Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

       2024          01           29                                    2024/ШЦТ/83    

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 230500000******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 31-ни өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ашигт малтмал эрэл хайгуул мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, 20-140 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.******* нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах зам дээр хохирогч Б.*******тай "машин зам чөлөөлсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ:  “...Тухайн өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явж байсан. Бага хүүхдээ эмнэлэгт хүргэж өгөх гээд явж байгаад 3-р эмнэлгийн туслах зам руу орох гэтэл автобус жижиг машин хоёр мөргөлдсөн байсан. Тэгээд гарах гарцгүй байсан баахан хүмүүс байсан тойроод гар гэсэн гарах үгүй нь тодорхойгүй байсан. Замаа чөлөөлөх гэх үед би завгүй байсан. Намайг түлхсэн тэгээд зодоон болсон... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Би Сутайн буянт компанид Ч:46 чиглэлд автобусны жолоочоор ажилладаг. Би вокзалаас гараад 10-р хорооллоос 3-р эмнэлгийн автобусны буудал руугаа орох гэтэл туслах замаар нэг машин орж ирээд хамраа мөргүүлсэн. Одоо яах вэ гэхэд тухайн машины жолооч нь чи нэгдүгээр эгнээ наадхыг чинь арилгах мөнгийг нь өгье гэсэн. Би зургийг дарах гээд явж байсан чинь, зайлаач гээд тэр хүнд хамааралгүй асуудлаар орж ирсэн. Би нэгдүгээр эгнээний замыг хаасан байсан бол боломжтой байсан. Нэгдүгээр эгнээнд явж байхад шахаж орж ирсэн машины жолооч буруугаа хүлээсэн, будагны мөнгийг өгөх гээд АТМ яваад ирье гэх зуур тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сутайн буян ХХК-н жолоочоор ажиллаж автобусны чиглэл 446, Улаанчулуут вокзалын автобусыг барьж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05 цаг 20 минутад бааз дээрээ ирээд 06 цаг 40 минутад вокзалын автобусны буудал дээрээс хүнээ аваад явсан. Өдөр 12 цагийн үед вокзалаас хөдлөөд 10-р хороолол өнгөрөөд 3-р эмнэлэгийн зүүн талд зам дээр явж байтал автобусны хажуу талаас нэг машин мөргөчихсөн. Тэгээд автобусаа зогсоогоод араас мөргөсөн жолоочтойгоо зам дээр тохиролцож байтал хажуугаар хар өнгийн приус маркийн 2611УАС улсын дугаартай тээврийн хэрэгслтийн жолооч залуу цонхоо буулгаснаа зайл гөлөг минь гэж хараагаад байхаар нь чамд ямар хамаатай юм гэхэд машинаасаа бууж ирээд миний цамцнаас заамдаад намайг түлхээд миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөр рүү нь цохисон. Дараа нь тухайн залуу миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би харсан газар руугаа /цээж хэсэг рүү/ 2-3 удаа цохисон. Хүмүүс ирээд бид 2-ыг салгаад би цагдаа дуудсан. Тухайн залуу явах гээд байхаар нь би машиных нь урд зогсож байгаад 1-р эгнээнд автобусаа зогсооцон байсан болохоор машинаа чөлөөлөх хооронд нөгөө залуу явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1. Б.ГАНБАЯР-н биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах зам дээр хохирогч Б.*******тай "машин зам чөлөөлсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд эхлээд авто тээврийн хэрэгсэл осол гарсан байсан. Машинууд тойрч гарч байгаад хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Гэмт хэргийн гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байна. Осол гарсан ч гэсэн замаа чөлөөлж зогссон бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч А.******* нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах зам дээр хохирогч Б.*******тай "машин зам чөлөөлсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Б.*******ын өгсөн: “...вокзалаас хөдлөөд 10-р хороолол өнгөрөөд 3-р эмнэлэгийн зүүн талд зам дээр явж байтал автобусны хажуу талаас нэг машин мөргөчихсөн. Тэгээд автобусаа зогсоогоод араас мөргөсөн жолоочтойгоо зам дээр тохиролцож байтал хажуугаар хар өнгийн приус маркийн 26-11 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслтийн жолооч залуу цонхоо буулгаснаа зайл гөлөг минь гэж хараагаад байхаар нь чамд ямар хамаатай юм гэхэд машинаасаа бууж ирээд миний цамцнаас заамдаад намайг түлхээд миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөр рүү нь цохисон. Дараа нь тухайн залуу миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би харсан газар руугаа /цээж хэсэг рүү/ 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1. Б.ГАНБАЯР-н биед 1 шүдний хугарал, 2 шүдний сулрал, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэргийн 31, 33 дугаар талд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 49,600 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогочид 50,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.******* нь шүүх хуралдаанд цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлсөн, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг тул 450 нэгжээр торгох ял оногдуулж,  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж хохирлыг төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.******* нь нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ