| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 110/2026/0089/З |
| Дугаар | 221/МА2026/0695 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0695
“”“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А;
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын захирал, мөн сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “А” ХХК, “Б” ХХК;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 110/2026/0089/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын захирал, мөн сургуулийн захирлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/12 дугаар тушаалаар байгуулсан Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулиас зарласан БӨАБУСЕБС/20260102003 дугаартай Дотуур байрны хоол хүнс худалдан авах тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээний үр дүн болон Үнэлгээний хорооны 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус багцуудад хуулийн дагуу дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах, Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын болон “А” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 1, багц 3/, мөн “Б” ХХК-ийн хооронд байгуулсан /багц 2, багц 4/ худалдан авах ажиллагааны гэрээнүүдийг тус тус хүчингүй болгох, “С” ХХК-ийг 1, 2, 3, 4 дүгээр багцуудын шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор тогтоож, худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгохыг Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах”-аар маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 26.4.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зүйн үндэслэлүүд:
3.1. Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах, шалгах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны дэгийн ноцтой зөрчил гаргасан тухай: (ЗХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2):
Нэхэмжлэгч “С” ХХК нь тухайн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо шаардлагатай баримт бичгийг цахим системд бүртгүүлж, илгээх ажлыг иргэн Т.Е-аар хийлгэж, холбогдох ажлын хөлсийг төлсөн болно. Иргэн Т.Е нь тендерийн бичиг баримт бүртгэн оруулах чиглэлээр дагнан ажилладаг мэргэжлийн хүн бөгөөд манай компанийн 20 төрлийн бичиг баримтыг системд бүрэн дүүрэн байршуулснаа фото зургаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн байдаг. Иргэн Т.Е-ыг гэрчээр оролцуулж гар утас болон зөөврийн компьютерт үзлэг хийвэл хэргийн үнэн зөв шийдэх боломжтой байсан. Иймд манай зүгээс шүүх хуралдааны өмнө хууль журмын дагуу хүсэлт гаргаж, тухайн ажилтан буюу Т.Е-ыг гэрчээр байцаалгах, түүний ашигласан гар утас болон зөөврийн компьютерт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан.
Гэтэл шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх “системд нэгэнт үзлэг хийсэн тул дахин үзлэг хийх шаардлагагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан чухал нотлох баримтыг шалгуулах хүсэлтийг хангалгүй хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчээс 20 баримт бичиг байршуулсан байхад шүүхийн үзлэгээр системд 18 баримт харагдсан нь тендерийн цахим системд техникийн саатал гарсан эсхүл файл устгасан байж болох эргэлзээтэй нөхцөлийг бий болгож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг бүрэн цуглуулах үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг шүүх ноцтой зөрчиж, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохоос татгалзсан.
3.2. Шүүхийн шийдвэрийн хууль зүйн болон логик дүгнэлтийн зөрчлийн тухай: (Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, ТӨБҮХААТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1):
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Үнэлгээний хороо нь манай компанийн ирүүлсэн тендерийг Багц 5 дээр шалгаруулахдаа цахимаар бус цаасаар авчирсан баримтыг үндэслэн шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9 дэх заалтуудыг зөрчсөн болохыг шүүх өөрөө шууд тогтоосон. Гэвч шүүх хууль зөрчсөн Үнэлгээний хорооны шийдвэрийг зөвтгөж, “Багц 5-д хууль бусаар шалгаруулсан нь бусад 4 багцад шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн ноцтой зөрчилтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны акт нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийг тодорхой заасан байх зарчмыг хуульчилсан. Үнэлгээний хороо нь нэг системд орсон материалыг нэг багц дээр байна гэж үзээд бусад багц дээр байхгүй гэж хассан нь дотоод логикийн зөрчилтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус үйлдлийг өмгөөлөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
3.3. Сонсох ажиллагаа явуулаагүй, тодруулга аваагүй болон хууль бусаар гэрээ байгуулсан тухай: (ЗЕХ-ийн 26, 27 дугаар зүйл, ТӨБҮХААТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.5)
Манай компани уг худалдан авах ажиллагаатай холбогдуулан Сангийн яаманд хуулийн хугацаанд гомдол гаргаж байсан бөгөөд манай ирүүлсэн баримтуудын хүчинтэй хугацаа дуусаагүй, шаардлага бүрэн хангаж байсан. Түүнчлэн ТӨБҮХААТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу баримт эргэлзээтэй эсхүл тодорхойгүй бол цахимаар болон төрийн мэдээллийн сангаас тодруулах бүрэн боломжтой байхад тодруулга авалгүй шууд хассан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд шүүхийн маргаан эцэслэгдээгүй байхад захиалагч гуравдагч этгээдүүдтэй яаран гэрээ байгуулсан нь өрсөлдөх тэгш боломжийг олгох зарчмыг зөрчсөн.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, бодит тооцоолол болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан дараах шаардлагыг гаргаж байна” гэжээ.
,
ХЯНАВАЛ:
Багц 1-д “Мах, махан бүтээгдэхүүн” 3 компани,
Багц 2-т “Жимс, хүнсний ногоо багц” 5 компани,
Багц 3-д “Гурил, гурилан бүтээгдэхүүн” 4 компани,
Багц 4-т “Хүнсний бүтээгдэхүүн багц” 6 компани,
Багц 5-д “Сүү, сүүн бүтээгдэхүүн багц”-д 2 компани тус тус тендер ирүүлсэн.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 15 дугаар зүйлийн 15.5-д “Гэрээний үүргийг гүйцэтгэхэд хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэсэн хуулийн заалт,
-Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичиг Тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1 гэсэн хэсэгт -Техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, чанар, аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, баталгаажуулсан шинжилгээний бичигтэй байна.
-Техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ ирүүлнэ.
-Нийлүүлэх бүтээгдэхүүн нь захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтын шаардлага хангаж байгааг нотлох баримтаар баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
5. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс “цахимаар тендерийн материалыг бүрэн гүйцэт өгсөн” гэж маргаж байх боловч шүүхээс төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хийсэн үзлэгээр энэ нь тогтоогдоогүй байна.
6. Хариуцагчаас Багц 5 буюу “Сүү, сүүн бүтээгдэхүүн багц”-д бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгаруулсан үндэслэлээ сүүн бүтээгдэхүүний багцыг дахин зарлаж цаг хугацаа алдаж, сүү нийлүүлэлт тасарч, бүтээгдэхүүний хэвийн нийлүүлэлтийг хангуулахын тулд эх хувийг нь үнэлгээний хороонд авчирч үзүүлснийг шалгаруулж өөрт нь эерэг үйлчлэл үзүүлсэн хариуцагчийн шийдвэрийг нэхэмжлэгч хуулийн этгээдээс бусад 1-4 багцуудын тендер шалгаруулалтад мөн адил үнэлэх ёстой байсан мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн Багц 5 “Сүү, сүүн бүтээгдэхүүн багц”-д шалгарсан үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерийг... тендер шалгаруулалтын “Сүү, сүүн бүтээгдэхүүн” багц 5-д хууль бусаар шалгаруулсан нь бусад 4 багцад шаардлагад нийцсэн тендер гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
8. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгч хуулийн этгээд бүтээгдэхүүний шинжилгээний хуудас болон тохирлын гэрчилгээ ирүүлээгүй шаардлага хангаагүй тендер болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэрүүд нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2026/0103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА