Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02720

 

 

 

 

 

 

 

 

 

2020          09             23                                                 102/ШШ2020/02720

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, ЭТӨЧ гудамж, 00 байр, 000А тоот хаягт байрлах “Е ш” ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, ҮХ-ийн гудамж-3, өөрийн байранд байрлах НШШГГ-т холбогдох,

 

Автомашиныг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч******* 8.095,00 төгрөг гаргуулж “Е ш” ХХК-нд олгохоор шийдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгчтын барьцаа хөрөнгө болох******* УНД улсын дугаартай “Jaguar**************” маркийн машиныг битүүмжлэн, хурааж талууд үнэлгээнд тохиролцоогүй учир тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин томилсон.

Үнэлгээ хийсэн “Виннер*******” ХХК нь******* УНД улсын дугаартай********************* маркийн машиныг 11,877,000 төгрөгөөр өндөр үнэлснийг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Үнэлгээг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Шинжилгээ хийсэн тайлангийн чанар байдлын дүгнэлт хэсэгт “Ашиглаж болох эсэх дээр ашиглалтанд байсан нилээд хэмжээний засвар сайжруулалт, гол эд ангийг солих шаардлагатай гээд эзлэх хувь нь 60-85%, ашиглах боломжгүй, материал болгон худалдахаас өөр аргагүй 95-100% гэж дүгнэсэн нь энэхүү автомашиныг хэвийн байдлаас ашиглах тохиолдолд 60-85%-ийн их хэмжээний засвар үйлчилгээ орох шаардлагатай хэвийн байдлаар ашиглах боломжгүй, материал болгон худалдахаас өөр аргагүй байдал нь 95-100% гэж дүгнэсэн атлаа үнэлгээг 11,877,000 төгрөг гэж маш өндрөөр үнэлгээ нь гаргасан дүгнэлт түүний агуулга нь хоорондоо зөрүүтэй байна.

2. Үнэлгээний обьект нь манай улсад түгээмэл худалдаалагддаггүй боловч гадаад зах зээлээс захиалгаар худалдан авах бүрэн боломжтой худалдааны томоохон сайтуудад бэлэн борлогдож байгаа ижил үйлдвэрийн марк загвартай автомашинтай харьцуулан зах зээлийн жишиг үнэлгээг тооцсон. Жишиг хөрөнгөөр сонгосон********************* суудлын автомашинуудын үнийг гаргахдаа тухайн улсаас Монгол улс руу тээвэрлэх тээврийн зардал, онцгой албан татвар, НӨАТ, гаалийн татварын зардлыг нэмж гаргасан. Мөн үнэлгээний валютыг үнэлгээний өдрөөр Монгол банкны албан ханшаар авч төгрөгт шилжүүлэн тооцож үнэлгээнд ашигласан” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, хийсвэр дүгнэлт болсон байна.

Учир нь үнэлгээний обьект болох******* УНД улсын дугаартай********************* маркийн автомашин нь 2005 онд үйлдвэрлэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад орж ирсэн, ашиглагдаад 7 жил болж байгаа, төлбөр төлөгчт нь төлбөрөө төлөхгүй байсан учир төлбөр авагч машиныг 2015 оны 08 дугаар сарын 11-нд хурааж өнөөдрийг хүртэл 5 жил машиныг огт хөдөлгөөгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үнэ буулгаад ч зарах гэсэн боловч хүмүүс огт аваагүй, мөн асахгүй байгаа ба маш их элэгдэлд орсон нь тодорхой байна, энэ талаар үнэлгээчинд хэлсэн боловч ийм өрөөсгөл байдлаар дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дүгнэлтэд бичигдсэнээр******* УНД улсын дугаартай********************* маркийн тээврийн хэрэгсэл нь монголд түгээмэл байхгүй учир гадаад дахь хэвийн байдлаар ашиглагдаж байгаа, гаалиар орж ирэх он залуу машинтай шууд харьцуулж дүгнэлт гаргасан нь харьцуулах боломжгүй обьектыг харьцуулсан, долларын ханшийн зөрүүг өнөөдрийн байдлаар авсан гэх дүгнэлт гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй, огт боломжгүй зүйлд хүчээр дүгнэлт гаргасан илт хууль бус дүгнэлт болохыг нотолж байна.

3. Бодит байдал дээр энэхүү машин нь 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд монголд орж ирсэн хуучин машин юм. Гаднаас нь энгийн нүдээр харахад хойд дугуй хагарсан, олон газраа сэвтэй, асдаггүй, доголдол ихтэй, одоо байгаа байдлаар асааж ашиглах боломжгүй, явах эд ангийн оношлогоо, засвар хийгдэх шаардлагатай, засвар авч асахгүй тохиолдолд сэлбэг болгон задалж зарсан ч монголд ийм машин байхгүй учир сэлбэг нь зарагдах боломжгүй эдийн засгийн талаас үр өгөөж багатай машин юм.

Гэтэл үнэлгээ хийсэн компани дээрх машиныг яг ямар гэмтлээс болоод асахгүй байгаа, машиныг асааж хэвийн байдлаар ашиглахад хэдэн төгрөгний засвар хийгдэх, гол эсвэл туслах чиг үүрэг бүхий ямар ямар эд анги гэмтэлтэй эсэх, монголд түгээмэл машин биш учир ямар ямар сэлбэг хэрэгсэл хаанаас хэдэн төгрөгөөр авах шаардлагатай эсэх зэргийг нарийвчлан дүгнэлгүйгээр******* УНД улсын дугаартай********************* маркын тээврийн хэрэгслийг монголд ч биш бүр гадаад зах зээл дэх хэвийн ажиллагаатай, шууд унаж ашиглахад бэлэн, гаалиар орж ирэх машинтай харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан нь шударга бус байна. Өөрөөр хэлбэл харьцуулсан обьект нь тодорхой биш бодит байдлаар үзээгүй, сайтаас харсан, харьцуулах боломжгүй обьектууд гэж үзэж байна.

Иймд бодит байдалтай нийцэхгүй, харьцуулах боломжгүй обьекттэй харьцуулсан, үндэслэлгүй “Виннэр*******” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжаар Сүхбаатарын Амарбаясгалантаас 8,095,000 төгрөгийн төлбөр, 72,235 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “Е ш” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчтын эзэмшилийн барьцаа хөрөнгө болох******* УНД улсын дугаартай********************* /хар ногоон өнгөтэй/ 2005 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16251263/171/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16251263/171 тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнэлгээг тогтоогоогүй, үнийн санал зөрүүтэй өгсөн тул 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/34 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор шинжээчээр “Виннервэй” ХХК-ийг томилж үнэлгээг тогтоолгосон.

Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 06 минутанд хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгчтад 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4-171/25670 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гт 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4-171/25669 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч “Е ш” ХХК нь НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр******* 8,095,000 төгрөг гаргуулж “Е ш” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 4-5/

 

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, улмаар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16251263/171/01 дугаартай тогтоолоор******* УНД улсын дугаартай “Jaguar**************” маркийн автомашиныг битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16251263/171 дугаартай тогтоолоор хурааж, эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/34 тоот тогтоолоор “Виннэрвей” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн ба автомашины үнийг 11,877,000 төгрөгөөр тогтоосон тухай баримт хэрэгт авагджээ. /хх 31-37/

Шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар барагдуулаагүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар, 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих нөхцөл, үндэслэлийг тодорхойлон заажээ.

Хөрөнгийн үнэлгээг хийхдээ ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байхыг шаардана.

 

Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвей” ХХК нь автомашинд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн тогтоогоогүй, зөвхөн зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ тогтоосноос гадна үнэлгээ тогтоохдоо үнэлэгдэж буй хөрөнгийн шинж чанарын судалгааг хийсэн гэж үзэх үндэслэл тайланд тодорхой тусгагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, “Виннэрвей” ХХК нь үнэлэгдэж буй хөрөнгийн төлөв байдлын талаар тодорхойлохдоо “автомашины явах эд анги-оношлогоо хийгдэх шаардлагатай” гэжээ. Үүнээс үзэхэд автомашины явах эд ангийн шинж байдлыг тогтоогоогүй атлаа үнэлэгдэж буй эд хөрөнгийн чанар байдлын дүгнэлтийг “дунд” буюу ашиглалтанд байсан зарим нэг засвар, жижиг эд анги солих шаардлагатай гэж дүгнэсэн байна.

 

Иймд “Jaguar**************” загварын******* УНД улсын дугаартай суудлын автомашиныг 11,877,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэрвэй” ХХК-ийн гаргасан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан “тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “Jaguar**************” загварын******* УНД улсын дугаартай суудлын автомашиныг 11,877,000 төгрөгөөр үнэлсэн “Виннэрвэй” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ