| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02967/и |
| Дугаар | 102/ШШ2020/02696 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2020/02696
2020 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2020/02718 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Т-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 385,032 /гурван зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У, хариуцагч Э.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би Э.Тын хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 150,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 7 хоногийн 20,000 төгрөгийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож барьцаагүйгээр зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Э.Тын Хаан банк дахь 000 тоот дансанд нь шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд, гэрээний ард цахим үнэмлэхээ хуулбарлан хавсаргасан. Ингээд зээлийг буцаан авах өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болоход Э.Т мөнгөө өгнө гэх боловч одоог хүртэл өгөхгүй явсаар байна. Мөнгөө өгөхийг сануулахад надад мөнгө байгаа, шилжүүлнэ гээд дансны хуулганыхаа зургийг явуулах боловч өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй, хэлсэндээ хүрэхгүй итгэл эвдсээр байна. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон хэдий ч Э.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, авсан зээл, хүүгээ төлнө гэж олон удаа худал хэлж, итгэлийг минь эвдсээр байгаад гомдолтой байгаа тул зээлдэгч Э.Таас зээлийн үндсэн төлбөр 150,000 төгрөг, хүүний төлбөр 160,000 төгрөг, алданги 75,032 төгрөг, нийт 385,032 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн хүүг гэрээний 4 дүгээр заалтын дагуу 7 хоног бүрээр буюу нэг долоо хоногийн 20,000 төгрөгөөр тооцсон байгаа. Үүнийг хариуцагч өөрөө санал болгосон. Хүү өндөр гэдгийг өөрөө нотлох ёстой... гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Уөөс 7 хоногийн дараа 20,000 төгрөг нэмж өгөхөөр тохирон зээлийн гэрээ хийсэн. Машин лизингээр авах болон даатгал, өөрийн ажлын нэг хэсэг болох вэбсайтын вэбсервер гэх мэт олон зардал байсан тул хугацаанд барагдуулаагүй. Мөн хоёр удаа төлөх гэтэл шийдтэй хариу хэлэлгүй маш өндөр хүүгээр мөнгө нэхэмжилж, 150,000 төгрөг зээлснийг 385,032 төгрөг болгон авахаар нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна. Миний хувьд үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 20,000 төгрөг, алданги 0,5 хувиар тооцвол хоногийн 750 төгрөгийг 36 хоногоор 27,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг, нийт 209,500 төгрөг төлөхөд бол бэлэн байна. Би гэрээ байгуулахдаа 7 хоногийн дараа 170,000 төгрөг төлөхөөр тохирсон. Зээл авсан нь үнэн, буцааж төлөөгүй нь мөн үнэн. Гэтэл нэхэмжлэгч нь хүүгээс хүү тооцоод, 7 хоногийн хугацаатай гэрээ хийчихээд, энэ хугацаанаасаа хэтрүүлж хүү шаардаж байгааг гайхаж байна. Гэрээн дээр 7 хоногийн хугацаа заасан байгаа. Энэ хугацааг хүртэл л хүү тооцох ёстой... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Э.Тт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 160,000 төгрөг, алданги 75,032 төгрөг, нийт 385,032 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүүд 20,000 төгрөг, алданги 27,000 төгрөг, тэмдэгтийн хураамж гэх 12,500 төгрөг, нийт 209,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.
Талууд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдүүлэгч Э.У нь зээлдэгч Э.Тт 150,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаатайгаар зээлдүүлэн, энэ хугацааны зээлийн хүү 20,000 төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээнд тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-4/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байх бөгөөд, зохигчид уг гэрээний гол нөхцлийн талаар болон хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүгийн төлбөрийн талаар зохигчид өөр өөрийн үндэслэл гарган тайлбарлаж маргасан. Тодруулбал:
Нэхэмжлэгч хүүгийн тооцооллыг Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд хугацаа хэтрүүлсэн 7 хоног тутамд 20,000 төгрөгийн хүү төлнө гэж заасны дагуу гэрээгээр тохирсон үндсэн 7 хоногийн хугацаа хэтэрсэн учир энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүү тооцсон нь 160,000 төгрөг болсныг шаардах эрхтэй гэж тайлбарласан бол, хариуцагчийн зүгээс Зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулсан учир энэ хугацааны хүү 20,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд, гэрээний хугацаа дууссанаас хойш хүү төлөх үндэслэлгүй хэмээн тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Талууд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулж, гэрээнд зээлийг буцаан төлөх хугацаа, зээлийн хүүгийн хэмжээг тодорхой заасан буюу гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулж, энэ хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 20,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт зээлдүүлэгчид төлөх үүргийг зээлдэгч Э.Т хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин нэхэмжлэгч Зээлийн гэрээний 4 дүгээр заалтын нөхцлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан учраас гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй хэмээн тайлбарлаж, нийт 160,000 төгрөгийн хүү шаардсан.
Талууд хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулах эрхтэй боловч, энэ нь хуулийн хүрээнд хийгдэх шаардлагатай юм.
Зээлдүүлэгч Э.У нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш бөгөөд, талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн иргэд хоорондын зээлийн гэрээ учир гэрээнд тусгайлан заасан 7 хоногийн хугацааны зээлийн хүү 20,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул зээлийн хүүд илүү шаардсан 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч гэрээний дагуу үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 20,000 төгрөг, нийт 170,000 төгрөг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 29 хоногийн алданги 24,650 төгрөг /нэг хоногийн 0,5% буюу 850 төгрөг/-ийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэн, алдангид илүү шаардсан 50,382 төгрөгийг мөн хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т-аас 194,650 /нэг зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 190,382 /нэг зуун ерэн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА