| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2020/0323/Э |
| Дугаар | 621 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 621
2020 5 19 2020/ДШМ/621
Э.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт,
шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ж.Жавзандулам,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ж.Жавзандуламын гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 2008008000254 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр
Э.Б,
Э.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 4 дүгээр байрны урд талд иргэн О.Батмэндийн эд хөрөнгийг авахаар “утсаар чинь яриад өгье, сарын дараа нэг сая төгрөг өгнө, цагдаад хэлээд нэмэргүй шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон “Самсунг Нөүт-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Захар овгийн Энх-Амарын Э.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ж.Жавзандулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан.
Гэтэл хэрэг бүртгэлт нээх тухай мөрдөгчийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тогтоолд хохирогч О.Батмэндийн “... үл таних эрэгтэй хүн яриад өгье гэж хэлээд утас аваад явчихлаа...” гэх мэдүүлэг /хх 1/, мөн хохирогч О.Батмэндийн хууль ёсны төлөөлөгч ээж Отгонжаргалыг байлцуулан авсан анхны мэдүүлэгт “... араас танихгүй нэг эрэгтэй хүн ирээд утсаа өгчих, ... ах нь найз охинтойгоо ярьчихаад өгье ... гээд нэг дугаар руу залгаад ... манай найз охиныг уулзуулаад өгөөч гээд байсан ... утсыг аваад зам гараад явсан …” гэх мэдүүлэг /хх 6/, мөрдөгч: таны биед ямар нэгэн гэмтэл учирсан уу, шүүх эмнэлэгт үзүүлсэн үү, О.Батмэнд: “... намайг зодож цохиогүй болохоор ямар нэгэн гэмтэл учраагүй... Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-7/, шүүгдэгч Э.Б гэрчээр мэдүүлэхдээ: “...найз охин Уртнасантай уулзсан. Уртнасан надад би одоо найз залуутайгаа салхинд гарах гэж байна... гээд гэр лүүгээ явсан. Би сэтгэл тиймхэн байсан болохоор явж ууя гээд салсан..., тэр өдрөө Уртнасантай уулзмаар санагдаад 5 шар руу автобусанд суугаад явсан. ... Автобусны арын суудалд хамт сууж явсан эрэгтэй хүүхэдтэй 5 шарын автобусны буудалд бараг хамт буусан..., Би тухайн хүүхдээс гар утсаараа яриулчихаач, утасны цэнэг дуусчихсан гэж гуйсан... гэх мэдүүлэг /хх 25/, мөрдөгч: Тухайн хүүхдийн утсыг дарамталж зодож авсан асуудал байна уу?, Э.Б: “... тийм асуудал байхгүй ... буудалд өглөө сэрэхэд миний халаасанд гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /хх 26/, хохирогч О.Батмэндийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалаас “... Танай хүүхэд гэртээ ирэхдээ нүүрэндээ ил харагдах шарх сорви гэмтэл учирсан уу? гэсэн мөрдөгчийн асуултанд Л.Отгонжаргал: “... Учирсан шарх сорви байгаагүй. Батмэнд хүнд зодуулсан шинж тэмдэг байгаагүй ... зөвхөн утас нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 56/, Л.Отгонжаргал: “... манай хүүхэд гар утасаа ямар нэгэн гэмтэлгүй олж авсан” гэх мэдүүлэг /хх 57/, мөрдөгч: “...Э.Б танд юу гэж хэлж ... хүч хэрэглэн ... гар утсыг чинь авсан бэ...”, О.Батмэнд: “... би бэртэж гэмтсэн зүйл огт байхгүй ... тэр миний утсыг яриад өгье гэж авсан..., түүнээс биш над руу хүч хэрэглэж дайраагүй ..., харин тэр ах намайг даараад чичэрсэн чинь ... ахаасаа айгаад байгаа юм уу гэж хэлээд араас гарынхаа алгаар 1-2 удаа чанга атгасан..., тэр үед надад өвдөлт мэдрэгдээгүй гэх мэдүүлэг /хх 58/, мөрдөгч: ...Та мэдүүлэг өгөхдөө тэр залуу намайг 2-3 удаа нүүр рүү алгадсан гэж мэдүүлсэн байна. Уг мэдүүлэг үнэн үү? Танд гар утсыг чинь авахдаа хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргасан уу? О.Батмэнд: ... би тухайн үед 2-3 удаа алгадсан гэж мэдүүлсэн. ... миний гар утсыг авсан ах намайг цохиж зодож өвтгөсөн асуудал байхгүй... миний хүзүүг атгасан гэх /хх 58/ мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн байхад прокурор тогтоолынхоо үндэслэлийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж улмаар хүч хэрэглэн довтолж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон гар утсыг нь дээрэмдэн авсан нь тогтоогдож байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хохирогч О.Батмэндийн өгсөн мэдүүлгийн эсрэг дүгнэлт гаргаж Э.Быг яллан буруутгасаныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Хоёр: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчиж, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэр хэмжээ зэргийг анхаарч нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж чадаагүй байна.
Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин зэргийг харгалзан үзэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байна. Хоригдогч Э.Б нь 19 настай, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгаа арилгасан, ямар нэгэн хүч хэрэглэж зодож цохиогүй, заналхийгээгүй гэж мэдүүлсээр байтал түүнийг цагаатгах ямар ч нотлох баримтын хууль зүйн үндэслэлийг дурдаагүй шийтгэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Э.Б дээрэм хийх ямар ч зорилгогүй, найз охиноосоо болоод сэтгэл санааны гутралд орж архи ууснаа мэдүүлсэн байдаг. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын эрх зүйн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэсэн зүйлчлэлээр өөрчлөх бүрэн боломжтой гэсэн санал оруулж байна гэв.
Прокурор Х.Онолт шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Б нь хохирогчоос эд зүйл авсандаа ямар нэг маргаан байхгүй. Харин эд зүйлийг авахдаа хүч хэрэглээгүй гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг. Хохирогч О.Батмэнд нь 15 настай бие бялдарын хувьд Э.Баас илт дорой болох нь харагддаг. Хохирогч нь эд зүйлээ буцаан авах ямар нэг үйлдэл хийгээгүй, учир нь шүүгдэгчийн урьд хийсэн үйлдэлийн улмаас айдаст автсан байсан, гэдгээ удаа дараагийн мэдүүлэгтээ хэлдэг. Шүүгдэгч Э.Б нь утсыг нь авсны дараа тухайн газраас зугтаах зэрэг ямар нэг үйлдэл хийгээгүй. Үг хэлээрээ айлган сүрдүүлсэн нөхцөл байдал харагддаг. Иймд зүйлчлэлийг өөрчлөх ямар нэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учир анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинж тодруулан хуульчилжээ.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Э.Б нь 2020 оны 2 дугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 4 дүгээр байрны урд талд иргэн О.Батмэндийн Самсунг Нөүт-5” загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч О.Батмэндийн “...Тэгээд нэг мэдсэн чинь 5 шарын автобусны буудал дээр ирчихсэн байхаар нь буугаад цагаа харахад 21 цаг /яг хэд болж байсныг санахгүй байн/ болж байхаар нь Геологийн төв лаборторын автобусны буудал руу явахаар 5 шарын автобусны буудлын ард байдаг нарийн гудамжаар хойш гарах гээд явж байхад араас нэг танихгүй эрэгтэй хүн ирээд “утсаа өгчих дүү, хүнтэй ярьчихаад өгье” гэхээр нь би өгөхгүй явсан чинь араас дагаад яваад байхаар нь би утсаа гаргаж ирээд өгсөн чинь миний утсыг ард талынхаа халаасанд хийчихсэн. ... Тэгээд утсаар ярьж дуусаад надтай “ахдаа дансаа өгчих сарын дараа 1,000,000 төгрөг өгье, ах нь 1,500,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг” гэж ярьсан. Тэгээд намайг дагуулаад чигээрээ яваад “ВSВ” гэсэн бичигтэй байрны баруун талын засмалаар яваад 5 шарын гэрэл дохион дээр ирээд зам гараад явчихсан. ...намайг зохиж зодоогүй болохоор ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...”,
...Тэр ах миний гар утсыг яриад өгье гэж хэлээд аваад явсан. Тэрнээс биш над руу хүч хэрэглэж дайраагүй. Харин тэр ах намайг даараад чичирсэн чинь ахаасаа айгаад чичрээд байгаа муу гэж хэлээд толгойны араас гарынхаа алгаар нэг хоёр удаа атгасан. Тэр үед надад өвдөлт мэдрэгдээгүй гэх дүгнэлт /хх 6-7, 58/,
гэрч Д.Уртнасангийн “...сүүлд 22 цагийн үед байхаа би яг цаг хугацааг нь санахгүй байна, надруу танихгүй дугаарууд залгасан байхаар нь нэг дугаар руу залгатал Э.Б аваад би гэр рүү чинь явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиход Э.Баас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд бид хоёр Дэн буудал гэдэг буудал руу орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Э.Б өмднийхөө халааснаас нэг гар утас гаргаж ирэхээр нь би хэний утас болох талаар асуухад Э.Б би мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд тухайн утсыг нь Э.Бд хүнд нь өгөөрэй гэж хэлээд бид хоёр буудлаас гараад би гэртээ харьсан. ...” /хх 29/,
хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалын “...2020 оны 2 дугаар сарын 2-ны орой 21:00 цагийн орчимд миний хүү Батмэнд сургуулиасаа гэртээ ирэхдээ утсаа том хүнд булаалгуулчихлаа гэж дэлгүүрийн утсаар ярьсан. Би хүүхдээ хүрээд ир гэж хэлээд, тэр оройдоо хүүхдээ дагуулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж, өргөдөл өгсөн. Манай хүүхэд надад хэлэхдээ жаахан архи үнэртүүлсэн, 18-20 орчим насны хүүхэд утсаар нь яръя гэж аваад, утсаараа найз охинтойгоо яриад зогсоод байсан. Манай хүүхдийг утсаа авъя гэхээр байж бай л даа яасан яаруу юм бэ? гэж зогсож байснаа аваад, шууд цаашаа алхаад яваад өгсөн. Манай хүүхэд даараад байхаар нь араас нь дагаад явалгүй, утсаа хаяад шууд гэртээ ирсэн гэж надад хэлсэн. ... О.Батмэнд гэртээ ирэхдээ нүүр болон биед нь учирсан шарх, сорви байгаагүй. О.Батмэндэд хүнд зодуулсан шинж тэмдэг байгаагүй. Зөвхөн утас нь алга болсон байсан. ...” /хх 56/,
шүүгдэгч Э.Бы “...Би 5 шарын автобусны автобусны буудал дээр буугаад, гар утсаараа найз охин руугаа залгах гэтэл миний утасны цэнэг дуусаад, унтарсан. Тэгэхээр нь хамт автобуснаас буусан эрэгтэй хүүхдэд хандан Би чиний гар утсаар найз охин руугаа залгачихаад, өгье гэж хэлж гуйгаад гар утсыг нь авсан. ...Би нөгөө хүүхдэд хандан “ахынх нь утас унтарчихсан. Утсаа ахдаа өгөөд явуулчих. Ах нь чамд утасны чинь мөнгийг нэг сарын дараа өгье” гэж хэлээд, утсаар нь найз охин руугаа залгаастай зам хөндлөн гарсан. Эргээд харахад нөгөө хүүхэд байхгүй байсан. ...” /хх 66/ гэх мэдүүлгүүд,
О.Батмэндийн бичгээр гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 4, 11/, дуудлагын лавлагааны хуудас /хх 8/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх 39-41/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 49-51/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Харин хүч хэрэглэх, хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх, ямар гэмт хэргийн шинжийг агуулж байгааг тодорхойлоход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хохирогчийн эд хөрөнгө буюу гар утсыг авахаар хүч хэрэглэж, аливаа байдлаар биед нь халдсан, эд хөрөнгийг нь авах зорилгоор заналхийлж довтолсон гэх шинж тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх “...насанд хүрээгүй хохирогч О.Батмэндийн гар утсыг авахаар хүч хэрэглэн буюу нүүр рүү нь цохих зэргээр, хүч хэрэглэхээр заналхийлэх, хамт явж архидая, утсаа өгчих, мөнгийг нь нэг сарын дараа өгье, цагдаад хэлээд нэмэргүй шүү гэх зэргээр айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг үгээр илэрхийлж эрхшээлдээ оруулан эд зүйлийг нь авсан болох нь нотлогдон тогтоогдсон...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Батмэндийн “...намайг зохиж зодоогүй болохоор ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ...тэр ах миний гар утсыг яриад өгье гэж хэлээд аваад явсан. Тэрнээс биш над руу хүч хэрэглэж дайраагүй. ...” / хх 6-7, 58/ гэх мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.
Насанд хүрээгүй хохирогч О.Батмэндийн мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгө буюу мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандуламын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. ..., өвсөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын эрх зүйн байдлыг харгалзан үзэж...” гэх давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй болно.
2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон байх бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тодорхойлсон хууль тогтоогчийн томъёолол нь хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба арван найман насанд хүрсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд давж заалдах гомдолд дурьсны дагуу тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх хоригийг зөрчих төдийгүй, түүний хууль ёсны шинжид харшлах юм.
Үүнээс гадна өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулъд тусгасан дээрх зохицуулалт нь өвсөр насны хүний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохино.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандуламын давж заалдах гомдлоос “...Эрүүгийн хуулий тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... гэснийг хүлээн авч, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэж ял шийтгэл оногдуулах тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/375 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Э.Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандуламын гаргасан “...8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ