Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/02593

 

 

 

 

 

 

 

 

 

2020          09             14                                                 102/ШШ2020/02593

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: СБД, 0 дүгээр хороо, Н з-00, 000 тоотод оршин байрлах “Э” ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, Ж х Д гудамжны 00 байр 00 тоотод оршин суух Б овогт Х-ийн Х /РД: АА00000000/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,933,316 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х нь Э ХХК-аас нийт 5,863,050 төгрөгийн эм, бараа авсанаас 1,933,316 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй өдийг хүрлээ. Төлбөр төлөлтийг шаардахад төлнө гэдэг ба төлбөр барагдуулах талаар бодитой үйлдэл хийдэггүй, холбоо барихаас татгалздаг. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Х.Х нь 1,933,316 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Х.Х-аас 1,933,316 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Х.Х-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,933,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Х.Х-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 25 удаагийн нийлүүлэлтээр нийт 5,863,050 төгрөгийн эм, бүтээгдэхүүн нийлүүлэх, Х.Х нь нийлүүлсэн барааны үнийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Х.Х-д 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд эм нийлүүлсэн, хариуцагч Х.Х нь 3,929,735 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,933,315 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, Х.Х-аас “Э” ХХК-нд гаргасан “Х миний “Э” ХХК-д 1,933,616 төгрөгийн эм, барааны өр төлбөртэй нь үнэн болно. “Э” ХХК-нд эм барааны төлбөрөө 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно” гэх хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-6-7/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Х.Хаас 1,933,616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Х нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, шүүхэд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч Х.Х-д 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Х.Х-аас 1,933,316 /нэг сая есөн зуун гучин гурван мянга гурван зуун арван зургаа/ төгрөг гаргуулж хариуцагч “Э” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,899 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 45,899 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ