед “...гавлын дагз ясны шугаман хугарал, их, бага тархины орой болон суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун дагзны дэлбэн дэх тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун дагзны хэсгийн цус хуралт, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, уушгины эдийн няцрал, баруун 7,8,9,10-р хавирганы далд хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны ил хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний алины салстын цус харвалт, дух, хацар, чих, тохойд зулгаралт, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний цус хуралт” бүхий олон тооны гэмтлүүд учирсан бөгөөд дээрх учирсан гэмтлүүдийн “гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан хүнд гэмтэл”-ийн улмаас талийгаач нь амь хохирсон үр дагавар үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн Прокуророос шүүгдэгч Б.Энхжаргалын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Б.Энхжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
- мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримттай гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 24.132.125 /хорин дөрвөн сая нэг зуун гучин хоёр мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч, түүний ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр /хэргийн 25 дахь талд (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн), 33.000.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Манлайбаатарын Хаан банк дахь 5431266421 тоот дансанд тус тус шилжүүлэн төлж, нийт 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар нотлогдсон байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн баримттай /Голомт банкны 2024 оны 1 сарын 29-ний өдрийн төлбөрийн баримт/ байх ба энэ нь “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэсэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийсэн байна.
Иймд шүүгдэгчийн хувьд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах юм.
Шүүгдэгч Б.Энхжаргал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 178 дахь тал) тогтоогдсон ба энэ нь шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...цаашид Б.Энхжаргалд ямар нэгэн гомдол саналгүй, эрүүгийн болон иргэний журмаар нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй бөгөөд Б.Энхжаргалд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, нотариатаар баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх, шүүгдэгч Б.Энхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримттай гарсан зардал болон нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан дүгнэлт санал зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих” гэмт хэргийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг гэж томъёолж өөрчлөн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялыг “таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасах”-аар хүндрүүлж өөрчлөлт оруулсан тул шүүх, “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шүүгдэгч Б.Энхжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу Б.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Номод овогт Болдбатын Энхжаргалыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Энхжаргалд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Б.Энхжаргалд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Энхжаргал нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Энхжаргал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт тооцон амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 82.500.000 /наян хоёр сая даван зуун мянга/ төгрөг, нийт 116.500.000 /нэг зуун арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Манлайбаатарт нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг тэмдэглэсүгэй.
7. Энэ хэрэгт Б.Энхжаргал нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Энхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД