| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0801/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Насанбатын Баасанбатад холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ /нийслэл/, шүүгдэгч Н.Баасанбат, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан технологийн их сургуульд 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуур 6 гудамж 77 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 714 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Насанбатын Баасанбат (РД:УШ97041139),
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Баасанбатаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...мөрдөн шалгах ажиллагааны болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэлд байсан өвсийг би өөрөө хэрэглэх гэж, найзынхаа найзаас авсан байсан бөгөөд минийх биш. Тухайн өвсийг хэрэглэхээр илүү мэдрэмж мэдрэгддэг. Тухайн өвс байсан автомашиныг зээлээр худалдан авсан байсан. Барьцаанд байгаа. зээл нь төлөгдөж дуусаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хийсэн гэмт үйлдэл намайг энэ танхимд зогсоход хүргэсэнд харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн .............. дугаартай хэргээс:
1. “...Мансуурсан байж магадгүй хоёр эрэгтэй, нэг эмэгтэй саатуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, илтгэх хуудас (хэргийн 9 дэх тал),
2. 97-42 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Үзлэгээр: “...тээврийн хэрэгслийн жолоочийн урд талын хайрцаг нээхэд дээд тавцан дээр шар цаасанд боодолтой зүйл, шүдэнз, доод тавиур дээр цэнхэр хэтэвч, улаан даавуунд боолттой зүйл, тугалган цаасанд битүү боосон 20 см орчим урт зүйл байна. Тээврийн хэрэгслийн арын суудал дээр хар өнгийн арьсан цүнх цахилгаан задарсан байдалтай байх ба дотор нь саарал өнгийн кошлак цухуйж Цүнхэнд хэрэгт ач холбогдолтой сэжигтэй зүйл илрээгүй. Үзлэгийг үргэлжлүүлж багажийг онгойлгоход эрээн өнгийн хучлагаар хучсан байх ба хучлагыг сөхөхөд хатуу цаасан хайрцаг, саарал дипломат гар цүнх, хар цагаан төрөл бүрийн гялгар тортой зүйлс байна. Саарал дипломат гар цүнхийг нээхэд хар, ногоон, цагаан, улаан дугуй хасаанууд өрж, дээр нь улаан артай хөзөр тавьсан байх ба цаасан хайрцагны нэг буланд үл мэдэгдэх ургамлын нунтаг үлдэгдэл зэрэг илэрснийг гэрэл зургаар бэхжүүлэн түр хураан авав” гэсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, (хэргийн 11, 12-13 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хэргийн 16 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхцэцэгийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байрны 42 тоотод ээжийнхээ хамт оршин суудаг юм. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз залуу Баасанбатын хамт гадуур эмнэлгээр явж байгаад орой түүний найз Баттөгс гэх залуутай уулзахаар болсон. Би Баттөгсийг нь танихгүй өмнө нь сонсож байсан хэдий ч царай төрхийг нь харж байгаагүй, өчигдөр анх удаа харсан. Ингээд орой нь 18-19 цагийн орчимд манай найз залуу Баттөгс гэх найзыгаа хорооллоос гэрийнх нь гаднаас очиж авсан. Баттөгсийг гэрийнх нь гаднаас очиж авахад Баттөгс, Баасанбат, бид гурав Баасанбатын дүү Номинг гэрт нь хүргэж өгөхөөр болсон.
Ингээд Баттөгс, Баасанбат, бид гурав Баасанбатын цагаан өнгийн 97-42 УНТ улсын дугаартай, Тоёота приус 30 загварын машинтай явж, баруун 4 замын тэнд байдаг Жем паласын автобусны буудал дээрээс дүү Номинг нь аваад Буянт-Ухаа 2 хороололд гэрт нь хүргэж өгсөн. Номинг буулгачихаад өөр газар очоод, манай найз залуу Баасанбат надад 3 ширхэг улаан өнгөтэй эм гаргаж ирээд нэгийг Баттөгсөд өгөөд, надад нэг талыг нь өгөөд, өөрөө 1 бүтнийг ууж хэрэглэсэн. Тэгэхдээ “энэ эмийг уугаад дуу сонсоод явахаар гоё мэдрэмж төрдөг” гэхээр нь би тухайн эмийг уусан.
Тэгээд машин дотор сууж байтал би бие засах шаардлагатай болж тухайн газраас хөдлөн Архивын ерөнхий газрын урд байдаг “Си Юу” дэлгүүрийн ариун цэврийн өрөө рүү орсон. Тухайн газар бие засаж гарч ирээд Баасанбатын машинд суусан бөгөөд машин дотор орж суухдаа согтуу хүн шиг сонин болж, хөлөө мэдрэхгүй, өвдөг хавиар сонин мэдрэмж төрж, хөлөө зөөж чадахгүй, юу болоод байгааг мэдэхгүй, сонин болж эхэлсэн.
Хүний ярьж байгаа зүйлийг ч ойлгохгүй, юм ярих гэхээр ярьж чадахгүй, юу болоод байгааг мэдээд байгаа юм шиг хэр нь, юу болоод байгааг ойлгохгүй, юм харж байгаа хэр нь, юу болоод байгааг ойлгохгүй сонин байгаад байсан. Түүнээс хойш юу болсон гэдгийг бол сайн санахгүй байна.
Би Баасанбатын машины урд талын зорчигчийн суудал суусан бөгөөд суудлаасаа өндийж чадахгүй, хөдөлж чадахгүй болсон. Тэр хоёр хоорондоо юм яриад яваад байх шиг байсан. Тэр ярьж байгаа яриаг нь би ойлгохгүй байсан. Миний чихэнд дуунаас өөр зүйл сонсогдохгүй, чанга яригчийн голд ороод суучихсан юм шиг сонин мэдрэмж төрөөд байсан. Энийг үгээр тайлбарлаж хэлж чадахгүй байна. Юу гэдэг нэртэй эм байсан талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан миний харснаар улаан өнгийн капсултай эм байсан.
Хайрцаг сав баглаа боодол гэх зүйл бол байгаагүй. Тухайн эмийн зориулалтын талаар мэдэхгүй байна. Надад хаанаас, хэзээ, хэрхэн авсан талаараа юу ч хэлээгүй. Тэр эмийг гаднаас нь харахад зүгээр л нэг эм шиг байсан. Би урьд өмнө нь огт иймэрхүү зүйл хэрэглэж үзэж байгаагүй. Кино дээрээс л харж байсан. Баасанбатыг хэрэглэж байсан эсэх талаар нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24-25 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баттөгсийн гэрчээр өгсөн:
“...Өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр намайг хороололд гэртээ байж байтал багын найз Баасанбат над руу 19 цагийн орчимд өөрийнхөө 99058489 дугаарын утсаар ярьсан бөгөөд “гэрийн чинь гадаа байна гараад ир, хамт нисэх орчхоод ирье" гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очтол Баасанбат найз охин нь гэж байсан Энхцэцэг гэх охины хамт өөрийнхөө Тоёота приус 30 загварын машинтай явж байсан. Машиных нь улсын дугаарыг санахгүй байна. Ингээд машинд суутал Баасанбат нэг эм гаргаж ирээд надад нэг ширхгийг өгч, нэгийг Энхцэцэг гэх охинд өгөөд, нэгийг нь өөрөө аваад бид хоёрт залгичих гэж хэлээд түүнийг нь бид гурав залгичихсан. Тэгээд манай гэрийн гаднаас хөдлөөд баруун 4 замын тэнд байдаг Жем Молл билүү палас ч билүү нэг худалдааны төвийн гаднаас Баасанбатын дүү гээд охин дүүг нь аваад 20 цагийн орчимд Буянт-Ухаа-2 хороололд хүргэж өгсөн.
Түүний дараа Баасанбат “жоохон өвс байна, хоёулаа сорьё” гээд хөдөлж Чингисийн хүрээ амралтаас баруун тийш нэг уулын дээр овоон дээр очсон, улмаар Баасанбатад байсан өвсийг Баасанбат бид хоёр хувааж хэрэглэсэн. Ингээд өвс татчихаад эргээд хот руу орох гээд явж байтал цагдаа зогсоогоод шалгаж дуудлага өгсөн.
Залгисан эм нь декстрометорфан гэсэн нэртэй, улаан өнгийн капсултай эм байсан. Хайрцаг савлагаа гэх зүйл байгаагүй. Баасанбат хаанаас гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Би Баасанбатын машины арын суудал дээр сууж байсан ба Баасанбат ардаасаа гутлын хайрцаг байгаа тэрийг аваад өгдөө гэсэн. Тэгэхээр нь тэрийг нь аваад өгтөл дотор нь “Мариухан” гэж нэрлэдэг, байгальд ургадаг мансууруулах үйлчилгээтэй хатааж нунтагласан хогтой жоохон өвс байсан. Улмаар түүнийг нь Баасанбат бид хоёр усны сав цоолж байгаад түүнийг шатааж утааг нь сорж хэрэглэсэн. Хэрэглэсэн усны сав, тугалган цаас зэрэг зүйлсийг тэнд нь хаячихсан. Одоо тухайн газраа яг хаана гэдгийг нь хэлж, зааж мэдэхгүй байна. Хэмжээг нь хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хог, мөчиртэй маш жоохон байсан. Бор өнгөтэй, пүүзний цаасан хайрцаг байсан” гэдэг.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33-34 дэх тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Долгормаагийн гэрчээр өгсөн:
“...Миний хүү Баасанбат нь 1997 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод Эх нялхсын эмнэлэгт төрсөн. 2002-2004 онд Баянгол дүүргийн 86 дугаар цэцэрлэгт хүмүүжээд, 2004-214 онд Оюуны Ундраа 96 дугаар цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд механизм инженерийн ангид элсээд 2016 онд сургуулиасаа чөлөө аваад, 2017 онд ШУТИС-д Мэдээллийн системийн ангид элсэж суралцаад 2 дугаар курсээсээ жилийн чөлөө авсан.
Тэр хооронд Наран плазад үйл ажиллагаа явуулдаг “Нью-Йорк” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Одоо өөрийнхөө машинаар түгээлт хийдэг. Багадаа их дөлгөөхөн, цайлган, цовоо сэргэлэн хүүхэд байсан. 1-5 дугаар анги хүртлээ онц сурч математик, монгол хэлний олимпиадад ордог байсан. 5-10 дугаар анги хүртлээ хөл бөмбөгийн дугуйланд яваад, тэмцээн уралдаанд их ордог байсан. Одоо цагаар түгээлтийн ажил хийж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Хүү маань 2 дүүгээ сургуулиас нь авах, хоол унд хийх, дүү нараа тоглуулах зэрэг дүү нартаа халамжтай байдаг. Миний хажууд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис огт хэрэглэдэггүй. Энэ төрлийн асуудлаар өмнө нэг удаа шалгагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал),
6. “ХУДЦХ-2 231001122 дугаартай хэргийн хураагдсан ууттай ууттай ургамал” гэж хаягласан тунгалаг гялгар ууттай, 0.220 грамм жинтэй ургамал мэт зүйлийг хураан авсныг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хэргийн 43 дахь тал),
7. Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 414 тоот шинжээчдийн дүгнэлт:
1. Н.Баасанбат нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
Н.Баасанбат нь хэрэгт холбогдох үедээ сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байсан байна.
2. Н.Баасанбат нь сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна.
3. Н.Баасанбат нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.Баасанбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэсэн дүгнэлт (хэргийн 66-67 дахь тал ),
8. Нийслэлийн шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 2302 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “ХУДЦХ-2 231001122 дугаартай хэргийн хураагдсан ууттай ууттай ургамал” гэх хаягласан 0.220 грамм ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.
3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.
Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжээчид тавьсан 2, 3, 4, 7 дугаартай асуултууд шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 58-59, 60 дахь тал),
9. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4019 дугаартай:
1. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Энхмандахын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2302 дугаартай дүгнэлтийн үр дүнтэй тохирч байна.
2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГ, МШХ, м/ч, а/д Б.Жаргал, 231001120 дугаартай хэрэг 0,220 гр өвс” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлээс Делта 9-тетрагидроканнабинол /Delta9- Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.
4.5. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,9590 грамм, цэвэр жин нь 0,1421 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,1157 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 70-71, 72 дахь тал)
10. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1530 дугаартай Тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 137 дахь тал/
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Баасанбатын яллагдагчаар өгсөн:
“...Би өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр найз охин Энхцэцэгийн хамт гадуур эмнэлгээр явж байгаад орой дүүгээ гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Ингэхдээ багын найз Баттөгстэй “хамт явъя ойрд уулзаагүй юм чинь уулзъя” гэж бодоод түүн рүү 19 цагийн орчимд залгаж яриад гэрийнх нь гаднаас очиж авсан.
Ингээд Баттөгс, Энхцэцэг, бид гурав баруун 4 замын тэнд байдаг Жем паласын автобусны буудал дээрээс манай дүүг аваад, Буянт-Ухаа 2 хороололд хүргэж өгсөн. Дүүгээ буулгачхаад өөрт байсан 3 ширхэг “декстрометрофан” гэх эмийг гаргаж ирээд нэгийг Баттөгсөд өгөөд, нэг талыг Энхцэцэгт өгөөд, би өөрөө 1 бүтэн, нэг талыг нь аваад бид гурав тэрийг залгисан. Ингээд тухайн газраас хөдөлж Чингисийн хүрээгийн баруун талын уулын орой дээр гарч Баттөгстэй хамт надад байсан жоохон өвсийг хэрэглэсэн. Улмаар тухайн газар цаг орчим байж байгаад хөдөлж, эргээд хот орох санаатай явж байгаад цагдаад баригдсан.
Баттөгс, Энхцэцэг бид гурвын залгисан гэх эм нь Декстрометорфан гэсэн нэртэй, улаан өнгийн капсултай эм байсан. Хайрцаг сав баглаа боодол гэх зүйл бол байгаагүй. Тухайн эмийн зориулалтын талаар бол мэдэхгүй байна. Тухайн эмийг хэзээ авсан гэдгээ сайн санахгүй байна. Тухайн эмийг нэгдүгээр хороололд байдаг нэг хүнээс танилаар нь дамжуулж авч байсан.
Баттөгс бид хоёрын хэрэглэсэн өвс нь марихуана гэж нэрлэдэг байгальд ургадаг мансууруулах үйлчилгээтэй ургамал байсан. Тэрхүү ургамал нь хатааж нунтагласан хог шороотой, жоохон өвс байсан. Түүнийг Баттөгс, бид хоёр усны сав цоолж байгаад шатааж, утааг нь сорж хэрэглэсэн. Хэрэглэсэн усны сав, тугалган цаас зүйлсийг тэнд нь хаячихсан. Одоо тухайн газраа яг хаана гэдгийг нь хэлж, зааж мэдэхгүй байна.
Хэмжээг нь жинлэж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Шүдэнзний хайрцгийн хэмжээтэй жоохон өвс байсан. Ямар ч байсан хог, шороо, мөчиртэй маш жоохон байсан. Энхцэцэг тэр өвснөөс татаагүй, Баттөгс бид хоёр л хэрэглэсэн. Тэр өвсийг өнгөрсөн долоо хоногт Балдан гээд нэг танилтайгаа таараад жоохон өвс гуйгаад авч байсан юм.
Одоо надад Балдангийн утасны дугаар, гэрийн хаяг гэх зүйл нь бол байхгүй. Анх Балдангаас авахад чийгтэй юм шиг байхаар нь кетний бор өнгийн цаасан хайрцагт хийгээд хатаах гэж байсан ба өөрийн 97-42 УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийнхээ тээшний хэсэгт хийчихсэн авч явж байсан.
Энхцэцэг, Баттөгс, бид 3 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн. Декстра гэх нэртэй мансууруулах үйлчилгээтэй ханиадны эм 1, 1 ширхгийг Баттөгс, Энхцэцэг бид 3 ууж хэрэглэсэн. Тус эмийг Баяраа гэдэг эрэгтэйгээс авсан одоо тэрэнтэй хэрхэн яаж холбогдох талаар мэдэхгүй байна. Би өмнө нь мөс, өвс, комикс, Ди Экс Эм зэрэг мансууруулах бодис хэрэглэж үзэж байсан.
Би 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед эхнэр Энхцэцэг, найз Баттөгс нарын хамт төрсөн дүү Номинг Буянт-Ухаа 2 хороололд хүргэж өгсөн. Тэгээд Чингисийн хүрээний тэнд байх овоонд гарч жаахан байсан өвснөөс Баттөгстэй хамт хэрэглэсэн, эхнэр маань энэ талаар мэдээгүй. Тухайн өвсийг би баригдахаасаа 7 хоногийн өмнө ганцаараа явж байгаад үл таних хүнээс тамхи асуусан чинь надад өгсөн юм. Тэр хүнийг одоо би мэдэхгүй, маск зүүсэн эрэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18-19, 21-22, 93-94 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хэргийн 99, 103 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 100 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 104 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 105 дахь тал), урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 146 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 159-166 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 167-174 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шүүгдэгч Н.Баасанбатын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж Үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Монгол улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дахь заалтад зааснаар “донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсын хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж тодорхойлон заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эсхүл эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол улсын нутаг дэвгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, орон байр, тээврийн хэрэгсэл, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.
Шүүгдэгч Н.Баасанбат нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн 254 дүгээр постын орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.1421 грамм цэвэр жинтэй тетрогидроканнабинолын /Delta-9 Tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн эзэмшлийн 97-42 УНТ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч Н.Баасанбат нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан болон худалдан борлуулах зорилгогүйгээр өөрөө хэрэглэсэн үйл баримтад маргаагүй байна.
Нийслэлийн прокуророос Н.Баасанбатын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн 254 дүгээр постын орчим 97-42 УНТ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.1421 грамм цэвэр жинтэй делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Баасанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Баасанбат нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд дээрх тэнссэн хугацаа нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу өршөөлд хамрагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22/46 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэгээ бүхий урьд ял шийтгэгдсэн шалгах хуудас баримт хэргийн 146 дахь талд авагдсан баримттай байна.
Шүүдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгч Н.Баасанбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээний дотор 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримтад миний үйлчлүүлэгч маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарласан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэнийг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдсан “ХУДЦХ-2 231001122 дугаартай хэргийн хураагдсан ууттай ууттай ургамал” гэж хаягласан тунгалаг гялгар ууттай, 0.220 грамм жинтэй ургамал мэт зүйл (хэргийн 43 дахь тал) нь эрүүгийн хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт санал гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.220 грамм жинтэй өвс мэт зүйлийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Н.Баасанбат нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Насанбатын Баасанбатыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Баасанбатад 01/ нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Баасанбатад оногдуулсан 01/ нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан 0.220 грамм жинтэй өвс мэт зүйлийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт Н.Баасанбат нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Баасанбатад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Баасанбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД