Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0391

 

 

 

                                               

 

 

 

 2022             05          23                                   128/ШШ2022/0391

                                             

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Б****” ХХК/РД:0000000/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Т*********,                

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А********,

Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Н*********.

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*********ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*****, хариуцагч М.А*****, гуравдагч этгээд Д.Н***** нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*****р нь анх тус шүүхэд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөн тодорхойлжээ.

2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэл нь “*******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнасан 2021 оны 08 дугаар сарын НД7Б, НД8 тайлангуудыг шалгаж, 10,078,426,378.51 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн зөрчил гаргасан гэж үзэж “*******” ХХК-ийг 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т**** нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т***** нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч М.А*****лтангэрэл нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 210001734 дугаартай Зөрчлийн  хэрэг нээж шийтгэлийн хуудас оногдуулсан. Уг шийтгэлийн хуудас нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10,078,426,378,51 төгрөгт 1,846,334,911,17 төгрөгийн алданги тооцоод 500,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Маргаан бүхий актыг эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь:

4.2 Шийтгэлийн хуудасны 11 дэх хэсэгт “шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу 5 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай” гэж дурдсан байдаг. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “шүүхэд шууд хандахаар заасан бол тухайн хуулийн хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчиж манай компанийн эрх ашиг болон шүүхэд нэхэмжлэл гаргах, холбоотой нотлох баримт гаргаж өгөх хугацааг багасган, компанийн эрх, ашгийг зөрчсөн.

4.3. Шийтгэлийн хуудаст эрх бүхий албан тушаалтан нь тамга тэмдэг даралгүй гардуулж өгсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” шийтгэлийн хуудас болно.

4.4. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны акт, захиргааны актын нэр, он сар өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Журам маягт батлах тухай” 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх шийтгэлийн хуудасны маягт, хэрэглэх” журмын  2.7 дахь заалтад “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасныг тус тус зөрчсөн учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт” гарсан үзэж байна.

4.5. Тухайн шийтгэлийн хуудас нь эхнээсээ буюу он сар өдөр, хэргийн дугаар гэх мэт бүх зүйл нь алдаагүй хуулийн дагуу байхыг утга агуулгын алдаагүй гэж ойлгох бөгөөд маргаан бүхий акт нь тамга, тэмдэг байхгүй, 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах гэдгийг 5 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж бичиж, утга агуулгын алдаатай шийдвэр гаргасан” гэжээ.

5. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

5.1. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*****үмэнбаяр, нягтлан бодогч Б.Уянга нар нь шийтгэлийн хуудастай танилцаад зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг зөрчөөд 5 хоног гэж бичсэн нь Эрүүгийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай андуурч бичсэнийг ойлгох ёстой. Тухайн үедээ илэрхий алдаа гэдгийг ойлгоод засуулах боломжтой байсан ба Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус шийтгэлийн хуудас биш гэж үзэж байна.

5.2. Энэ нь тухайн үед /legalinfo/ хуулийн платформоос харж бичихдээ андуурч бичсэн асуудал юм. Үүнийг илэрхий алдаа бөгөөд илт хууль бус акт гэж үзэхгүй.

Мөн шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх ёстой байдаг. Миний хувьд он сар болон гарын үсэг зураад “*******” ХХК-д хүргүүлэхдээ санаандгүй байдлаар тамга тэмдэг даралгүй орхисон асуудал гаргасан.

5.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг заасан. Маргасан 2 үндэслэл нь захиргааны акт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Илэрхий алдаагаа засах тухай шаардлагыг “Б” ХХКнь тавьж болох байсан. Нэхэмжлэл гаргасан хугацааг 30 хоног гэж бичих байсныг 5 хоног гэж бичсэн нь илэрхий алдаа бөгөөд тухайн компанийн эрх ашгийг зөрчөөгүй.

5.4. Түүнчлэн “Б” ХХКнь дээрх хоёр үндэслэлээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийн авлага буюу түүнтэй холбогдох алдангийн хэмжээнд дээр маргаж болох байсан гэж хариуцагчийн зүгээс харж байна.

5.5 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох шинжийг тодорхойлсон 7 зүйл заалт байдаг. 47.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан байх ба хэрэв утга агуулгын илэрхий алдаатай гэж үзвэл “Б” ХХКнь 10 тэрбумын өр үүсгэж, нийгмийн даатгалын сан болон даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн.

5.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж заасан байх ба энэ тохиолдолд захиргааны акт илт хууль бус гэж үзнэ.

5.7. Тухайн шийтгэлийн хуудаст Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч гэж товчлон бичсэн байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил” гэж харьяаллыг тодорхойлсон.

5.8 Иймд нэхэмжлэгчийн гаргасан илт хууль бус акт болохыг тогтоолгох гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акттай хамааралгүй юм.

5.9. Нэхэмжлэгч талын зүгээс утга агуулгын алдаатай гэдгийн агуулга гэдгийг салгаж тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн учраас захиргааны акт үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “*******” ХХК-ийн эрх бүхий хоёр албан тушаалтан бүх хэргийн материалтай танилцаад, он, сар, өдрөө бичиж гарын үсэг зурсан байдаг.

5.10. Түүнчлэн нийгмийн даатгалын байцаагч ач холбогдолгүй асуудлаар шийтгэлийн хуудас буюу захиргааны акт үйлдэж тухайн байгууллагын эрх ашгийг хөндсөн бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны актад хамаарах байсан” гэжээ.

6. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Н*****ямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

6.1. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудастай холбоотой маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн гаргасан тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана гэдгийг 5 хоног гэж бичсэн, мөн өөрийн тамга тэмдэг дараагүй гэх асуудлын хувьд хариуцагч тайлбар хэллээ.

6.2. Миний хувьд хариуцагчтай санал нэг байгаа ба миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч компани 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна.

6.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт” гаргасан гэсэн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

6.4. Гэвч тухайн шийтгэлийн хуудаст ямар зөрчил гаргасныг маш тодорхой дурдсан байх ба утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн заалтад хамаарахгүй байна гэж үзэж байна.

6.5. Тухайн “Б” ХХК-ийн хувьд гаргасан зөрчил тодорхой бөгөөд олон хүний эрх зөрчигдөж байгаа учраас эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Хэргийн оролцогчид Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэлийн “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнасан 2021 оны 08 дугаар сарын НД7Б, НД8 тайлангуудыг шалгаж, 10,078,426,378.51 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн зөрчилд 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчил болон шийтгэлийн хуудсаар оногдуулсан мөнгөн дүнтэй маргахгүй байна.

2.2. Харин дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

2.2.1. Гомдол гаргагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т*****үмэнбаяр нь “...маргаан бүхий акт нь тамга тэмдэг байхгүй, 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах гэдгийг 5 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж бичиж утга агуулгын алдаатай шийдвэр гарсан” гэж,

2.2.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэл нь “....Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн учраас захиргааны акт үйлдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “*******” ХХК-ийн эрх бүхий хоёр албан тушаалтан бүх хэргийн материалтай танилцаад, он, сар, өдрөө бичиж, гарын үсэг зурсан байдаг. Нийгмийн даатгалын байцаагч ач холбогдолгүй асуудлаар шийтгэлийн хуудас буюу захиргааны акт үйлдэж, тухайн байгууллагын эрх ашгийг хөндсөн бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны актад хамаарна” гэж,

2.2.3. Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Н*****ямсүрэн нь “...тухайн шийтгэлийн хуудаст ямар зөрчил гаргасныг маш тодорхой дурдсан байх ба утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж захиргааны актыг хүчингүй болгуулах гэсэн заалтад хамаарахгүй. Тухайн “*******” ХХК-ийн хувьд гаргасан зөрчил тодорхой бөгөөд олон хүний эрх зөрчигдөж байгаа учраас эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны акт, захиргааны актын нэр, он сар өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д “нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 10.19 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:”, 17.1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Журам маягт батлах тухай” 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх шийтгэлийн хуудасны маягт, хэрэглэх” журмын  2.7 дугаар заалтад “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж тус тус заажээ.

Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж сар бүр нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан буюу нийгмийн даатгалын улсын байцаагч нь  шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулах, гомдол гаргах хуулийн зүйл заалт, хугацааг алдаагүй зөв бичих үүрэгтэй байна.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэл нь “Б” ХХК-ийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлагнасан 2021 оны 08 дугаар сарын НД7Б, НД8 тайлангуудыг шалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:”, 17.1./1/-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж тус тус заасныг зөрчсөн буюу 10,078,426,378.51 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөөгүй гэж шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.1. Харин хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа тамга, тэмдэг дараагүй, хуульд заасан гомдол гаргах хугацааг алдаатай бичсэн нь шүүх хуралдааны үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчаас нотлох баримтаар гарган өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

5.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий актад тамга, тэмдэг дараагүй, гомдол гаргах хугацааг 5 хоног гэж хуулиас өөрөөр бичсэнээ нягтлан шалгахгүйгээр гомдол гаргагчид танилцуулж, гардуулсан нь хууль бус болжээ.

5.2.1. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсыг хуульд нийцүүлэн гаргах үүрэгтэй гэж үзнэ.

5.2.2. Өөрөөр хэлбэл, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд шийтгэл оногдуулахдаа гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулах, гомдол гаргах хуулийн зүйл заалтыг алдаагүй бичих үүрэг нь нийгмийн даатгалын улсын байцаагчид холбогдох хуулиар олгогдсон байхад шийтгэлийн хуудсыг нягтлан үзэхгүйгээр  маргаан бүхий актыг гаргасан нь дээрх хууль тогтоомжийг  зөрчсөн байна.

5.2.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт” гэдгийг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдөөнтэй, хоёрдмол утгаар ойлгогдохоор агуулга нь тодорхой бус байх, түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзнэ.

5.2.4. Энэ тохиолдолд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” байх шинжийг агуулаагүй, харин мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн илт хууль бус актын шинжийг агуулж байна.

5.2.5. Тодруулбал, тамга, тэмдэг дарж албажаагүй захиргааны актыг хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэх боломжгүй бөгөөд захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны акт, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

5.2.6. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд маргаан бүхий актад тамга, тэмдэг дараагүй алдаагаа зассан гэж тайлбарлаж байх боловч шийтгэлийн хуудсанд тамга, тэмдэг дарж зөвтгөсөн шийтгэлийн хуудсаа “*******” ХХК-д мэдэгдээгүй, гардуулаагүй байна.

6. Иймд хариуцагчийн зөвтгөсөн гэх шийтгэлийн хуудсыг хуульд заасан журмын дагуу засвар оруулахаа мэдэгдсэн, гардуулсан захиргааны акт гэж үзэхгүй.

7. Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулсныг буруутгах  үндэслэлгүй байх боловч маргаан бүхий акт нь захиргааны актын хүчин төгөлдөр байх шинжийг бүрэн агуулаагүй буюу  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

8. Хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хуульд заасан журмын дагуу засвар оруулж нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.7, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч, өр авлага хариуцсан мэргэжилтэн М.А*****лтангэрэлийн оногдуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0041362 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН