| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,,,,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч *******ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн үйл баримтад маргах зүйл байхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардал төлбөрт 1.370.000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн. Байнга өөртэй нь ярилцаж, хэрэгтэй эм тариа бусад зүйлийг нь авч өгч байгаа. Баримтаар 153.200 төгрөг болсон. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 1.543.200 төгрөгийг төлж барагдуулна. 2021 оны 5 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрх авснаас хойш тасралтгүй машин жолоодож хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн зам тээврийн осол оройн 21 цагийн үед болсон ба тухайн үед би нөхрийн нэр дээрх машиныг жолоодоод ойролцоогоор 40 орчим км/цаг хурдтай явж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *******гийн өгсөн:
“...Тухайн осол гарах үеийн жолоодож явсан миний эзэмшилд байдаг. Бид хоёр эхнэр, юм. Ослын улмаас хохирсон иргэний эмчилгээний зардал төлбөр, цаашид гарах зардал зэргийг төлж барагдуулна. Машинд эвдрэл гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн *********** дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаар 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн тухай лавлагааны хуудас баримт (хэргийн 4-5 дахь тал),
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 6-11 дэх тал),
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгасан тухай тэмдэглэл (хэргийн 9-13 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:
“...Тухайн үед буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нисэхэд ач нараа хараад орой 20:00 цагийн орчим хүүгийнхээ гэрээс гараад гэр рүүгээ тоот гэр рүүгээ харих гээд 5-н шар-Нисэх гэсэн автобусанд суух гээд Сонсголонгийн тойргийн гүүрний хойд талын явган хүний гарцаар гарах гээд ертөнцийн зүгээр зүүн тийш гараа өргөөд, замаар гарах үед ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан Toyota Prius маркийн машин миний хаашаа яаж мөргөснийг мэдэхгүй байна, ямар ч байсан доошоо хараад зам дээр унасан. Нөгөө мөргөсөн машины жолооч бууж ирээд “яана аа” гээд байсан. Тэгээд мөргөсөн машины жолооч түргэн, цагдаад дуудлага өгсөн. Тэр үед нь манай бэр гүйж гарч ирсэн. 103 ирээд Гэмтлийн эмнэлэг рүү намайг авч явсан. Би зам хөндлөн гарахдаа гарцаар гарсан.
Миний эмчилгээний зардалд нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй байна. Манай хүүхдүүд л тэр мөргөсөн жолоочтой хамт мэдэж байгаа байх. Надад гомдол санал байхгүй ээ. Мөргөсөн жолоочоос байнга л эргэж тойрч байгаа. Эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн байгаа, энэ хүүхдүүд ухаантай хүүхдүүд байна лээ. Нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгээд өгнө биз дээ. Тэгвэл одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16, 18 дахь тал),
5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12077 дугаартай:
1. биед зүүн тавхайн 2,3,4,5-р хурууны улны шивнүүрийн далд хугарал, баруун тохой, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 50-51 дэх тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гантуяагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,543,200 /нэг сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33 дахь тал),
7. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн:
Асуулт 1. Toyoto Prius маркийн улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал хангаж байгаа эсэх:,
Хариулт 1. Toyoto Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байна.
Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар эд ангиуд эвдрэлтэй байгаа эсэх:,
Хариулт 2. Тус үзлэгээр иж бүрдлийн хувьд: Катализатор буюу шүүлтүүр байхгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
Асуулт 3. Учирсан эвдрэл гэмтлүүдийн шинэ, хуучин эсэх аль нь болох:,
Хариулт 3. Дээрх гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
Асуулт 4. Тоормосны ямар системтэй болох, Тоормос бүрэн ажиллаж байсан эсэх,
Хариулт 4. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS-тэй байна. Тоормос хэвийн бүрэн ажиллаж байна.
Асуулт 5. Тоормосны систем нь хий, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх эсэх:,
Хариулт 5. Дээрх тоормосны системүүдийн үед тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч тасалдах байдлаар тоормосны мөр үүснэ.
Асуулт 6. Toyoto Prius маркийн улсын дугаартай тэврийн хэрэгслийн гэрэл нь ойр болон холын гэрлийн тусгал нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх,
Хариулт 6. Уг тээврийн хэрэгслийн зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал, тусгалын чадал ойр ба хол дээрээ тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. /стандарт 10.000-225.000 cd/” гэсэн автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 60-61 дэх тал),
8. Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 25, 34 дэх тал),
9. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 1199 дугаартай:
1. Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
2. Явган зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн Мөрдөгчийн магадлагаа (хэргийн 66 дахь тал),
10. Хохирогч т “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт” танилцуулахад “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” болохыг тодорхойлсон баримт (хэргийн 18 дахь тал),
11. Шүүгдэгч *******ээс хэрэгт хавсаргуулахаар өгсөн хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд нийт 1.372.702 төгрөг зарцуулсан болон тэргэнцэр авч өгсөн зардлын талаарх дансны хуулга, баримтууд (хэргийн 40-46 дахь тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн:
“...Би тухайн өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн *******гийн эзэмшлийн Т.Приус маркийн улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй 45 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд явган хүний гарц руу ойртоод ирэхэд явган зорчигч гарцаар гэнэт гараад ирсэн. Тэр хүн хар хувцастай байсан болохоор, мөн эсрэг урсгалын машины гэрэлд гялбаад надад харагдаагүй.
Би тоормос гишгэж амжилгүй хажуу тийш тойрох гэж дараад машины зүүн талын толь хэсгээр явган зорчигчийг мөргөөд, мөн зүүн урд дугуйгаар хөлөн дээгүүр нь гарсан байсан. Ослын дараа би машинаас буугаад явган зорчигч дээр очоод 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. Би тухайн үед ганцаараа явж байсан.
Би 2021 онд жолооч болоод жолоодох эрхийн В ангилалтай, жолоодох эрх хүчинтэй байгаа. Би хохирогчид нийтдээ 1.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 77 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 34 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 35 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 36 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 45 минутын үед Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 16.1. заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч ийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан,
- уг ослын улмаас явган зорчигчийн биед “...зүүн тавхайн 2,3,4,5-р хурууны улны шивнүүрийн далд хугарал, баруун тохой, зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Хэргийн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээний болон зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасан.
Хэргийн хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ: “...нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” хэмээн мэдүүлж (хэргийн 16, 19 дэх тал), баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд нийт 1.572.702 төгрөгийг, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 153.200 төгрөгийг, нийт 1.725.902 төгрөгийг эмчилгээ, эм тарианы болон бусад зардалд тус тус зарцуулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь зам тээврийн осол хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Иймд шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирогч яаралтай тусламж үйлчилгээний болон эмчилгээ үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.543.200 төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэгч Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын гаргасан нэхэмжлэл нь “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байх тул хохирогчийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.543.200 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 39 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн эмчилгээ үйлчилгээ, эм тарианы зардал зэрэгт баримтаар нийт 1.725.902 /нэг сая долоон зуун хорин таван мянга есөн зуун хоёр/ төгрөг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,
- эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэж, түүний цалин орлого, хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг хүндрүүлж өөрчлөлт оруулсан байх тул “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт *******ээс нийт 1.543.200 төгрөг /нэг сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Оюунчимэг нь учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээ үйлчилгээ зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Оюунчимэг “нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД