Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/02779

 

 

 

 

 

 

 

 

 

2020          09             28                                                 102/ШШ2020/02779

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д-У аймаг, Д сумын 00 баг, Л 000 айлын 00А-0 тоот хаягт ошин суух, эмэгтэй, Н овогтой Ш-ийн Ш /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, Э-ийн гудамж, 00/00 байр, 000 тоот хаягт байрлах Л-И ХХК РД: 0000000/,

Хариуцагч: БЗД, 00 дугаар хороо, С о, 000 байр, 000 тоот хаягт оршин суух, Б овогтой Б-ын Д /РД: АА00000000/ нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Л-И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ш нь гэрээний дагуу орон сууцны үнэ болох 59,800,000 төгрөгийг 100% төлж 2016 оны 11 дүгээр сарын 30-нд барилгын инженер*******, нярав ******* нарын Л и ХХК-ийн эрх бүхий ажилтнуудаас байрны түлхүүрийг гардаж авсан. Нярав ******* нь 7 тоот орон сууцны халуун хүйтэн усны тоолуур мөн дагалдах бичгийн хамт хүлээлгэн өгөөд гарын үсэг зурсан. Мөн цонх, хаалга, цахилгаан сантехник, шалны бүрэн бүтэн байдлыг акт бичин хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулж 1%-ийг орцны айлуудыг дуусгаж байж тараана гэсэн. Л-И ХХК-аас байрны гэрчилгээ гаргуулахад “зохих материалыг нэхэхэд санаа зоволтгүй, барилга барьсан хүмүүс маргаантай байгаа учраас түр хүлээнэ үү. Удахгүй таны гэрчилгээ гарна” гэсэн. Тэгтэл одоо хүртэл үндсэн хөрөнгийн эрхийн бичгээ гаргуулж чадахгүй 3 жил гаруй болж байна. Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газар хандсан боловч “таны байр 2019 оны 2 сарын 21-ний өдөр Л-И ХХК нь иргэн Б овогтой Д-ний өмчлөлд шилжүүлсэн байна та шүүхэд хандана уу” гэсэн хариулттай албан бичиг хүргүүлсэн. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л-И ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш овогтой Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д-У аймаг Д сумын 00-р баг, 00-р хороолол Л т 000-н айлын орон сууцнаас А-0 тоот 59,84 м,кв талбайтай 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Иргэн Ш.Ш 2016 оны 10 сарын 25-ны өдөр “Орон сууцны захиалгаар бариулах” 91 тоот гэрээг байгуулсан байна.

“Л и” ХХК-ийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсаны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр иргэн Ц.Батаа гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Ц.Батаа нь 144-н айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм. Миний бие нь иргэн Ц.Батаагийн компанийн нягтлангаар ажиллаж байсан. “Л и” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн 2017 оны 12 сарын 31-нд иргэн Ц.Батаад зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан. Ц.Батаа захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “Л и” ХХКомпанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч миний нэр дээр шилжүүлсэн болно.

Тус компани нь Дарханд 144 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсаны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсаныг мэдсэн.

Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лхагвасүрэнтэй уулзаж “Л и” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнд 100% шилжүүлсэн. Гэтэл А.Лхагвасүрэн нь гэрээниий үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Лхагвасүрэн нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Дарханд баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг Шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байгаа болно.

Тус компани нь 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байгаа, төлбөрийн чадваргүй, санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй байгаа. “Л и” ХХК-ийн ХХБанкны Дансны хуулгыг компанийг авсаны дараа авсан болно.

Компани нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Ш.Шгийн амьдарч байгаа А-7 тоот, 59,84 м,кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. Ш.Ш А-7 тоот 2 өрөө байрны төлбөрт “Л и” ХХК-ийн ХХБанкны******* тоот дансанд 2016 оны 10 сарын 25 нд 40.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 17-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 28 нд 9.800.000 төгрөг нийт 59.800.000 төгрөг тушаасан дансны хуулгаар нотлогдож байна.

Д-Уаймгийн Д сумын 00 дүгээр баг, 00  хороолол, 00 байрны А-блокын 0 тоот 2 өрөө орон сууц нь Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Б.Д-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн.

Шүүх хуралд гуравдагч этгээдээр Б.Д-ийг татан оролцуулж, нэхэмжлэгч иргэн Ш.Ш-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тайлбар гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ширнэн овогтой Шура Д-У аймгийн Д сумын 00 дүгээр баг 00 хороололд байрлах “Л Т” нэртэй 000-н айлын орон сууцны “А” блокын 0 тоотод байрлах 59,84 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Ш.Ш нь Л-И ХХК-ийн Д-У аймгийн Д сумын 00 дүгээр баг, 00 хороололд байршилтай 000 айлын 00А байрны 0 тоот 59,84 мкв бүхий 2 өрөө орон сууцны төлбөрийг, орон сууц бариулах гэрээний дагуу тус компанийн дансанд 100% төлсөн байна.

Хамтран хариуцагч Б.Д би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, Д-У аймгийн Д сумын 00 дүгээр баг 00 хороололд байрлах “Л Т” нэртэй 000-н айлын орон сууцны “А” блокын 7 тоотод байрлах 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Ш.Ш-гийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, цаашид нэхэмжлэлтэй холбоотой гаргах гомдол санал байхгүй болно.

Иргэн Ш.Ш-гийн нэхэмжлэлтэй Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох шүүх хуралд миний бие биечлэн оролцохгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хамтран хариуцагч Б.Д миний биеийн эзгүйд шүүх хуралдаанаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч “Л и” ХХК болон Б.Дд холбогдуулан, Д-У аймаг, Д сум 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, 00а байрны 0 тоот 59,8 мкв талбай бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэрээр эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Б.Дий эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Ш.Ш болон “Л и” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр “Ласти интернэйшнл” ХХК нь Д-У аймаг, Д сум 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, 00а байрны 0 тоот 59,8 мкв талбай бүхий 2 орон сууцыг нэхэмжлэгч Ш.Ш-гийн өмчлөлд шилжүүлэх, Ш.Ш нь орон сууцны үнэ 59,800,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Дээрх гэрээний зүйл болох орон сууцны барилгыг хэрхэн барих, яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдах орон сууцнаас тодорхой үнэ төлснөөр өмчлөлдөө шилжүүлэхийг харилцан тохирсон агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Худалдан авагч тал болох Ш.Ш нь 2016.10.25-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016.11.17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016.11.28-ны өдөр 9,800,000 төгрөг, нийт гэрээний үнэ болох 59,800,000 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 25-26 тал/

 

Харин нэхэмжлэгч Ш.Ш нь 2016.11.30-ны өдрөөс гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан байх боловч худалдагч тал болох нь “Л и” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Ш.Ш-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Б.Д-д 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 98 тал/

 

Хамтран хариуцагч Б.Д нь “Ш.Ш нь Л и ХХК-нд Д-У аймаг, Д сум 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, 00а байрны 0 тоот 59,84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрийг орон сууц бариулах гэрээний дагуу тус компанийн дансанд 100 хувь төлсөн байна. Б.Д би Д-У аймаг, Д сум 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, 00а байрны 0 тоот 59,8 мкв талбай бүхий 2 орон сууцны өмчлөх эрхийг Ш.Ш-д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан байхаас гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууцны үнийг төлсөн Ш.Ш нь өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах, өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Д нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ш нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ш-г Д-У аймаг, Д сум 00 дүгээр баг, 00 дугаар хороолол, 00а байрны 0 тоот 59,8 мкв талбай бүхий 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Л и” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 456,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ