Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2018/00027

 

2018            08              22                                           202/МА2018/00027

С.П-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2018/00246 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ......... тоотод оршин суух, эрэгтэй, 49 настай, Байчууд овогт С-ийн П /ХА69031918/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөө гудамж, ........ тоотод оршин суух, эмэгтэй, 51 настай, Сортуул шагшаа овогт Б-ын Д /ЕЮ67020409/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30480000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Г, Б.Д нар нь гэр бүлийн эхнэр, нөхөр бөгөөд миний бие тэдэнтэй 2005 онд танилцаж, өнөөг хүртэл найзалж нөхөрлөж байна. 2016 оны 03 сард иргэн Ч.Г, Б.Д нар нь “15 сая төгрөг зээлдүүлээч, эсхүл олж өгч туслаач, 5 сарын дараа буюу 8 дугаар сар гэхэд бүрэн төлсөн байна” гэж надад хандсан. Ингээд тэдэнд туслах зорилгоор одоо гэр бүлийн хамт амьдарч байгаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, бичил хороолол дахь 2 өрөө орон сууцыг “Бид” ББСБ-д барьцаалж 15 сая төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй зээлж, мөнгийг Б.Друу шилжүүлсэн. Би өөрөө 8 сард тус ББСБ-аас зээл авахаар төлөвлөж байсан ба тэдний 8 сард багтааж эргүүлж төлнө гэсэн амлалтанд итгэж дээрх зээлийг авч, дамжуулан өгсөн юм. Гэвч хариуцагч нь 2016.08.17-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан зээлийн үндсэн үүргээ биелүүлээгүй. Өөрт бий болсон санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ББСБ-ын зээлийг дуусгавар болгох шаардлагатай байсан ба Б.Дд зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар 10 дугаар сар болсон. Ингээд миний бие Б.Д-д урьдчилан мэдэгдэж харилцан тохиролцож өөрийнх нь зөвшөөрсний үндсэн дээр иргэн Т.Дтэй 2016.10.17-ны өдөр барьцаагүй зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлээр хариуцагч Б.Дд дамжуулж өгсөн зээлийг хааж, шинээр өөрийн нэр дээр тухайн ББСБ-аас зээл авч, өөрт үүссэн санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн юм.  Хариуцагч Б.Д нь 2016.11 сараас 2017.03 сар хүртэлх 5 сарын хүүг төлсөн ба түүнээс хойш төлөлт хийхгүй байсаар 6 дугаар сард 1 сая, 8 дугаар сард 2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч миний бие бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өнөөдрийг хүртэл хүүгийн төлбөрт Дгийн өмнөөс Дт зээлийн хүү төлж хохирсоор байна. Иймд иргэн Б.Дгийн авсан 15 сая төгрөг болон зээлийн хүүнд миний илүү төлсөн хохирол 9600000 төгрөг, нийт 24600000 төгрөгийг хариуцагч Б.Дгаас нэхэмжилж байна.

Мөн иргэн Б.Дгийн “...3 сая төгрөг олж өгөөч...” гэсэн гуйлт хүсэлтээр 2016.07.26-нд сарын 8 хувийн хүүтэйгээр хэлэлцэн тохиролцож зээлдүүлсэн ба энэ мөнгийг иргэн Т.Дээс гэрээ байгуулан авч Б.Дд дамжуулан өгсөн. Иргэн Б.Д 2017.03 сар хүртэл хүү төлж ирсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд миний бие түүний нэрийн өмнөөс хүүгийн төлбөрт нийт 2 880 000 төгрөгийг төлж хохирсон. Иймд дамжуулан олгосон зээл 3 сая төгрөг, хүүнд төлсөн 2880000 төгрөг, нийт 5 880 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд надад учруулсан хохирол 12480000 төгрөг, зээл 18000000 төгрөг, нийт 30480000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Паас 15 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьж улмаар 2016.03 сард иргэн Паас 12500000 төгрөг шилжиж ирсэн. 4 дүгээр сараас эхлэн сар бүр 512000 төгрөгийг өөрийнх нь данс болох 5076130322 Хаан банкны дансруу 2016.10.17-ныг хүртэл нийтдээ 7 сарын төлөлт болох 3584000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2016.10.17-ноос эхлэн хүүнд өөрчлөлт орж 7 хувийн хүүтэй болсон. Ингээд би сард 1050000 төгрөгийг төлөхөөр болсон ба 10 сарын 17-ноос эхлэн 5 сар буюу 2017.03.17-ыг дуустал 5250000 төгрөг шилжүүлж мөн оны 6 сард 1050000 төгрөгийг шилжүүлж, 8 дугаар сард 2 000 000 төгрөг, нийтдээ 11884000 төгрөгийн төлөлт хийсэн.  2017.07.26-нд дахин хүсэлт тавьж 8 хувийн хүүтэй 3000000 төгрөгийг зээлж, 2017.03.26-ныг дуустал нийтдээ 1920000 төгрөгийн төлөлт хийгдсэн. 2017 оны 03 сараас би санхүүгийн хямралд орж эргэн төлөлт хийх чадваргүй болсон тул иргэн Пд удаа дараа үнэн байдлаа хэлсэн. Нийт 13754000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгө болох 15000000 төгрөгийг сарын 500000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Паас авсан 14900000 төгрөгнөөс өөрт нь шилжүүлж өгсөн 2600000 төгрөгийг уг мөнгөн дүнгээс хасаж өгөхийг, мөн 2016 оны 03 дугаар сарын 17-ноос эхлэн уг 2600000 төгрөгийн хүүг төлж ирсэн тул уг мөнгөн дүнг хүүгийн хамт зээлсэн үнийн дүнгээс хасаж өгөхийг хүсч байна гэжээ.

            Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Баасанжавын Дгаас 5002500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэдсүрэнгийн Пд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25477500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 310350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгаас 94990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Пд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулж давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэг: Шүүх маргааны харилцаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй асуудалд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийн тодорхой хугацааны дараа эргүүлэн төлөхөөр хүлээсэн үүрэг, амлалтын дагуу түүнд шаардлагатай байсан мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдээс олж шилжүүлсэн бөгөөд хариуцагчийн хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс үүдэн түүний өмнөөс төлбөр төлсөн буюу өөрт учирсан хохирлоо нөхөн гаргуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл иргэн Б.Д, Ч.Г нарын “...зээл олоод өгөөч, туслаач...” гэх хүсэл зорилгыг нэхэмжлэгч бусдаас олж өөрөөрөө дамжуулан туслахад гэрээний нөхцөл шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан нь шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон хариуцагч төлбөрийг иргэн Т.Д, С.П нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хэмжээгээр төлж байсан үйл баримтаар тогтоогддог. Хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн бүхий л төлбөр нь иргэн Т.Дтэй байгуулсан гэрээний шууд үр дагавар байсан тул уг төлбөрүүдийг цаг хугацааны хувьд ч, үнийн дүнгийн хувьд ч аливаа нэгэн ашиг, үр шим хүртээгүй байдлаар Т.Дт төлсөн байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаандаа төлбөрийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс нэгэнт бусдын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу төлсөн төлбөрөө өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн. Хариуцагчийн буруутай ажиллагаанаас өөрийн эрх ноцтой зөрчигдөж эд хөрөнгөд хохирол учирсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсныг шүүх нягтлан үзээгүйгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүү 12 480 000 төгрөг” буюу зээлийн гэрээний үүрэг шаардаж байна гэж үзээд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн холбогдох хэсгийг үндэслэж хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас төлбөр шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн үндэслэлийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг зөв олж хараагүйгээс Иргэний хуулийн зээлийн харилцааг зохицуулсан зүйл, заалтын хүрээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх зохицуулалт талуудын хооронд үүссэн харилцаа, хэрэг маргааны үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ба хариуцагчийн зүгээс үгүйсгэн мэтгэлцээгүй болно. Ийнхүү анхан шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний дээр эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй алдаа гаргасан нь хуульд үндэслэсэн шүүхийн шийдвэр гэж үзэхээргүй байна.

Хоёр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар: Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр үнэлж чадаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасан гэж үзнэ. Иргэд хоорондоо үйлдсэн орлогын ордерийг шүүх хуралдааны өмнө эх хувиар нь гаргаж өгсөн. Шүүх эх хувиараа уг баримтуудыг ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гээд үнэлээгүй. Хуульд “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн аль шаардлагыг хангахгүй байгаа талаар заагаагүй, үндэслэл дурьдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийг зохих ёсны хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан байна. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хууль зүйн хувьд бүхэлд нь хангасан байсан учраас шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх ашигласан хэрнээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг гүйцэт шинжлэн судлаагүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээ 2017.03.17-нд байгуулагдсан байдаг боловч 2017.03.16-ны өдөр П гэдэг хүнд 2600000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Төрлийн шинжийг тодорхойлох эд хөрөнгө шилжсэн юм бол 12500000 төгрөгөөс П анхан шатны шүүх хуралдаан дээр ажлын хөлс гэж хэлж авдаг. Үнэхээр 2600000 төгрөгөө авсанаа хүлээн зөвшөөрч байгаа юм бол 12500000 төгрөгөн дээр зээлийн гэрээ байгуулагддаг. Энэ нь 3.3%-ийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан юм бол бидний нийт авсан 12500000 төгрөгөн дээр нэмээд 3000000 төгрөг, түүний хүү 3,3%-ийн хүү нийтдээ 17 сая төгрөгийг төлөх нөхцөл байдал үүсэх байсан. Гэтэл шүүх 15000000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үздэг. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэл муутай юм болов уу гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа  Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасныг харахаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу бусдын өмнөөс төлбөр төлөх асуудал байдаг. Энэ нь хэн нэгэн субъектийн данс руу санаатай буюу санамсаргүй мөнгө шилжүүлж эрх зүйн харилцаанд оролцоогүй 2 субъект хэн хэндээ мөнгө шилжүүлсэн асуудал байх юм бол энэ талаар зохицуулах хуулийн зохицуулалт болохоос биш ингээд нэгэнт эрх зүйн харилцаа үүсээд зээлийн гэрээ байгуулагдсан энэ асуудлыг зохицуулах хуулийн зохицуулалт биш гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Б.Дд холбогдуулж зээл 15000000 төгрөг, түүний хүүнд төлсөн хохиролд 9600000 төгрөг буюу нийт 24600000 төгрөг, мөн зээл 3000000 төгрөг, түүний хүүгийн төлбөрийг төлсөн хохирол 2880000 төгрөг буюу нийт 5880000 төгрөг, бүгд 30480000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ Т.Дтэй 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт №1, 2, 3, хариуцагч Б.Дгаас үйлдсэн мөнгө зээлсэн тухай баримт зэрэг нотлох баримтанд үндэслэжээ.

            Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нийт 13754000 төгрөг төлсөн, үндсэн зээл 15000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийг хаасан гэх 2600000 төгрөгийг зээлээс хасч тооцох, улмаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлд 15000000 төгрөгийг биш 5002500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, иргэн Д, С.П нарын зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй учир хүү, хохирол төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 5002500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал “... Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр хариуцагчаас хохирол шаардаж нэхэмжлэлийн үндэслэлийг гаргасан байхад ... хууль буруу хэрэглэсэн. ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр үнэлж чадаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүхээс гомдлыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15000000 төгрөгийг, 1 сард 3,3 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэх тухай зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөгийг, 1 сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх тухай зээлийн гэрээг амаар байгуулсан, уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:

1. Хариуцагч Б.Д нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч С.Паас 15000000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай /гэрээнд “... сар бүрийн буюу 4/17, 5/17, 6/17, 7/17 нд хүүг төлж 8/17-нд үндсэн зээлийг төлж дуусгана.” гэж тусгагдсан/, зээлэх хүсэл зоригоо бичгээр илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн авч 15000000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн, талууд энэ талаар маргаагүй тул талуудыг уг 15000000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасны дагуу хариуцагчаас хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагчийн энэхүү үүргийг тооцвол 15000000 төгрөгийн 3,3 хувь нь 495000 төгрөг болох ба 5 сарын хүү 2475000 төгрөг, зээл 15000000 төгрөгийг нэмбэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 17475000 төгрөг төлөх үүрэгтэй.

2. Анхан шатны шүүх дээрх гэрээний талаар дүгнэхдээ зээлийн хэмжээг 14900000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “... шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил  төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг ... буцаан өгөх үүргийг  ... хүлээнэ” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нэхэмжлэгч БИД ББСБ-аас зээлсэн  15000000 төгрөгөөс үйлчилгээний хураамж 100000 төгрөгийг хассаныг суутган нийт 14900000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, уг хураамжид суутган авсан 100000 төгрөгийн талаар талууд маргаагүй байгааг анхаараагүй байна.

Мөн хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчид С.Пы ББСБ-аас урд авсан зээлийг хаах зорилгоор түүнд шилжүүлсэн 2600000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулахаар маргасан байх боловч  хариуцагч уг 2600000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлж гүйлгээ хийсэн /хх40-41/, харин нэхэмжлэгч зээлд нийт 14900000 төгрөгийг хариуцагчид 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн /хх-50/-ээс  үзэхэд уг 2600000 төгрөгийг зээлийн мөнгөнөөс суутган авсан буюу зээлд 12300000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, улмаар энэ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй болох нь тогтоогджээ.

Иймд зээлийн гэрээний үндсэн үүргийг 15000000 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            3. Харин талууд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн гэх 3000000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэгч гэрээ ёсоор тохиролцсон хүүг авах эрхээ алджээ.

            4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...Дд зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар 10 дугаар сар болсон. ... Хариуцагч Д нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын хүртэлх 5 сарын хүүг төлсөн ба түүнээс хойш төлөлт хийхгүй байсаар 6 дугаар сард 1 сая төгрөг, 8 дугаар сард 2 сая төгрөгийг төлсөн.” гэсэн тайлбар, хариуцагч Б.Дгийн “... 7 сарын төлөлт болох 3854000 төгрөг, ... 2016 оны 10 дугаар сарын 17-ноос эхлэн хүүнд өөрчлөлт орж 7 хувийн хүүтэй болсон. ... 5 сар буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ныг дуустал 5250000 төгрөг, мөн оны 6 дугаар сард 1050000 төгрөг, 8 дугаар сард 2000000 төгрөг, нийтдээ 11884000 төгрөгийн төлөлт хийсэн. 2016 оны 07 дугаар сарын 26-нд дахин хүсэлт тавьж ... 3000000 төгрөгийг зээлж 2017 оны 03 дугаар сарын 26-ныг дуустал нийтдээ 1920000 төгрөг,... нийт 13754000 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбар, хариуцагч Б.Дгийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25-33/ зэрэг баримтуудаас үзэхэд  хариуцагчийн нэхэмжлэгчид гэрээний үүрэг төлсөн мөнгөн дүн зөрүүтэй байгаа хэдий ч хариуцагчийн тайлбарт дурдсанаар 13754000 төгрөгийн үүргийг хариуцагч Б.Д биелүүлсэн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул энэ дүнгээр тооцох үндэслэлтэй.

            Харин анхан шатны шүүх хариуцагч Б.Дгийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн тайлбарт дурдсан зөвхөн “... 5250000 төгрөг төлсөн... ” гэснийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт нийт 14772000 /17372000-2600000/ төгрөг төлсөн /шийдвэрт 17372000 гэж бичсэн/ гэж дүгнэсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй зөрүүтэйн гадна энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэж үзэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан гэрээний үүрэгт нийт 20956500 төгрөг төлсөн тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            5. Дээр дурдсанаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч С.П нь хариуцагч Б.Дгаас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт зээл 15000000 төгрөг, хүү 2475000 төгрөг, нийт 17475000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3000000 төгрөг, нийт 20475000 төгрөг шаардах эрхтэй ба үүнээс хариуцагчийн төлсөн нийт 13754000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч Б.Д нь дээрх гэрээнүүдийн үүрэгт  нэхэмжлэгчид нийт 6721000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

                       6. Түүнчлэн хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч С.Пы урд авсан зээлд 2600000 төгрөгийг төлж зээлийг хаасан талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь уг мөнгийг ажлын хөлсөнд тооцож авсан гэж маргасан нь ойлгомжгүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлс төлөх үүрэг үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүйгээс энэхүү тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.

            Улмаар хариуцагч Б.Д нь уг 2600000 төгрөгийг үндсэн зээл 15000000 төгрөгөөс хасч тооцуулахаар хүсэлт тайлбар гаргасан нь үндэслэлгүй хэдий ч хариуцагч нь уг 2600000 төгрөгийг нэхэмжлэгч С.Пы өмнөөс түүний ББСБ-д байсан зээлийн үлдэгдлийг хаасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасныг үндэслэвэл хариуцагч уг 2600000 төгрөгийг нэхэмжлэгчээс дээрх хуульд заасны дагуу шаардах эрхтэй.

            7. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож дуусгавар болгож болно” гэж заасны дагуу хариуцагч Б.Дгийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих нийт 6721000 төгрөгөөс уг 2600000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй ба ийнхүү хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчид нийт 4121000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

            Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  5002500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх тухай зарчимд нийцжээ.

            8. С.П нэхэмжлэлийн шаардлагадаа зээл 15000000 төгрөг болон 3000000 төгрөгийг иргэн Т.Дээс өөрийн нэрээр зээлж хариуцагч Б.Дд өгсөн тул Т.Дт төлсөн хүү 9600000 төгрөг, 2880000 төгрөгийг хохирол гэж үзэн хариуцагчаас нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг үндэслэж гэм хор учруулсанаас үүссэн хохирол гэж мэтгэлцсэн байх ба нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд дээрх хохирол нэхэмжилсэн шаардлагын үндэслэл нь гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамааралгүй, зээлийн гэрээний харилцаанаас үүссэн хохирол нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас буюу Т.Дтэй бичгээр байгуулсан зээлийн гэрээ /хх5-12/ болон кассын орлогын ордер баримтууд /хх51-54/ нь нэхэмжлэгчийг иргэн Т.Дээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3000000 төгрөг зээлж гэрээг 3 удаа сунгасан, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15000000 төгрөгийг зээлсэн, гэрээг сунгасан, зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлсөн болохыг нотолсон байх ба харин хариуцагч зэээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг эдгээр баримтууд нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн иргэн Т.Дтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хариуцагч Б.Д ямар хамааралтай болох, улмаар Т.Дээс мөнгө зээлж хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэсэнд үндэслэсэн гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүйн гадна хариуцагч Б.Д зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй хэдий ч үүний улмаас  нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шүүхэд нотлоогүй байна гэж үзэв.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2018/00246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч С.Паас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 285400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                      Н.БАТЧИМЭГ